Friday, April 24, 2009

ХҮННҮГИЙН ХААН АТТИЛАГИЙН УДИРДАХУЙ УХААНЫ НУУЦ - 4


Хуаранд амгалан байх: “Ёс суртахуун ба сахилга”

Хүннү- чүүдийн хуаран- гуудад аливаа үндэстний адилаар баяр баясгалан, уй гуниг ээлжилж байсан нь мэдээж. Ээлжит ялалт баяр хөөр авчирч, найр наадмын баясгалант дуу хуур цууриалдаг, амар тайван, аюулгүй байдлын уур амьсгал ноёлдог, дайн тулалдаанд баатрууд нь унах, байгалийн гамшиг нүүрлэх, хоол хүнсээр гачигдахад хуаран даяар уй гашуу, зовлонгийн уур амьсгал ноёлдог байжээ.

Хүннүчүүдийн ёс суртахуун болон сахилга заримдаа маш өндөр байсан, заримдаа ихэд доош унадаг байсан нь сонин. Тэр ч байтугай зарим үед тэдний амьдрал статус-кво маягтай ч болж байжээ. Хэрэв хуарангийн захирагч нь чадвар муутай байвал амбицтай дайчид түүнд үл захирагдан хуаранг эмх замбараагүй болгодог байв. Нэгдмэл нэг үндэстэн биш учраас олон овог аймагт ёс суртахуун, сахилгын өөр өөр баримжаатай байлаа.
Аттилагийн үүрэг нь Хүннү гүрний эзэн хааны хувьд эзэрхэг бүдүүлэг, дайчин овог аймгуудыг нэгэн хүчирхэг үндэстэн болгох нөхцлийг бүрдүүлэхүйц ёс суртахуун болон сахилгын шинэ мэдрэмжийг хүннүчүүдэд төлөвшүүлэх явдал байлаа. Үндэсний шинэ үзэл санааг төлөвшүүлж чадсан цагт л хуаранд амгалан тайван, ёс журамтай болох байв.

Аттила ёс суртахуун, сахилгын тухай

Нүүдэлчин амьдралын уламжлал бидний ёс суртахуун ба сахилга батад үндэстний хувьд тун бага юм өгсөн.
Бид манай овог аймгуудын эв нэгдлийг бататгах таатай боломжуудыг тухай бүрт алдаж байсан. Дараа нь эвсэн нэгдэх гэсэн оролдлогыг маань гадаад улс үндэстнүүд эвдэн бусниулж байсан юм.
Манай хүмүүс Хүнн байх гэж юу гэсэн үг вэ гэдгийг эгнэгт нэгэн мөр ухамсарласан байх ёстой. Хүнн нарын үзэл санаа хүнн нарын байлдан дагуулах ёстой аль нэг үндэстэнтэй найрсаг холбоотон болох бүрийд сарнин замихарч байсан юм.
Хүнн нарын ёс суртахуун ба сахилга гэдэг бол эцсийн эцэст бид нэгдсэн агуу үндэстэн болохын төлөө түүхэн сорилтыг даван туулах гэсэн үг юм.
Энэ цаг үед эвсэн нэгдэхийг уриалж, ёс суртахуун ба сахилгатай байх замыг зааж өгнө. Тэгсэн цагт л манай хуарангуудад амгалан тайван байх болно.
Миний зөвлөгөөг сонсч, дагагтун.
• Ёс суртахуун, сахилга хоёр бол эв нэгдлийн амин зүрх .
• Хүнний ёс суртахууны үндсэн шалгуур бол хүлээсэн үүргээ сахилгатайгаар гүйцэтгэх юм.
• Сахилгатай байхыг шаардах бол дарамталж байгаа хэрэг биш. Энэ бол Хүннчүүдийн дагах ёстой зөв замыг зааж байгаа хэрэг.
• Хүннчүүд сахилгагүйгээр санаа нэгтэй сэтгэж, гар нийлэн ажиллаж чадахгүй.
• Ёс суртахуун гэдэг бол хүннчүүд овог аймагтаа үйлчлэр үзэл санаа юм. Ёс суртахуун бол хяналтгүй, замбараагүй найр наадам биш, хуарангийн гал тойрон тонгочих ч биш.
• Хүннчүүд ямагт сахилга муутай байсан.
• Удирдагчид сахилга ба ёс суртахууныг тогтоохын төлөө, дараа нь өөрийн овог, аймагт сахилга ба ёс суртахууныг чандлан сахиулахын төлөө нөр их ажиллах хэрэгтэй.
• Сахилгатай байна гэдэг хувийн чанараа алдана гэсэн үг биш.
• Сахилга нь манай үндэстэн, аймаг, овгуудын эрхэмлэн мөрддөг зарчмууд болон дэг журмаас гажих явдлыг нэгээхэн ч гаргуулахгүй байх ёстой.
• Ёс суртахуун нь Хүнн гэдгээрээ бахархахаас эхэлнэ. Сахилга ёс суртахууныг тогтооно.
• Удирдагчид ёс суртахуун болоод сахилгыг хэзээ ч сулруулж болохгүй. Тэд ёс суртахуун ба сахилгыг төлөвлөх ёстой. Тэд ёс суртахуун ба сахилгыг хэрэгжүүлэх ёстой.
• Сахилга хүнн нарын дотоод итгэлийг буй болгоно. Тиймээс сахилга ёс суртахууныг буй болгож байгаа юм.
• Хүннчүүд сахилгыг амьдралдаа бат хадах хэрэгтэй. Хүннчүүд сахилгатай удирдагчдынхаа сургамжийг ухамсартайгаар дагаж, тушаалыг нь үг дуугүй биелүүлэх ёстой.
• Ёс суртахуун, сахилга дутагдах нь хамгийн хортой, сүйтгэгч өвчин бөгөөд танай хуаранд хэдийд ч нэвтэрч чадна.
• Ёс суртахуун ба сахилгыг удирдагчид голлож тогтооно.
• Мэргэн удирдагч хүннчүүдийг бие бялдрын болоод сэтгэл зүйн хатуужилтай болгох зөв арга замаар тэдний сахилгыг төлөвшүүлж, сорьж байдаг. Гэвч удирдагчид өөрсдөө зохих ёсны ёс суртахуун, сахилга, эрдэм чадваргүй бол хүннчүүдийг хэзээ ч сорьж болохгүй.
• Сахилга нь гагцхүү үндэстний болоод овог аймгийн сайн сайхны төлөө үйлчлэх дүрэм журамын хүрээнд л хэрэгжих ёстой. Хүннчүүдээс хэрэгтэй хэмжээнээс илүү зүйл шаардвал эрх мэдлээ хэтрүүлж, үймээн самуун дэгдэхэд хүргэнэ.
• Мэргэн удирдагч хэрээс хэтэрсэн хатуу сахилга тогтоох, хэрэгцээгүй зүйл шаардвал хүннчүүдийн ёс суртахуныг унагана гэдгийг мэддэг.

Танай хуаран амгалан тайван, эв зохицолтой байх нь сахилгатай үйлдэл, зорилго хоёроос шалтгаална. Ёс суртахуун нь сахилгыг дагаж явдаг. ёс суртахуун ба сахилгыг олж авах, авч явах амар хялбар зам гэж байхгүй. Удирдагчийн хувьд чиний амжилтын гол нууц нь өөрийн үүргээ яаж ухамсарлаж байна вэ, түүнд яаж хандаж байна вэ гэдэгт оршидог юм.
Танай хуаранд тогтсон ёс суртахун, сахилгын үр жимс нь тулалдааны талбарт болон дипломат хэлэлцээнд хүчээ сориход чинь чамд ирнэ.
Одоо миний зөвлөгөөний ашиг тусыг хүртэж, өөр өөрийн хууранд очоод шинэ эв нэгдэл, Хүнн байхын шинэ бахархалыг олж авахын тулд ёс суртахуун, сахилгыг тогтоохын төлөө эрдэм чадлаа дайчилцгаа. Хүнн нарын үзэл санаанд үнэнч байж, түүний төлөө эрдэм чадлаа зориулан зүтгэвээс танай хуаранд итгэл найдвэр, тав тух, амгалан тайван дэлгэрэх болно. Зорилгогүй тэнүүлч амьдралд эргэж орохгүй болно.

Дотоод зөрчлийн уршиг: “Овог аймгуудын толхилцоон”

Бие даасан олон овог аймагт хуваагдсан хүннүчүүд урт удаан хугацаагаар нүүдэлчин амьдралын үзэл баримтлалыг дагаж иржээ. Тэд нэгдмэл нэг үндэстэн болоогүй хэвээр байсан боловч жижиг овог, омгууд ёс заншлаараа нэгдэн амьдардаг байв.
Улс төрийн хувьд Дунай мөрний эрэг дээр суурьшсан Хүннүгийн хаанд Ази, Оросын нутаг дахь хүннү овог аймгууд захирагддаггүй байв. Тэдгээр овог аймгуудын удирдагчид өөрийн харьяа овгийг өөрийн хүссэнээр удирдаж, байгаа газар нутагт нь өвс бэлчээр, хоол хүнс хомсдох бүрт шинэ газар нутагт нүүдэллэн аж төрж байлаа. Дараа нь хаана нүүчих вэ, яаж амьдрах вэ гэдэг талаар тэд хэзээ ч бодож байсангүй.
Нүүдэллэж очсон, байлдан дагуулсан газар орнуудын уугуул оршин суугчидтэй гэрлэх нь олширч байлаа. Хүчтэй эв нэгдэл байгаагүй учраас хүнүү овог аймгууд Европын үндэстнүүдэд аажмаар ууссан юм.
Эртний хаадын гучин гурав дахь үе, Мунзук хааны хүү Аттила бусад овог аймгуудыг шууд хүч хэрэглэн нэгтгээгүй, нэгдсэн хүчирхэг Хүннү гүрэн байгуулах хүүхэд насны төлөвлөгөөгөө холч мэргэн ухаанаар хэрэгжүүлж байсан учир овог аймгуудын удирдагчид түүнийг илт эсэргүүцэн тэмцээгүй байна.
Тиймээс хүннү аймгууд голдуу өөр үндэстний өвөр түрийд орох нь олонтоо байжээ. Овог аймгуудын удирдагчид өөрийгөө болоод дайчдаа аль болохоор өндөр үнээр худалддаг, ингэхийн тулд өөрийнхөө үндэстний өөдөөс ч байлдахад бэлэн гэдгээ харуулдаг байжээ.
Ийм хэсэг бусаг, тархай бутархай, төвлөрмөл үйл ажиллагаагүй, нэгдсэн санаагүй, овог аймгийн удирдагч бүр өөрийн дураар шийдвэр гаргаж байсан учир үндэсний үзэл санаа төлөвших боломжгүй байжээ. Тиймээс хүннүчүүдийн байлдах чадвар суларч, байлдан дагуулалтаас их ашиг олж чадахгүй байв.
Аттила энэ байдлыг эсрэгээр эргүүлбэл хүннүчүүд асар богино хугацаанд дийлдэшгүй хүчирхэг гүрэн болно гэж үзэж байлаа. Хүннүчүүд Ромоос ч , Константинполиос ч айх юмгүй хүчирхэг болсны дараа Аттила дэлхийг Хүннү тугийн дор нэгтгэх агуу зорилт тавьсан бөгөөд үүний тулд армиа хэнд ч ялагдашгүй хүчирхэг болгох хэрэгтэй байлаа.

Аттила: “Омог хоорондын толхилцоон”-ы тухай

Хүннү үндэстэн зөвхөн олон он жилийг морин дэл дээр өнгөрүүлсэн дайчдаас биш, манай гайхамшигт гүрэнд нэгдэхийг хүсч байгаа бусад олон овог аймгаас бүрдэж байна. Бид бүх дэлхийг бүрэн захирах хүч чадалтай болохын тулд Хүнн болохыг хүссэн хэн бүхнийг өөрийн үндэстэндээ чөлөөтэй оруулах үүд хаалгаа нээлттэй байлгах ёстой. Хүнн үндэстний үнэ цэнэ зөвхөн эрх дарх, сүр хүчиндээ оршихгүй. Хүнн үндэстний үнэ цэнэ нэгдсэн овог аймгуудын их үндэстэн болох зорилтыг ямар ч нөхцөл байдалд дэмжиж, түүний төлөө эрдэми чадлаа зориулах хүслээ илтгэн харуулсан цагт л сая бүрэн бүтэн болно.
Амин хувийнхаа эрх ашгийг үндэстний эрх ашгаас дээгүүр тавьсан удирдагчид болон жирийн хүнн нарын манай овог аймгуудад учруулсан хохирол их. Тэд бол зөвхөн өөртөө л аштиг олохын тулд дайсанд хүртэл үйлчлэхээ ил ба далдаар илэрхийлж байгаа этгээдүүд юм. Манай омгуудын дотор ямар ч зорилгогүйгээр будлиан өдөөдөг буюу бусад хэлбэрээр удирдагчдын эсрэг үймээн дэгдээдэг этгээдүүд ч байна. Тэдний эрх ашиг овог аймагт болон үндэстэнд хохирол учруулснаар хэрэгжиж байна.
Одоо бид хүчирхэг үндэстэн болж байгаа бол, цаашид агуу үндэстэн хэвээрээ байя гэвэл, Аттила миний өөрийн амьдралаа зориулсан үндэсний эв нэгдэлд хувь нэмрээ оруулаагүй овог аймаг, удирдагч, жирийн хүнн алинтай нь харилцах арга замдаа эрс өөрчлөлт хийх хэрэгтэй.
Аттила би манай үндэстний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн жирийн хүнн, удирдагч, овог аймаг алины ч байсан, ямар ч шинж чанартай, ямар ч төвшний, ямар ч асуудлаарх аливаа толхилцох үйлдлийг хүлцэн тэвчихгүй гэдгийг мэдэцгээгтүн.
Ийм толхилцоон гаргахыг оролдоод надад юм уу дээд удирдлагадаа баригдсан хэн ч бай манай агуу үнэ цэнэд аюул учруулах тул хамгийн хатуу цээрлэл амсах болно.
Би тийнхүү толхилцогч бүх шулмуудад анхааруулга, удирдамж өгөхөөс өмнө манай хуарангийн галын цог унтрахгүй. Би та нарт энэ хугацаанд тогтоож авч, ойлгоход хангалттай зөвлөгөө өгөх ёстой:
• Нийтийн өмнө нэг юм яриад үнэнч зүтгэхээ андгайлж, амин хувьдаа болохоор огт өөр юм хийж явдаг итгэлийг эвдэгч хоёр нүүрт хүннээс болгоомжил. Тийм хорт шулмуудыг илрүүлж, удирдагч ч байсан, хамгийн шилдэг дайчин байсан ч хамаагүй үлдэн тонилгохын төлөө бүх талаар мэрий.
• Мэргэн ухаантай байж, Брутусыг хуарангаасаа зайлуул. Брутусыг тэжээж тэтгэдэг байсныхаа төлөө Цезарь амиараа төлбөр хийсэн шүү дээ.
• Хүннчүүд ямагт бүх юман дээр санал нэгтэй байна гэж хэзээ ч бүү бод. Гэхдээ тэдний санаа бодлын зөрүүг бусад хүнн нарт дэлгэрүүлэлгүй зохицуулах боломж ямагт байдгийг сана.
• Хүнн нартаа сул чөлөөтэй цаг их байлгаж болохгүй. Тийм цаг буруу санаа бодол төрүүлдэг юм.
• Алдаа гаргасан хүнийг хорон санаатан мэтээр буруутгаж болохгүй.
• Үр дагаврыг нь өөрөө үүрэх гээгүй лд бол бусад хүнн нарын аюулгүй байдал, нэр хүндэд бүү халд.
• Бусдад анхаарал тавь. Хүнн нарынхаа сайн болоод муу мэдээг адилхан сонсч бай. Тэгэхгүй бол хов живийн шалтгааныг үүсгэнэ.
• Зарчимч, уян хатан бай.
• Манай үндэстний бодлого болон овог аймгийн бодлогод нийцэж яв. Тэгэхгүй аваас өөрийнхөө амбицад хөтлөгдөж, салж сарних зам хайх болно. Салаа замаар орсон бол хичнээн хүч чармайлт гаргасан байлаа ч буруутна.
• Өөрийн бодолтой, цэвэр ёс суртахуунтай хүннийг хүндэтгэ. Тийм хүнн маү цөөхөн байдаг юм.
• Эв нэгдлийн үзэл санаа бол хүнн бүрийн ажил үйлс, чиг хандлагын үндсэн зарчим байх ёстой. Тэгж чадахгүй аваас бид гадаад үндэстнүүдийн идэш амархан болно.
Хүнн үндэстний удирдагчдын амжилтын нууцыг Аттила би та нарт нээж өглөө. Үндэстнийхээ эрх ашгийн үүднээс эв нэгдлийг эрхэмлэж байгаагаа нотлон харуулж, энэ зөвлөгөөг дагагтун.

Хүндлэх: “Хүндэтгэлийг хүлээх ба хүндэтгэх”

Аттила цуу ярианы хүчийг сайн мэддэг байсан юм. Арван хүний амнаас гарсан дамын үг дараа нь мянга мянган хүний чихээр орж, тэд цуу ярианы золиос болдгийг тэр сайн мэддэг байв. Тиймээс тэр агуу их байлдан дагуулалтад нь дамын үгнээс болж учрах байсан гайг сэрэмжлэн зайлуулж байсан удаа цөөнгүй байжээ.
Тэрбээр өөрийгөө жирийн олны шүүмжлэлд өртөхөөргүй өндөрт байх ёстой хэмээн боддог байсан: тиймээс түүний өндөр нэр хүнд зөвхөн түүнд өөрт нь л чухал хэрэгтэй байв. Тэр өөрийгөө хэн болохыг мэддэг, ямар амжилтад хүрч чадахаа ч мэддэг байсан, түүний нэр хүнд өөрийн үнэ цэнийн тухай мэдрэмжид нь чухал биш байсан: хэрэв чухал гэж бодох юм бол дайн байлдаан, хэлэлцээрийн үр дүнд нөлөөлөх байлаа. Тиймээс Аттила өөрийг нь тэнгэрт тултал магтаж, бүгдийн бишрэлийг төрүүлж чадах тодорхой хүрээнийхэнд зориулсан “баг өмссөн” ба энэ зорилгоо хэрэгжүүлснээр алт эрдэнэсийн сангаа үлэмж ихээр баяжуулжээ.
Түүхэнд өгүүлснээр, галлийн нэг санваартан Аттилагийн амбицийн золиос болсон уу, эсвэл бурхан тэнгэрт дэндүү шүтлэгтэй байсан уу, ямарч гэсэн Хүннүгийн хаан Аттилаг “Тэнгэрийн ташуур” хэмээн алдаршуулсан байна.
Аттила шинэ цолныхоо хүчийг мэдэрч, дайн тулаанд болон гэрээ хэлэлцээрт нэрнийхээ хүчээр их амжилт олохоор шийдэж, цолоо нэр болгосон байна. Тэр агуу зорилгоо биелүүлэхэд 100 000 цэрэгтэй арми хэрэгтэй байлаа.
Тэрбээр тэнгэрийн ташуур нэрнийхээ давуу талыг бүрэн ашиглаж, шаардлагатай хэмжээний алт эрдэнэс хуримтлуулах сайтар төлөвлөсөн тактикаа баталгаажуулахын тулд эргэн тойронд цуурхал тараан айдас төрүүлж байв. М.Э. 446 онд Аттила Ромыг эзлэх аян дайнаа эхлэхийн өмнө армиа томруулан хүчирхэг болгоход шаардагдах зэр зэвсэг, бусад материал худалдаж авах санхүүжилт олох зорилгоор Тэссалийг дайран эзлэв. Тэрбээр Ромын эзэн хаан II Теодесиусын зүрхэнд айдас хуруулж байгаад их хэмжээний алт, эрдэнэс авахаар тооцоолсон байв.
Тэгээд армиасаа хамгийн сүрлэг бие бялдартай, айдас төрүүлэм ширүүн дүр төрхтэй, муухай харцтай дайчдыг сонгон авч, тэдэнд бүдүүлэг хийцтэй арьс ширэн ба ангийн үсэн хувцас өмсч, дандаа түүхий мах идэн, дайсны олзлогдсон цэргүүдийг аймшигтай харгисаа тамлах тушаал өгчээ. Энэ бүхэн нь айдсын домог тараах зорилготой байв.
Хүннүгийн арми Ромын дал гаруй хот сууринг эзлэн, газрын хөрстэй тэгширтэл хэрцгийгээр сүйтгэн урагшилсаар нийслэлд нь дөхөж очиход Теодесиус хаан аргагүйн эрхэнд энх тайвны гэрээ байгуулах Аттилагийн саналыг зөвшөөрсөн байна. Тэр Ромын дорнод гүрнийг бараг алдах шахсан, урьд нь мөнгөн төлбөр төлж, энхийн гэрээ байгуулах саналыг нь хүлээж авалгүй дайтсан учир Аттила энхийн гэрээний төлбөрийн хэмжээг ихэсгэв. Ромын цэргийн олзлогдогсдыг урьд нь нэг цэргийг найман алтан зоосоор суллах болзол тавьснаа одоо арванхоёр алтан зоос болгов.
Аттила амандаа орсон тоо хэлж төлбөр нэхэх боломжтой байсан ч тэгээгүй гэдэг. Учир нь Ромын хаад ноёд төлбөрийн мөнгийг зүгээр л ард иргэдээсээ авдаг албан татвараа нэмэгдүүлээд л цуглуулчихна гэдгийг тэр мэдэж байлаа. Тэрбээр гэм буруугүй тариачид, гар урчууд, худалдаачидартизанчууд болон плейбейчүүдэд нэмэлт дарамт учруулахыг хүсээгүй бөгөөд зөвхөн авилгад идэгдсэн дээд удирдагчдыг нь шийтгэхээр төлөвлөсөн байжээ.

Аттила: “Хүндэтгэлийг хүлээх ба хүндэтгэх тухай”

Хүннчүүд удирдагчийнхаа зэрэг дэв, эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн дагадаг байх нь зөв суртахуун юм. Удирдагч нь ч захиргаанда байгаа хүннчүүд болон залуу үеийг хүндэтгэн, анхаарал тавих мэргэн ухаантай байх ёстой.
Захиргаандаа байгаа хүннчүүдийн болон дайснуудынхаа хүндэтгэлийг хүлээгээгүй удирдагч сул дорой бөгөөд зэрэг зиндааныхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй.
Хүндэтгэл нь айдасаас үүдсэн, бодитой, эсвэл миний Тэнгэрийн ташуур гэдэг нэр шиг итгэл үнэмшлээр бий болгосон байж болно. Айдасаас үүссэн хүндэтгэлийн үр дүн нь үүргээ гүйцэтгэх хүсэлгүй байх учир удирдагчийн тушаал болон үндэстний зорилтыг далдуур юм уу сулхан эсэргүүцэх үндэс болдог. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл санаа бодол зөрчилдөх, үймээн дэгдээх, овог аймги йн дотор үл захирагдах үзэл дэлгэрүүлж, ёс суртахууныг доройтуулна.
Бодит хүндэтгэл нь хэлбэрэлтгүй үнэнч зүтгэлийн үндэс бөгөөд ийм үзэл санаагаар нэгдсэн овог аймаг удирдагчийнхаа амнаас гарсан үг бүрийг даган биелүүлдэг, шаардлагатай үед үндэстний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх шалтгаан болдог.
Удирдагчийн зэрэг зиндаа дээшлэх тусам үүрэг, хариуцлага нь өндөрсөх тул түүний эдлэх эрх дарх ч нэмэгдэх ёстой. Удирдагчийн өргөө жирийн хүнний өргөөнөөс ялгагдахгүй байвал хэн түүнийг зохих ёсоор хүндэтгэх вэ?
Манай хүндэтгэлийн зэрэг зиндаа тухайн хүнний үнэнч зүтгэл, байгуулсан гавьяаны шагнал байдаг юм. Өөрийн захиргааны хүннчүүдийг зөв замаар удирдан үүргээ дээд зэргээр гүйцэтгэсэн удирдагчид Аттила би дээд зэргийн хүндэтгэлийг үзүүлдэг. Харин тийм удирдагчийн хувьд миний хүндэтгэл байгуулсан гавьяаных нь багахан шагнал байдаг юм.
Би та нарт бусдыг хүндэтгэх, бусдаар хүндэтгүүлэхэд юуг анхаарах талаар зөвлөх гэсэн юм. Миний зөвлөгөө энэ байна:
• Өөрийнхөө зэрэг зиндааны үүрэг хариуцлага, эрх дарх ямагт бодитойгоор үнэлж бай. Өөрийнхөө давуу эрхийг захиргаандаа байгаа хүннчүүдийн зохих ёсны эрхийг нь үл хэрэгсэн дарангуйлах явдал хэзээ ч гаргаж болохгүй. Захирагдагч хүннчүүд чинь чамд олгосон эрхийг хэзээ ч хэтрүүлж болохгүй.
• Чи бол чиний нэр хүнд мөн. Тэнгэрийн ташуур байх хэцүү, гэвч ийм нэр дайсныг дарахад их давуу хүч өгдөг юм. Хэрэв миний ард түмэн намайг Тэнгэрийн ташуур биш гэж үзэх юм боло би хаан байхаа болино.
• Хаан хүнн дайснаараа хүндэтгүүлэхэд өөрийн алдар суу, сүр хүчийг ашиглаж болно. Гэвч түүнээс доошхи удирдагч хүнн нарт тийм эрх байхгүй. Хэдийгээр би хаан боловч хүннчүүдийн үйлсэд нөлөөлөх үүднээс өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглахыг доод удирдагчиддаа зөвшөөрдөг боловч Аттила би надаас дээгүүр нөлөө үзүүлэх гэсэн удирдагчийг нэн даруй зайлуулна.
• Эрх дархаа үүрэг хариуцлагаасаа дээгүүр тавьж хэрхэвч болохгүй. Үүрэг хариуцлага ямагт дээр нь байх ёстой. Эрх дархаа эн тэргүүнд тавьсан удирдагчид хүндэтгэл ирэхгүй.
• Удирдлагын ямар ч зэрэг зиндааны эрх дарх, хүндэтгэл нь манай ёс заншилд нийцэж байх ёстой ба нөхцөл байдлаас шалтгаалан боловсронгуй болж байх болно. Шүүх болон ордонд эдэлж байгаа эрх дарх дайны талбарт болон гадаад улсын нутаг дэвсгэрт эдэлж байгаа эрх дархаас ялгаатай. Хаана, ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас чиний зэрэг зиндааны эрх дарх, хүндэтгэл хамаарах болно.
• Өөрийнхөө болон бусдын нэр төрийг хүндэл. Хувь хүний ба зэрэг зиндааны халдашгүй эрх аль аль нь үнэ цэнэтэй.
• Доод удирдагчиддаа зохих ёсоор зөв хүндэтгэ. Ингэж чадахгүй бол тэдний захиргаанд орно.
• Зөвлөхүүдээ хүндэтгэх нь чухал. Хэрэв тэдний эрдэм чадал, нөлөө, чадавхийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэд өөрөөс чинь илүү хүндэтгэл хүлээх болно. Теодосиус намайг дутуу үнэлсэн боловч Аттила би түүний эзэнт улсын хүндэтгэлийг хүлээсэн билээ.

Орчуулсан У.Нямсүрэн

2 comments:

I trust myself said...

uneheer sain blog baina shuu. bayarlalaa urgelj zochloh bolno

enkhbaatar tudev said...

chinii blogni


"Х.БАТТØР миний тухай товч"gedgiin deer bui chinghis khaani horog zurag bol chinghis khaani zurag bish!.14-r zuund monmgolchuudtai baildan mongolchuudiig baga saga diilsen hyatadiin tsergiin janjni zurag.tuuh medehgui baruunihan tuunii zurgiig ashiglan chinghis khaan gej nom zohioldoo tavij niitledeg bolson mon 1990 onoos manai mongolchuud hivs bolon busad zuild ingej heregleh bolson iimd hyatad huniig bitgii shuteed blogtoo tavij BI MONGOL HUN gej tenegteed bai!?

: