Sunday, April 19, 2009

Эртний хүмүүс яагаад байгалийн хад чулуун дээр адгуус амьтдыг зурж дүрсэлдэг байсан бэ?


Манай орны архео- логийн шинжлэлд нэгэнт хэвшил болсон хадны сүг зураг, хадны зураг сүг гэсэн нэр томъёо нь угтаа монгол- чуудын амийг тээгч сүнс сүлдгүй биеийн дүрсийг нэрлэд- гээс үүдэлтэй хийгээд “сүг” гэдэг үг нь манай ардын дунд сүнс гэсэн үгтэй хоршиж хэлэгддэгээс үзвэл нүүдэлчдийн нэн эртний шүтлэг бишрэл, зан үйлээс улбаатай ажгуу. Иймээс ч бид эртний хүмүүсийн хад чулуун дээр үйлдсэн адгуус амьтдын холбогдолтой элдэв зураг сүгүүдийн зурах болсны цаад учир шалтгааныг нээн сурвалжлахуйд энэ үг үнэтэй нэгэн түлхүүр болно хэмээн үзэж байна.Сүг гэдэг үгийн утгын талаар Я. Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” бүтээлдээ: 1.сүнс:сүг сүнс хорш. дүрс:хүний сүг, хий сүг (шашны ба нууц далдыг шүтэх ёсонд:биегүй мөртлөө сүрхий чадалтай амьтан мэт). сүг болох (машид турах, дөнгөж хүн төрх нь үлдэх), зураг сүг (хад чулуу зэрэг юманд сийлсэн аливаа дүрс зураг) гэж тайлбарлажээ.
Эдүгээ цагийн монголчууд хад чулуун дээр “Галав юүлэхэд ганцхан үлдэх юм хэмээн” бурханы шашны маанийн үсгийг цохьсоор байгааг эс тооцвол байгалийн хад чулуун дээр адгуус амьтдыг дүрслэн зурдаг эртний ёс нэгэнт орхигдсон ажээ. Гэвч бурханы шашны үүднээс тайлбарлаж үл болох эртний нүүдэлчдийн бөө мөргөлтэй холбоо бүхий зарим нэг уламжлалт зан үйлд хадан дээр бус газарт зурж сүгэлдэг ёс үлдэж хоцорсон байна. Тэрчлэн дархадын бөөгийн ёсонд онгодоо дуудаж ирүүлэхэд хөлөг унаа нь болдог буга, согооны арьсаар хийсэн хэнгэргэн дээрээ улаан зосоор тухайн буга, согоог авлахын цагт ямар төрх байдалтай байсан тэрхүү байдлаар нь амьдчилж зурдаг ёс үлдэж хоцорчээ. Энэ бүхнийг бид судалгааны үндсэн эх сурвалжууд болгож байна.
Үүнд:
1. 1995 онд Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын харъяат 66 настай Готовын Цэдэвсүрэнгээс “Монголчуудын малын өвчнийг анагаах уламжлалт арга, мэдлэг”-ийн талаар сурвалжилж байх үедээ доорх сонирхолтой мэдээг тэмдэглэн авсан юм.
Г. Ц. - Халуун нартай өдөр бага мал гэнэтхэн үхэтхийн унадаг юм. Үүнийг түүдэгтэх гэх бөгөөд шилбүүрний үзүүрээр газарт биеийг нь тойруулж зураад, хамарт нь хоёр цагаан чулуу цахиж хавиран утааг нь үнэртүүлж, сүүлнийх нь үзүүрийг цус гартал хаздаг юм. Тэгээд л босоод ирнэ.
Ю. Б. - Яагаад газар дээр биеийг нь тойруулан зурж байгаа юм бэ?
Г. Ц. - Мэдэхгүй, газрын юм авчихлаа л гэдэг юм. гэж билээ.
Энд өгүүлсэн газрын юм гэдэг нь газрын эзнийг хэлж буй нь илэрхий хийгээд бурхан шашны үүднээс авч үзвэл энэ нь уул, усны эзэн лус, савдаг болох боловч бурхан шашинд холбогдолтой зан үйл биш учраас монголчуудын газар усыг шүтэх язгуур шүтлэг дэх газрын эзэн онгон буюу этүгэн гэж ойлгох нь зүйтэй хэмээн үзэж байна.
2. Монголчуудад ботго, тугал зэрэг зарим бод малын төлийг эхээс төрөхөд нь биеийг газарт тойруулан зурж авдаг ёс байдаг билээ. Энэ нь дээр өгүүлсэнтэй учир шалтгаан, утгын гүнзгий холбоотой эртний шүтлэг, зан ёсны улбаа болно.
3. “БНМАУ-ын угсаатны зүй 1”-д “Монголчууд ирвэс агнавал арьсыг нь газарт тавих цээртэй, өвчиж хуулахын өмнө биеийг нь тойруулан зурж, газарт заавал дүрсийг нь үлдээдэг ёстой” гэж өгүүлжээ. Энэхүү ёсыг доктор Цэвээндорж Д. “Энэ нь хангай дэлхий, ангийн эзэн (тэнгэр) эл амьтныг анчинд хайрлан түүнийг (сүнсийг) газар дэлхийд, нутагт нь зурж үлдээж зөвхөн арьсыг нь авч буй анчдын шүтлэгийн нэн эртнээс уламжлагдаж ирсэн ойлголтын хэлбэр юм.” гэж тайлбарлажээ.Үүнтэй бид санал нэг байгаа боловч гагцхүү сүнсийг тэмдэглэсэн гэсэнтэй зөрж байгаа юм. Аливаа амьтны сүнс гэдэг нь эртний хүмүүсийн үзэл төсөөллөөр авч үзвэл мөнх бөгөөд эргэн эргэн төрдөгийн учир түүнийг зурж тэмдэглэн газарт үлдээх учиргүй юм. Харин газар зурсан тэрхүү сүгийг бид сүлд, сүнс нь халин одсон нэгэн биеийн буюу тухайн бодьгалын дүрс гэж үзэж байна.
4. Монголчуудад нилээд түгээмэл нэг ёс бол хээрээс олсон үнэгийг газарт тойруулан зурж авдаг ёс юм. Үүнтэй холбоотой нэгэн мэдээг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат 76 настай буурал ээж Г. Доосмаагаас 1997-9-22-нд тэмдэглэн авснаа толилуулвал.
“Муу дүү дараа жил нь гарах дөхөөд нүгнээ уншуулах гэхэд лам нар баригдацгаагаад уншуулах лам олдохгүй байсан тэр жил (1937оны улаагчин үхэр жил)манайх Өлийн өврийн Шар цохионд байсан юм.Би нэг өдөр урд талын Улаан шовход хонь хариулж яваад хонь үргээд байхаар нь очтол сайхан улаан үнэг үхсэн хэвтэж байсан. Тэгээд шовхийн орой дээрээс эжийг дуудсанд ээж зам зуураа аргал түүхээр араг үүрээд ирсэн. Ээж өнөөх үнэгний хушууг үзээд
“- Жорнойгоод хатчихсан юм байхчив” гэхээр нь би “- Цус нь хөлдчихсөн юм байхчив” гээд арганд нь хийгээд явуулсан. Орой нь аав ирж үнэгийг үзээд “ Сайхан үнэг юм та 2 зурсан уу? Зурж авдаг юм” гээд намайг дагуулж тэр газар очоод барьж явдаг модоороо зураад ирж басан юм. Аав тэр үнэгээ хоршоонд тушаахад нь 1-р зэргийн арьс байна гээд 25 төгрөг өгсөнд нь 1 гуулин данх, 1 сайхан тэнзэн ташуур, 2 боодол танзуур, нилээд чихэр авчирч байсан юм”.
Түгээмэл энэ ёсыг монголчууд үнэгний их ов залийг үлдээж байгаагаар тайлбарладаг.
5. Монголчууд нас барсан хүнд газар авахдаа оронго гөрөөсний эвэр, очир эсвэл гахайн соёогоор газар зурж авдаг билээ. Гахайн соёогоор зурж авдаг нь гахай соёогоороо газрын үндэс тасалдаг тиймээс ч эзнийг айлгаж,газрын сүлдийг зайлуулж байна гэж үздэг ажээ.
6. Дээрхтэй холбогдсон эртнйи агуулгатай нэгэн үнэтэй чухал мэдээг Монголын түүхийн тулгуур сурвалжийн нэг болох Лувсанданзангийн “Алтан товч”-д тэмдэглэн үлдээсэн нь одоогийн газарт зурдаг ёсыг дундад эртний үетэй харьцуулан судлах боломжийг бидэнд өгч байна.
Монголын Муулан хааныг Оннигуудын Муулхай ван алж хороосонд Хорчины Шигшүүдэй баатарын хүү Өнөболод ван цэрэглэн, Муулхай ванг долоон дүүгийнх нь хамтаар толгойг нь авч өшөөг авдаг билээ. Энэ явдлын өмнөхөн Баян Үрэмгэр хааныхаа хүүрийг онголсон байх бөгөөд уг сурвалжид: “Тавьсаны хойно Үрмэгэр шар ишт хутгаар хааны хүүрийн гадуур газрыг хэмжин зурж онхлов” гэжээ.
Энэ нь хааны цогцос анхандаа хүүр байгаад шар ишт хутгаар тойруулж зурснаар сая онгон шүтээн болсон нь илэрхий учраас өнөөгийн монголчуудын үхэгсдийн газар авч зурдаг ёс нь гагцхүү лус савдгаас газар авч буй хэрэг бус басхүү шүтээн нас барагчийн хүүрийг шүтээн болгон онголж буй эртний ёс заншлыг давхар агуулж байна.
Амьтан болон хүнийг газарт сүглэн зурдаг дээрх заншлууд нь бүгдээр газрын эзэн онгонтой холбогдон үүсч байгаа нь аливаа ургамал, амьтан болоод уул, ус бүхэн өөрсдийн эзэдтэй байдаг хийгээд ургамал амьтад нь уул усны эзэн лус, савдгуудад харъяалагдан оршдог тухай монголчуудын эртний газар эх шүтлэгтэй холбоотой болох нь илэрхий байна. Дээр дурдсан сурвалж мэдээнүүдийг холбон зангидаж буй адгуус амьтдыг мэдэгч энэхүү уул усны эзний тухай эрт цагийн хүмүүсийн үзэл төсөөлөл нь эдүгээ цагийн нүүдэлчин монголчууд бидэнд ч уламжлагдан хадаглагдсаар байгаа нь монгол ардын зан үйлийн аман зохиолд өдий төдийгөөрөө тусгагдсан байдаг. Үүнийг гэрчлэх ганц нэгхэн жишээг иш татваас:

Дархад анчны цацлын үгэнд:
Орон хангай минь
Огторгуй хурмаст тэнгэр минь
Баян хангай минь
Ороход олзын минь үүдийг дэлгэрүүлэн өршөө
Гарахад ганзгыг минь дэлгэрүүлэн өршөө
Унасанд минь мөчлөөгүй
Уусанд минь цалгиагүй
Баян манахан олзыг хайрла аа!
Түүнчлэн өнөөгийн монголчууд агнасан алив ангаа хангай дэлхийн хишиг гэж хэлж ярьдаг. Мөн монголчууд овоонд чулуу нэмэхдээ “Овооны эх нь тандаа Олзны эх нь наддаа” гэдэг. Энэ мэтээр “Ангийн сан”, “Манаахан тэнгэрийн тахилга” зэрэг олон зүйлээс иш татаж болно.
Нөгөөтэйгүүр дээр өгүүлсэн зан үйлийн ихэнх нь (төл болон бага насны малтай холбогдсон эхний хоёр сурвалжийг “Орлуулдаг ёс”- ны үүднээс хойно тайлбарлах болно) тухайн амьтныг авласан эсвэл тэрхүү хүн, амьтны үхэлтэй холбоотойгоор хийгдэж байгааг анхааралтай ажиглаж нарийн судалгаа хийвээс эрт цагийн хүмүүсийн үхэл, сүнс, хойт ертөнцийн тухай үзэл ойлголт, тэдгээрийн шүтлэг дэх шүтэлцээг мөшгөн тогтоож уудлан илрүүлэхэд басхүү үнэтэй чухал сурвалж болж байна.
Монголчууд авласан ирвэс, хээрээс олсон үнэгний биеийг газарт сүглэн зурж байж авдаг ёс нь эртний хүмүүсийн хад чулуун дээр зурах болсон шалтгааныг улам бүр тодруулан өгч буй мэдээ баримт болно.
Бид эртний хүмүүс дээрх агуулгаар хангай дэлхийн гөрөөснөөс авлаваас түүний орыг (сүгийг) уул усны эзэн онгонд заавал зурж үлдээдэг байжээ хэмээн үзэж байна. Хэдийгээр эрт цагийн хүмүүс хангай дэлхийн хишгийг ан амьтнаар авчихаад оронд нь тухайн амьтны сүг дүрсийг л үлдээж байгаа мэт боловч энэхүү ёсыг үйлдсэнээр хойчийн өдөр ангийн тэнгэр, хангай дэлхий олзын үүдээ өгөөмөр нээж, хишиг буянаа хайрласаар байх болно гэсэн давхар бэлэгдэл бүхий үзэл төсөөлөл тэр цагийн хүмүүсийн сэтгэлгээнд ноёлож байсан гэж үзвээс хад чулуун дээрх адгуус амьтны сүг зураг нь бидний өнөөгийн ойлголт дахь хий хоосон дүрс бус эртний шүтлэг бишрэлийн гүнзгий агуулгатай агнуурын зан үйлийн салшгүй хэсэг болох нь илэрнэ.
Иймээс ч “сүлд”, “сүнс”, “сүг” гэдэг үгсийн “сү” гэсэн язгуур ижил байгаа явдал нь тохиолдлын хийгээд жирийн зүйл бус юм. Доктор С.Дулам монголчуудын хэлбэр дүрсийн бэлэгдлийн тухай судалгаандаа дээрх хэрэглэгдэхүүнүүдтэй ижил агуулга бүхий сонирхолтой нэгэн жишээг татаад “...эртний хүний сэтгэлгээнд юм хийгээд түүний дүрс хоёрыг адилтгадаг өвөрмөц үзэл төсөөлөл байжээ.” хэмээн тэмдэглэсэн нь зүйтэй бөгөөд бидний өгүүлэн байгаа сүглэх ёс болон сүгийг улам бүр баталгаажуулж байна.
Эрт цагийн хүмүүсийн авласан амьтныхаа сүгийг газрын эзэн онгонд нь чингэж үлдээн зурж байгаа явдал нь тэр цагийн ан агнуурын зан үйлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үзээд бид энд сүглэх ёс хэмээн нэрийдэж байгаа болно. Төв Азийн нүүдэлчид авианы бичигтэй болсон хожуу үедээ ч сүглэх ёсыг уламжлуулан хэрэглэж байсныг нотлох мэдээ бүхий YIII-X зууны Түрэг, Уйгарын үед холбогдох Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын руни бичээсийг бид уншиж судалсан юм.
YIII-X зууны Түрэг, Уйгарын үед холбогдох Дэл уулын Ш руни бичээсэнд өгүүлэх “Тэнгэр хан, газар этүгэн минь,уй гашуугүй байлга. Жаран хулан авлав, халтар тэх , тэмээн гөрөөс авлав, хорин чоно авлав” гэсэн мэдээ нь авласан их гөрөөс амьтад тэнгэр хан, газар этүгэн эзнийх болохыг батлахын хамт тэнгэр хан газар этүгэндээ хандсан өчил залбирал нь тэр цагийн агнуурын зан үйлийн салшгүй хэсэг болохыг давхар нотлож байна. Энэ бүхнээс үзвэл бидний өгүүлэн байгаа эртний сүглэх ёсны уламжлал YIII-IX зууны нүүдэлчдийн оюун сэтгэлгээ, ахуй заншилд жинхэнэ утгаараа хадгалагдсаар байсныг гэрчилж байна.
Түүнчлэн энэхүү бичээсэнд өгүүлэх “Жаран хулан авлав, халтар тэх , тэмээн гөрөөс авлав, хорин чоно авлав” гэсэн тэр их ав хоморгыг газар этүгэнд тэр тоо ёсоор нь зурж сүглэн үлдээнэ гэдэг бэрхшээлтэй учир соёлын их ололтоо ашиглан бичсэн болох нь илэрхий бөгөөд бас дээр цагийн хүмүүс их олзтой, их ав хоморгоо хэрхэн зурж сүглэдэг байсан бэ гэсэн асуудлыг шийдвэрлэхэд бидэнд ач холбогдолтой нэгэн санааг өгч байна. Учир нь тавин янгир аваллаа гэхэд тавиуланг нь сүглэн зурах нь бичиг мэдэхгүй, багаж зэвсэг муутай байх гэхчлэн янз бүрийн шалтгаанаас үүдэн боломжгүй байж болно. Ийм нөхцөлд тавин янгир бус сүргийг төлөөлсөн цөөн тооны тэх, янгир, ишигнүүдийг сүглэн үлдээж болох юм.

Орлуулах ёсны асуудалд
Бидний судалгаандаа хэрэглэгдэхүүн болгосон сурвалжуудаас бага насны мал халуун нартайд дайрлагт өртөж унах түүнчлэн ботго, тугалыг төрөнгүүт нь газар тойруулан зурж авдаг ёсыг Оросын эрдэмтэн К.В. Вятника болон манай эрдэмтэн, судлаачид бүтээлүүддээ дурдсан байдаг боловч эртний шившлэг домын ёс гэснээс өөр тодорхой тайлбарыг хийгээгүй ажээ.
Бидний судалгаандаа ашиглаж буй мэдээ баримтуудын олонхи авласан ан, бие барсан хүнтэй холбогдуулж тэдгээрийн сүгийг нь зурж үлдээж байсан бол энд өгүүлж буй хоёр зан үйл нь алж, үхүүлэх бус амьдруулах зорилгоор үйлдэгдэж байгаагаараа бидний дээр өгүүлсэнтэй утгын хувьд эсрэгцэлж байна. Ан амьтныг авлаад газрын онгонд нь сүгийг орлуулдаг байсан эртний ёс мал ахуй амьдралын гол сурвалж болсон хожуу үеийнхний сэтгэлгээнд ингэж эсрэгцэлж дом болон хөгжсөн нь сүглэл буюу сүглэх ёс түүхийн урт хугацааны туршид хэрхэн хөгжиж хувирсаныг бидэнд харуулж байна. Сүглэх ёс нь хүмүүс ан агнуур голлон эрхлэж байсан эрт цагт /тухайлбал хүрэл зэвсгийн үе/ газрын эзэн онгоны шүтлэгт шүтэлцэж тогтсон ёс заншил байгаад хожмын мал аж ахуй болоод хүмүүсийн оюуны хөгжлийн явцад эзлэмж нь багасаж зарим нэгэн зан үйлд хэлбэр төдий үлдэж басхүү заримд нь орлуулах домын хэлбэрээр хувьсаж үлджээ. Ингэж эртний сүглэх ёсны язгуур утгыг эргүүлэн эсрэгээр сүглэж домнон мал адгуусаа авч үлдэх гэсэн домын ёсыг бид орлуулгын ёс хэмээн энд бас нэрийдсэн болно.
Өгүүлэн буй орлуулах ёс хүнтэй холбоотойгоор эдүгээ ч монголчуудад уламжлагдсан нь буй бөгөөд үүний тод жишээ бол нэр оршуулах ёс болон нэр солих ёс юм. Нэр оршуулах ёс нь “алив нэг хүн өвдөж муудан эдгэрэх найдваргүй болоход түүний өмсөж байсан өмд, цамц, оймс зэрэг хувцас хэрэглэл, хамгийн эрхэм эдлэл болон сэвлэгээс нь авч хүн оршуулдаг зан үйлийн дагуу хөдөөлүүлдэг бөгөөд харин өвчтөнөө ор дэвсгэрээс нь сэм шилжүүлэн байрлуулж, шинэ нэрийг өгдөг заншил юм.”
Харин нэр солих ёс нь дээрх зан үйлийг тэр бүр хийдэггүй түүний эдүгээх энгийн болсон хэлбэр нь болно.Энэ ёстой агуулгаараа төстэй зан үйл бурханы шашинд ч дорма хаяулах, донли, золит гаргах гэх мэт байх бөгөөд тэдгээр нь бөө мөргөлийн гарвалтай дээрх зан үйлүүдтэй нягт сүлэлдэн эдүгээ ялгахад нилээд бэрхшээлтэй болжээ.
Түүнчлэн монголчуудын орлуулах ёсны нэг тод түүхэн жишээ бол Өвөр монголын Ордос дахь Их эзэн Чингис хааны онгон билээ. Энэ тухай Алтан товчийн мэдээг Ц.Дамдинсүрэн МНТ-ны орчуулагтаа авсан нь: Чингис хаан Тангад улсыг сөнөөн дараад гахай жил (1227) Түрэмгий балгасанд тэнгэрт халив. Эзний алтан хүүрийг хагаг тэргэнд тээж харихуйд Мунын хөөвөрт хасаг тэрэг булд хүртэл шигдэж таван хүлгээр татаж хөдөлгөн ядаж,гүр их улс зовоход Сөнидийн Гэлгүдэй баатар өчрүүн:
“...Халуун амийг чинь алдвач
Хас эрдэнэ мэт хүүрийг чинь
Хамгаалан авч харья эзэн минь
Хатан Бүртгэлжинд чинь үзүүлэе
Хамаг улсад чинь хүргэе” гэж өчвөл
“Хаан эзэн энэрэн соёрхов
Хасаг тэрэг хангирсан хөдлөв
Хамаг улс баясгалант болов
Хан их газарт тэнд хүргэв
Хамгийн мөнхийг тэнд оршуулж
Хаан зайсангуудын тулгар болж
Хамаг улсын шүтээн болоод
Найман цагаан гэр болов за.
Энэ их улсад тунхаг зарлаж
Өмссөн цамц, өргөө гэр
Ороосон оймсыг тэнд онхлов” гэжээ.
Энд өгүүлснээс үзвэл Эзэн Чингисийн алтан хүүр тэнд нилээд саатсаны учир тэрхүү газрын эзэн онгонд түүний өмссөн цамц, ороосон оймс, өргөө гэрийг нь орлуулж үлдээн онголоод, харин хас эрдэнэ мэт цогцсыг өлгий сайхан нутаг руу нь авч одсон байна.

Хөрөглөлийн асуудал
Хөрөглөх зан үйл нь сүглэх ёстой утгын язгуур үндэс нэг болох нь
Монгол оронд XX зууны эхний хагасаас Европын соёл өргөнөөр нэвтрэхийн хамт нэг буюу хэд хэдэн хүний дүр төрх, дотоод сэтгэлийг тодруулан зурж дүрсэлдэг, “portrait” хэмээх өрнө дахины дүрслэх урлагийн бие даасан төрөл зүйлийг “хөрөг зураг” хэмээн эх хэлнээ хөрвүүлэн нэрлэсэн нь эдүгээ нийтэд нэгэнтээ хэвшил болжээ.
Угтаа монголчууд өвгөд дээдсээ хальж үгүй болсоны нь хойно тэднийгээ шүтээн болгон зурсан хийгээд эсгийгээр үйлдсэн, түүнчлэн чулуу цоолборлож урлан бүтээсэн онго дүрсүүдийг хөрөг хэмээн нэрлэдэг уламжлалтай байсан бөгөөд эдүгээ дорнот монголын хүн чулуудыг нутгийнхан хөрөг, мөн буриадын бөө мөргөлтөн, хад чулуун дээр сийлж зурсан,онгон шүтээнийхээ зургийг “усан хаадын хөрөг” хэмээн нэрлэсээр байгаа нь үүнийг нотолно.
Бидний сайн мэдэх “Чингис хааны эш хөрөг”-ийг Чингис Богдын сүүдэр хальснаас хойш буюу “Юань улсын түүх. Тайлга, тахилгын тэмдэглэл”- д дурьдсан “Их Юаний 15-р он (1278)- ны II сард Тайзунгийн (Чингис хаан) гэгээн дүрийг зурах зарлигийг Хорихасунд тушаав” хэмээсэн баримтыг үндэс болгон судлаачид Хувилай хааны зарлигаар бүтээсэн гэж үзсээр ажгуу.
Тэрчлэн хуучны ёс уламжлалаар хүмүүжсэн өтгөс, буурлууд маань өнөө хир нь хөрөг зуруулахаас татгалзаж, “Ямар үхсэн биш дээ” хэмээн цээрлэж цэрэвдэг, түүнчлэн “Нас богиносоно, батиар битгий олон татуулж бай” хэмээн захиж сургамжилдаг нь эртний хөрөглөлийн ёсны эдүгээх нэгэн улбаа төдийгүй басхүү хөрөг хэмээх монгол үгийн язгуур утгыг тодотгон нотлож буй жишээ болно.
Дундад эртний монголчуудын шүтлэг бишрэл дэх өвгөдийн онго хөргийн талаар сурвалжийн мэдээг нягтлан үзвэл XIII зууны Монголын эзэнт гүрний үед монгол нутагт ирж байсан харийн элч нар нилээд дорвитой мэдээг үлдээжээ. Францын ван IV Людовикийн элч Гильом де Рубрук энэ тухай “Моалууд (Монголчууд) буюу татарууд бол зөвхөн цогцолмол бурханд шүтдэгээрээ тэдний (Юугурын) шашны бүлэглэлд багтдаг боловч нөгчигчдийн дүрсийг эсгийгээр хийж, маш тансаг бөсөөр хувцаслан нэг юм уу, хоёр чингэлэг тэргэнд хийж хадгална.
Энэхүү тэргэнд хэн ч хүрч үл зүрхэлнэ. Түүнийг миний хойно ярих тэдний тахилч нар болох зайрангууд сахина. Эдгээр зайран нь Мангу болон бусад баячуудын ордны өмнө этгээдэд байнга сууна.” гэж өгүүлсэн бол Ромын “апын элч Жиованни дель “лано Карпини “Тэд мөн эзэндээ зориулж онгон шүтээн үйлдээд өргөө гэрийнх нь үүдэн тус газар, мухлаг тэргэн дээр тахиж, маш их өргөл өргөж байхыг бид хааны ордонд байх үедээ харсан билээ.” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Тэрчлэн Монголын үеийн чулуун хөргүүд, Түрэг, Уйгарын үеийн хүн чулууд болоод хүрлийн үеийн буган чулууд нь тэнгэр болсон өвгөд дээдэсдээ зориулж босгосон онго шүтээнүүд болох нь энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтдийн бүтээлүүдээс ажиглагдаж байна.
Энэ бүхнээс бид өвөг дээдсээ тэнгэр болсоны нь хойно тэднийгээ хөрөглөн онголж шүтэх ёс нь эртний хүмүүсийн ан амьтныг авлан хад чулуунаа сүглэн зурж үлдээдэг зан үйлтэй утгын язгуур үндэс нэгтэй болохыг иш болгож байгаа төдийгүй, сүглэх ёс мал аж ахуйн хөгжилтэй холбоотойгоор орхигдон гээгдэж, хувьсаж иржээ. Харин хөрөглөх ёс нь шүтлэг бишрэлийн хөгжлийн явцад буюу хүн байгаль, адгуус амьтныг шүтэх нь багасаж хүнийг шүтэх нь ихэссэнтэй холбоотойгоор илүү урт хугацаанд хөгжин хувьсаж иржээ хэмээн үзэж байна.

Дүгнэлт
Монголын хадны зурагт ихэнх хувийг эзлэх адгуус амьтны дүрслэлт зургуудыг эрт цагийн хүмүүс хэрхэн юуны учир үйлддэг байсан болох тэрхүү шалтгааныг олж тодруулах нь монголын хадны зураг судлал дахь нэгэн тулгуур асуудал болно. Эдүгээ монголчуудын зарим зан үйлд газар усыг эзэнтэй болгон төсөөлөх эртний шүтлэгийн ул мөр болж үлдсэн газар зурдаг ёсууд, түүнчилэн энэ тухай дундад эртний үеийн Монголын түүхийн сурвалжийн болон Дэл уулын эртний руни бичээсний мэдээг нягтлан үзэж дараах дүгнэлтэд хүрэв.
Сүглэлийн асуудалд
1. Бид эртний хүмүүс хангай дэлхийн гөрөөснөөс авлаваас түүний орыг (сүгийг) уул усны эзэн онгонд зурж үлдээдэг байжээ хэмээн үзэж байна. Энэ нь эртний хүмүүсийн сэтгэлгээнд юм, хийгээд түүний дүрс хоёрыг адилтгадаг өвөрмөц үзэл төсөөллөөс урган гарчээ. Үүнтэй холбоотойгоор авласан ан амьтны дүрсийг хаднаа сүглэн үлдээвээс хойчийн өдөр ангийн тэнгэр, хангай дэлхий олзын үүдээ өгөөмөр нээж, хишиг буянаа хайрласаар байх болно гэсэн бэлэгдлийн санааг энэхүү сүглэх ёс давхар агуулж байжээ..
2. Сүг гэдэг нь эртний Монголчуудын ертөнцийг үзэх үзэл төсөөлөл дэх аливаа амьтны сүнс, сүлдтэй шүтэлцээ бүхий нэр бөгөөд энэ нь анчин хийгээд амьтны сүнсний хооронд сэтгэхүйн өвөрмөц харилцааг буй болгож агсан газар эхийг шүтэх эртний шүтлэг, уул усны эзэн онгоны тухай төсөөлөлтэй нягт холбоотой ойлголт болно.Эрт цагийн хүмүүсийн авласан амьтныхаа сүгийг газрын эзэн онгонд нь чингэж үлдээн зурж байгаа явдал нь тэр цагийн ан агнуурын зан үйлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үзээд бид энд сүглэх ёс хэмээн нэрийдэж байгаа болно.
Орлуулгын ёс
Эртний сүглэх ёсны язгуур утгыг эргүүлэн эсрэгээр сүглэж домнон мал адгуусаа авч үлдэх гэсэн домын ёсыг бид орлуулгын ёс хэмээн нэрийдсэн болно.
Хүмүүс ан агнуур голлон эрхлэж байсан эрт цагт /тухайлбал хүрэл зэвсгийн үе/ сүглэх ёс нь газрын эзэн онгоны шүтлэгт шүтэлцэж тогтсон ёс заншил байгаад хожмын мал аж ахуй болоод хүмүүсийн оюуны хөгжлийн явцад эзлэмж нь багасаж зарим нэгэн зан үйлд хэлбэр төдий үлдэж басхүү заримд нь орлуулах домын хэлбэрээр хувирч үлджээ гэж үзэж байна.
Хөрөглөлийн асуудалд
Монголчууд өвгөд дээдсээ хальж үгүй болсоны нь хойно тэднийгээ шүтээн болгон зурсан хийгээд эсгийгээр үйлдсэн, түүнчлэн чулуу цоолборлож урлан бүтээсэн онго дүрсүүдийг хөрөг хэмээн нэрлэдэг уламжлалтай байсан бөгөөд эдүгээ дорнот монголын хүн чулуудыг нутгийнхан хөрөг, мөн буриадын бөө мөргөлтөн, хад чулуун дээр сийлж зурсан,онгон шүтээнийхээ зургийг “усан хаадын хөрөг” хэмээн нэрлэсээр байгаа нь үүнийг нотолно.
Хөрөглөн онголж шүтэх ёс нь эртний хүмүүсийн ан амьтныг авлан хад чулуунаа сүглэн зурж үлдээдэг зан үйлтэй утгын язгуур үндэс нэгтэй бөгөөд, сүглэх ёс мал аж ахуйн хөгжилтэй холбоотойгоор орхигдон гээгдэж иржээ. Харин хөрөглөх ёс нь шүтлэг бишрэлийн хөгжлийн явцад буюу хүн байгаль, адгуус амьтныг шүтэх нь багасаж хүнийг шүтэх нь ихэссэнтэй холбоотойгоор илүү урт хугацаанд хөгжин хувьсаж иржээ хэмээн үзэж байна.
Сүглэх, орлуулах, хөрөглөх ёс нь утгын язгуур үндэс нэгтэй бөгөөд өөр хоорорндоо үүсэл гарвалын хэлхээтэй үзэгдэл болно.
Энэхүү судалгаанд дэвшүүлсэн сүглэлийн ёсны үүднээс түүхийн янз бүрийн үед, олон үеийнхний үлдээсэн зураг сүгийн зүйлийг хэрхэн юуны учир бүтээх болсон цаад учир шалтгааныг бүгдийг бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй боловч хадны зурагт ихэнх хувийг эзлэх адгуус амьтны дүрслэлт зургуудыг эрт цагийн хүмүүс хэрхэн юуны учраас үйлддэг байсан тэрхүү шалтгааныг тайлбарлахад бидний судалгаа зохих хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.

ШУТИС-ийн антропологи-археологийн багш Ю. Болдбаатар

Ном Зүй

Бадамхатан С “Хөвсгөлийн дархад ястан” Улаанбаатар 1965
Батсайхан З. “Хүннү нарын шүтлэг бишрэлийн тухай төсөөлөл” /Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ 4/ Сөүл, 1995
Батэрдэнэ С. “Буган хөшөө, түүний хэлбэр” /Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн зарим асуудал/ Улаанбаатар 1997
Баяр Д “Эзэн Чингисийн эх хөрөг” Улаанбаатар 1997
Баяр Д “Монголчуудын чулуун хөрөг” Улаанбаатар 1995
“БНМАУ-ын угсаатны зүй 1” Улаанбаатар 1987
Болдбаатар Ю “Руническая письменность горы Дэл ула” “Оюутны эрдэм шинжилгээний бичиг, МУИС” Улаанбаатар 1987
Yu. Boldbaatar “Runic inscription of Del uul” /YII INTERNATIONAL CONGRESS OF MONGOLISTS/ Ulaanbaatar, 1997.
P.6.Волков В. В. “Бронзовый и ранный железный век северной монголии” Э. V F. 1 Улан-Батор, 1967
Вяткина К. В. “Монголии МНР” /ВосточноеАзиатский этнографический сборник/ B-L, 1960 1960.
Дамдин Ж. “Буурал анчны тэмдэглэл” Улаанбаатар, 1963.
Далай Ч. “Монголын бөөгийн мөргөлийн товч түүх” Улаанбаатар, 1959
Дорж Д. Новгородова Э. А. “Петроглифы монголии” Улан-Батор, 1975
Дулам С. “Дархад бөөгийн уламжлал” Улаанбаатар, 1992.
Дулам С. “Монгол аман зохиол, утга зохиол дахь бэлгэдэл зүйн тогтолцоо” /Докторын зэрэг горилсон зохиолын хураангуй/ Улаан Үд, 1997.
Дулам С. “Монгол домог зүйн дүр” Улаанбаатар, 1989.
Лувсан С. “Монгол анчны тэмдэглэл” Улаанбаатар, 1986.
Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” Улаанбаатар, 1987
“A ARCHEOLOGICAL STUDIES CARRIED OUT BY THE JOINT RUSSIAN-МONGOLIAN-AMERICAN EXPEDITION IN 1995” Novosibirsk, 1996
Наваан Д. “Дорнод монголын хүрлийн үе” /Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн зарим асуудал/ Улаанбаатар 1997
Новгородова Э. А. “Мир петроглифов Монголии” Москва 1984 с7
Окладников А. П. “Петроглифы Монголии” Ленинград, 1981.
Сэр-Оджав Н. “Баян-Лигийн хадны зураг” Улаанбаатар, 1989.
Сэр-Оджав Н. “Эртний түрэгүүд (YI-YIII)” Улаанбаатар, 1989.
Санжмятав Т. “Монголын хадны зураг” Улаанбаатар, 1995.
Санжмятав Т. “Нүүдэлчдийн түүх соёлыг хадны зургаар судлах нь” /Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн зарим асуудал/ Улаанбаатар 1997
Сономцэрэн Л. “Монголын эртний дүрслэх урлаг” Улаанбаатар 1971
Содномцэрэн Л. “Дүрслэх урлагийн онол, түүхийн асуудалд” Улаанбаатар 1971
Сампилдэндэв Х. “Малчин ардын зан үйлийн уламжлал” Улаанбаатар, 1985.
Пэрлээ Х. “Хэрлэн хавийн анчдын агнуурын зарим хэв заншлын үлдэц” Улаанбаатар, 1963.
“Үлэмж мэргэн дал” Санкт-Петербург, 1864. /Галсан Гомбоевын орчуулга/
Эрдэнэбат У. “Монголын нууц товчоо”-ны “Бодончар-мунхаг” нэрийн учир /Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ 4/ Сөүл, 1995
Ядринцев Н. М. “Отчеть экспедици на Орхонъ” (Географический дневник) Иркутск 1889
Ядринцев Н. М. “Отчеть и дневник о путеШествии по Орону и в Южный Хангай в 1891
Спб. трудов Орхонской археологической экспедиции”

1 comment:

Х. Ганхvv said...

сайн байна уу их хэрэгтэй сайн блог байсан байна аа би эрт мэдэхгүй яаваа гэж харамсаж байна. Блог гэж ийм байхын хамгийн сонгодог үлгэрлэл байнаа тантай холбооо тогтоож болох уу таны алтан цагаас үрэхгүй ээ Таныг хүндэтгэсэн Х. Ганхүү

: