Monday, April 20, 2009

А.Думбурай: ТVVХИЙН VНЭНД ГVЙЦЭГДСЭН НЬ

Хятадаас цэргийн тусламж авч Монгол Улсын тусгаар тогтнолыг устгахыг санаархсан тайж Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоосон тухай А.Думбурайн “Түүхийн үнэнд гүйцэгдсэн нь” өгүүллээс үзнэ үү.


А.Думбурай: ТҮҮХИЙН ҮНЭНД ГҮЙЦЭГДСЭН НЬ

Муу хүн сонжооч

Мухар үхэр сэжээч
/Ардын цэцэн үг/

Б.Эрэгдэндагвын “38”-ын хэрэг гэгчийн тухай


1929-1930 -аад онд улс орныг капиталист бус хөгжлийн замаар хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байсны үр дүнд манай нийгмийн анги давхаргын хүчний харьцаанд нэлээд өөрчлөлт оржээ. Феодал ангийг үндсэнд нь хүчээр устгаж, эдийн засгийн хүчин чадлыг нь сулруулан доройтуулсан байв. Өөрөөр хэлбэл МАХН-ын VII, БНМАУ-ын V их хурлуудын шийдвэр хэрэгжиж баруунтныг бутцохих, гадаадын капиталыг шахан зайлуулах, төрийн аппаратыг хуучны феодал түшмэдийн этгээдээс бүрэн цэвэрлэх, намын II шалгалт явуулах, лам нарын талаар дээд, дунд, доод гурван анги болгосон бодлого баримтлах, хутагт хувилгаадыг залах, тодруулах явдлыг болиулах, феодалын хөрөнгийг хураах, албан татварыг ялгавартай тогтоох зэрэг арга хэмжээ хэрэгжиж байв.
Энэ бүхнээс болж хар, шар феодалуудын дотор нам засагт дургүйцэх, шашин бурхнаа хамгаалах, хуучин засаг төрөө хүсэх үзэл бодол төрөх төдийгүй хааяа эсэргүү үйл ажиллагаа гарах болсон юм.
Ийм үед ДХГ тайж Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгчийг илрүүлж цохилт өгсөн түүхтэй ажээ. Тийм ч учраас “МАХН-ын товч түүх” номд: “Намаас хар, шар феодалын эсрэг явуулсан улс төр, эдийн засгийн арга хэмжээ нь ангийн дайсны ширүүн эсэрүүцэлтэй тулгарсан юм. Үүнийг 1929 оны эцэс 1930 оны эхээр гарсан … тайж Эрэгдэндагвын феодал лам нарын хуйвалдаан … гэрчлэх бөгөөд хар, шар феодалын эдгээр эсэргүүцлийг нам засгаас хөдөлмөрчин олон түмний дэмжлэгтэйгээр тухай бүр няцаан дарж байв” /МАХН-ын товч түүх 1985 он 150 дугаар тал/ гэсэн байна. “БНМАУ-ын түүх”-ийн гуравдугаар ботид “Хар, шар феодалууд нам засгийн бодлогыг эсэргүүцэж эхэлсэн юм. 1929-1932 оны үед феодалуудаас өдөөсөн тийм бослого хуйвалдааны түрүүч нь тайж Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хуйвалдаан мөн байв. Энэ эсэргүү бүлгийн толгойлогчид нь хөрөнгөө хураалгасан феодал харгис том лам нар байжээ” гэж тэмдэглэсэн байх юм.
ДХГ “Хятад цэргийн ба засгийн эрх баригчид хийгээд Банчинбогдоос ардын засгийг устгах цэргийн тусламж гуйсан захидал” бичиж харилцан зөвшөөрч түүнийгээ хадгалж байгаад тайж Б.Эрэгдэндагва Хятадад хүргэхээр явж байсан хэрэгт холбогдуулан Боржгид овогтой тайж Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийг 1930 оны 5 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 30 хүртэл хугацаанд дайчлан баривчилжээ. Эдгээрээс Б.Донойжав, Г.Нямжав, Ж.Бүүвэй, Ц.Чойнзон, Г.Наваанжамба, Ц.Маньбадар, Б.Лувсан, Г.Наранжав, Л.Дашдэндэв, Б.Цэнд, Ж.Уртнасан, Т.Аюуш нарын 12 хүнийг 1930 оны 5 дугаар сарын 19-д, Л.Жанцанг 1930 оны 5 дугаар сарын 27-д, Ц.Цэрэнвандуйг 5 дугаар сарын 29-д баривчилж, Б.Эрэгдэндагва, С.Цэрэндорж, Ж.Галсандаш, В.Жамсранжав, Л.Гомбо-Идшин, Д.Ишлодон, Г.Чойжинням, Т.Чадраабал, бурханч Д.Дамдин, Ж.Дандар, эмэгтэй Долгор, Л.Наваан, Л.Түдэв, Д.Шаравжамц, С.Дэмбэрэл, Н.Жигмиддорж, Х.Лувсанцэрэн, Ж.Дамдин, Б.Янжин, Б.Буянт, Д.Ёндон, Ц.Буд, Б.Цогбадрах, Д.Дашдондог нарын 24 хүнд баривчлах ордер, бүх хүнд дайчлан баривчлах болон цагдан хорих тогтоол үйлдэлгүй мөрдөн байцаалтыг явуулсан байна.
Энэ хэргийн этгээздийг ДХГ-ын ажилтан М.Лувсан-Ёндон, Дамба, С.Галиндэв, Жадамбаа, Дорж, Ц.Донров, Батмөнх, Баяр, Баясгалан, Лувсанжамбаа, Дэнсмаа, Бадамжав, Тогоо нар дайчлан баривчилсан бөгөөд сургагч Цэдыпов, Болдаев нар оролцжээ. Эдгээрийг баривчилснаас хойш Намсрай, Болдаев, Н.Цэдыпов, Жадамбаа, С.Галиндэв, Норовжамц, Рэнцэн, Баяр, М.Лувсан-Ёндон, Батмөнх, Дамдинсүрэн нар мөрдөн байцаах ажилд оролцсоны дотор С.Галиндэв, Н.Цэдыпов нар голлон аижлласан байна. Мөрдөн байцаалтыг дуусгаж ДХГ-ын нууц улс төрийн хэлтсийн төлөөлөгч байсан С.Галиндэв ял төлөвлөж, хэлтсийн даргыг орлосон Жадамбаа зөвшөөрч, ерөнхий даргыг орлосон Д.Намсрай, сургагч Болдаев нар баталсан байна.
Энэ ялын төлөвлөгөөгөөр Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээд 1930 оны 3 дугаар сарын эхний үеэс эхлэн тус хот дотор бүлэглэл үүсгэж, Егүзэр-Эрдэнэцагааны зэрэг газарт буюу Өвөр Монгол, Хятад зэрэг улс лугаа харилцаа бүхий хувьсгалын эсэргүү бүлэглэлд оролцсон гэж ял төлөвлөжээ.
Энэ бүлэглэлд Л.Гомбо-Идшин, Б.Эрэгдэндагва, Г.Нямжав, Н.Жигмиддорж, Т.Аюуш, Ц.Цэрэнвандуй нарын феодал, Ц.Маньбадар, Г.Наранжав, Б.Цогбадрах, Т.Чадраабал, Г.Чойжинням, Д.Дашдондог, Б.Цэнд нарын хуучин түшмэд, С.Цэрэндорж, Ж.Галсандаш, В.Жамсранжав, Д.Ишлодон, Л.Дашдэндэв, Г.Наваанжамбаа, Ж.Бүүвэй, Л.Жанцан, С.Дэмбэрэл, Ц.Чойнзон, Б.Лувсан, Д.Дамдин, Д.Ёндон, Д.Шаравжамц, Л.Түдэв, Ж.Дандар, Б.Буд нарын лам, Б.Донойжав /намын гишүүн/, И.Лувсанцэрэн, Л.Наваан, Ж.Дамдин, Долгор /эмэгтэй/, Ж.Уртнасан /эмэгтэй/, Б.Янжин /эмэгтэй/, Б.Буянт /хятад/ нар оролцсон гэж үзжээ.

2 comments:

Хангайхүү said...

turuu ahaa tand ene blog ih hereg boloh baihaa (http://sanakae.blogspot.com/search/label/tips) tanii bichleguud ih goyo shvv bi bainga unshdag

Kina said...

Sain baina uu? Tanii blog odoo bur goyo bolchihson bainashdee hehe Хангайхүү bna oo kk

: