Thursday, April 16, 2009

“Жанчхүүгийн даваанаас нааш монгол нутагт шаахайны мөр бүү гарaг”


Монголын эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, эх оронч, чин зоригт Ханддорж одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт 1869 онд төржээ. Хошой чин ван хэргэмтэй тэрээр монголынхоо түүх, ёс заншил, шашин шүтлэгийг сайн судалж мэдсэн, манж, хятад, орос хэлтэй хүн байсан гэдэг. Дөнгөж 22-хон настай орь залуудаа буюу 1892 оны үед эцэг Цэрэндоржийн засаг ноёны тушаал хошой Чин ван цол хэргэмийг өвлөж авсан бүлгээ. Монголчуудыг уусгах, газар нутгийг нь эдийн засгийн хавсарга болгохыг санаархсан Манжийн шинэ засгийн бодлогыг тууштай эсэргүүцэж, Богд Жавзандамба, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Жалханз хутагт Дамдинбазар нартай чиг зорилго нэг, чин хүсэл цуг байж, Монголынхоо тусгаар тогтнолын төлөө буцашгүй тэмцэж, цуцашгүй зориглож байсан цогт эх оронч Ханддорж нь Вангийн хүрээнээ Далай ламыг залжээ. Ханддоржийн багш Дандар аграмба Далай лам Түвдэнжэмц хоёр хэд хоног ном хаялцаж тэнцээд, Түвдэнжамцыг буцах үед Ханддорж хүү Данзанжамцыгаа шавь болгон ном сургахаар явуулав. “Миний xүү, Далай ламыг дагаж Бээжинд очих нь. Тэнд очоод хятад, манж хэлийг гаргуун сур. Монголд явуулах Манж нарын бодлогыг сайн мэдэж ирээрэй” хэмээн онцлон захисан ажээ. Далай лам ч Бээжинд очмогц Манжийн эзэн хаанд бараалхахдаа мөнөөх xvv Данзанжамцыг дагуулан орсон байна. “Дур зоргоороо эзэн хааны өргөөнд орлоо” гэж хүүг баривчлан, эцэгт нь “Танай хүү муу хэрэг үйлдсэн учир баривчиллаа” гэж бичиг илгээв. Ханддорж хүүтэйгээ уулзахаар Бээжинд очсон боловч олон хоног хүлээлгэсний эцэст хүүгийнх нь толгойг цар таваг дээр тавиад хадгаар бүтээн авчирч үзүүлэв. Буцах замдаа Ханддорж Хятадын Цагаан хэрмэн дээр гарч, Манжаас шагнасан малгайныхаа чулуун жинсийг бут цохиж хаяад, “Жанчхүүгийн даваанаас нааших Монголын нутагт Хятадын шаахайны мөрийг гаргахгүй” гэж андгай тавьж, алдарт үгээ хэлжээ. Нутагтаа хүүгийнхээ толгойг оршуулчихаад Богд гэгээнд бараалхав. Дашрамд өгүүлэхэд эдүгээ үеэд тэр аугаа их эх орончийн үг талаар болж, Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр хэдэн мянгаараа гарч, монгол газар шороо, монгол охид эмс хятадуудын хөл дор, тэдний өвөрт нэгэнт орсоор олон жил болж буйг нүдээр үзэж, чихээр сонсож суугаадаа бухимдан гутарнам. Энэ жилийн “Болор цом”-ын эзэн Галсансүх найрагч “Монгол газар шороон дээр би хятад хүмүүсийн дунд амьдармааргүй байна” гэж хэлснийг энд зориуд давтья. 1911 оны зуны даншигт Халхын дөрвөн аймгийн хаад ноёд Их Хүрээнд хүрэлцэн ирж, “Манжийн шинэ засгийн бодлого”-ыг хэлэлцэв. Энэ чүхал ажлыг Ханддорж чин ван удирдан зохион байгуулжээ. Тэд Богд уулын модонд очиж, хоёр дахь удаагаа зөвлөлдөөд гадаад орны дэмжлэггүйгээр тусгаар тогтноход бэрх тул их Орос улсаас тусламж гуйх нь зүйтэй хэмээн зөвшилцөн тохирсон ажгуу. Орос руу явуулах хүнээр Ханддорж, да лам Цэрэнчимэд болон Өвөрмонголын Хайсан гүн нарыг явуулах тохиролцоонд хүрснээр тэд 1911 оны 8-р сарын 15-нд Петрбургт очиж Оросын эзэн хаан лугаа учирч, Манжаас тусгаарлахад тус дэмжлэг хэрэгтэй гэдгээ хэлж, зохих хэмжээгээр зөвшөөрүүлж чаджээ. Ханддорж тэргүүтэн Хүрээнээс нууцаар гарч, уул хад, хөвч тайга бараадан өдөр нь бүгж, шөнө нь явсаар хил давсан бөгөөд нийтдээ 50-аад хоногийн дараа Оросын нийслэлд хүрсэн байх юм. Энэ бол зорилго үнэнч, зориг шалгаж, ухаан зарсан аугаа их үйлс юмаа. Хятад оронд Манжийн эсрэг хувьсгал ид өрнөж асан энэ эгзэгтэй үеийг ашиглаж Ханддорж Хүрээнд эргэн ирмэгц Богд хаанд бараалхан бодол саналаа айлдсан гэдэг. Үүнээс үзэхүл Ханддорж нь 1911 оны \/ндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч, манлайлан зохион байгуулагч байсан нь тодорхой бүлгээ. Үүний үрээр мөн оны эцсээр тусгаар тогтносон Монгол улс байгуулагдан, Манжийн амбаныг хөөн явуулсан түүхтэй. Богд хаан түүний гавьяа зүтгэлийг онцгой дээдлэн үнэлж, Түшээт хан аймгийн засаг, хошой чин ван Ханддоржид үе улирах эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү олгохоор зааж, улс төрийн ухаан хийгээд хэлний өндөр мэдлэгийг нь түшиглэн Гадаад хэргийн бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайдаар томилсон нь тун ч оносон хэрэг байлаа. Ханддорж ч энэ чухал албыг нэн сайнаар гүйцэтгэж байв. Энэ албыг тэрээр 1911-1915 онуудад хашсан болой. Манжтай холбоо бүхий дайснууд түүнд цөөн биш байв. Намрын шөнө Богд хааны найран дээрээс гарсан Ханддоржийг жороо хар морьтой Дунд голын эргээр галигуулж явахад нь хоёр хүн отож байгаад цохиж унагаснаар энэ их эх оронч таалал төгссөн байна. Хэдий тэгэвч Ханддорж вангийн гавьяа, нэр алдар нь Монголын түүхэнд, ард олны зүрхэнд мөнхрөн үлдсэн билээ.

2 comments:

hikari said...

Үнэхээр сайхан нийтлэл болжээ.
Чин Вангийн өргөөний хажуугаар өнгөрч байгаа хүн болгонд энэ агуу хүний түүхийг дуулгаж баймаар санагдах юм.

Anonymous said...

Onoo l bogdiin zaralaar aluulsan gej yrigdag olni yaria ortoi bhda hairan shan hun

: