Tuesday, March 24, 2009

Тив нүүх онол


Кристофор Колумб 1492 онд Америк тивийг нээсэн аялалынхаа үед Атлантын далайн баруун эргийг анх зураглажээ.Түүнийг залгамжлагчид болон Португалийн далайчдын XVI зууны туршид хийсэн аялалын явцад Атлантын далайн 2 эргийн хэлбэр уламбүр тодорхой болсон байна.
1619 онд Английн байгаль судлаач Френсис Бекон Өмнөд Америк ба Африкийн эргийн төстэй байдалд тулгуурлан энэ хоёр эх газар урьд нь нэгдмэл байсан байж болох талаар тэмдэглэн бичиж байжээ.
1910 онд АНУ-ын геологич Ф.Тейлор тивүүд шилжин нүүдэг талаар өгүүлэл хэвлүүлсэн боловч 1912 онд Германы эрдэмтэн цаг уурч Альфред Вегенерийн Эх газар ба далайн үүсэл гэсэн бүтээл хэвлэгдэн гарах хүртэл төдий л дэмжлэг аваагүй байжээ.
А.Вегенер дээрх бүтээлдээ эх газрууд нэг нэгдмэл тивийг бүрдүүлж байсан бөгөөд аажмаар салан тусгаарласан талаар Тив шилжин нүүх таамагналаа дэвшүүлэн тавьсан юм.
Тэрээр нэгдмэл тивийг Пангей (Pangea - Бүх газар гэсэн утгатай) гэж нэрлээд одоогоос 200 сая жилийн өмнө Пангей тивийн задрал эхэлж хэд хэд хуваагдан өнөөгийн дүр төрхөө олсон гэж үзжээ.

А.Вегенер болон түүнийг дэмжигчид Өмнөд Америк ба Африкийн эргийн шугамын хэлбэр, эртний уур амьсгал, амьтан ургамлын чулуужсан үлдэгдэл, хурдас чулуулгийн бүтэц, шинж чанар зэрэг хэд хэдэн зүйлээр дээрх онолоо баталсан байдаг. Үүнд:
1. Эх газруудын эргийн шугамын хэлбэр – Өмнөд Америкийн зүүн эрэг ба Африкийн баруун эргийн геометрийн хэлбэр төсөөтэй байсанд үндэслэн эдгээр нь нэг тив байснаа салан тусгаарласан гэж үзжээ.
2. Ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл – Эрт дээр үед амьдарч байсан амьтан ургамлын чулуужсан үлдэгдэл нь тивүүд нэгдмэл байсны нэг баталгаа болно. Жишээ нь эртний аварга гүрвэлийн нэг болох мезозаврын чулуужсан яс (Mesosaurus) дэлхийд зөвхөн 2 газар, Африк ба Өмнөд Америкийн өмнөд эргээс олдсон бол Листрозаврын яс Африк, Энэтхэг, Антарктидаас олддог аж.
Мөн Палеозойн эриний сүүлчээр тархаж байсан Глосоптерис (Glossopteris) хэмээх зөвхөн туйл орчмын уур амьсгалын нөхцөлд ургадаг ургамлын үлдэгдэл Австрали, Африк, Өмнөд Америкийн зарим хэсгээр олдсон бөгөөд сүүлд Антарктидаас ч олдсон юм.
Эртний их мөстлөгийн үед тэнгис далайн усны түвшин одоогийнхоос бага байж Берингийн хоолойгоор дамжин Ази, Хойд Америкийн хооронд амьтдын шилжилт явагдаж байсан нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Харин дээрхийн нэгэн адил хэдэн мянган км хол орших газруудад чулуужсан амьтдын үлдэгдэл адил байдаг нь чухамхүү тивүүд салан нүүсний гэрч гэж үзжээ.
3. Эрдэс чулуулгийн шинж чанар ба бүтэц – Эх газруудын эрэг орчмоор тархсан хурдас чулуулгийн шинж чанар, бүтэц хоорондоо төстэй, нэг төрлийн байдаг байна. Атлантийн далайн хоёр эргийн дагуух чулуулгийн бүтэц адилхан байсан ба зарим уул нуруудын чиглэл, нас үүнийг гэрчилнэ. Жишээ нь Хойд Америкийн зүүн эргийн дагуу орших Аппалаччийн уулсын зүүн хойно сунасан чиглэл, нас, структур нь Гренланд ба Скандинавын уулстай төстэй байдаг байна.
4. Палео /эртний/ уур амьсгал – А.Вегенер цаг уурч, уур амьсгал судлаач хүн байсан тул палео уур амьсгалын талаар мэдээ материалыг цуглуулж судалснаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх баталгаа гаргажээ. Жишээ нь Палеозойн /220-300 сая жилийн өмнөх/ сүүлчийн мөстлөгийн хурдас дэлхийн өмнөд хагаст мөсөн бүрхэвч их талбайг хамарч байсныг гэрчилжээ.
Энэ эртний мөстлөгийн хурдас /тиллит/ Африкийн өмнөд хэсэг, Энэтхэг, Австралид олджээ. Мөстлөг ухрахдаа хурдас чулуулгийн гадарга дээр үлдээсэн ул мөр нь эдгээр тивүүдийн нүүсэн чиглэлийг гэрчилнэ.

Одоо ч субтропик болон тропикийн уур амьсгалтай газрууд хожуу Палеозойн мөстлөгт автаж байсны ул мөр олон байдаг ажээ. А.Вегенерийн тайлбарласнаар Өмнөд Америк, Африк, Энэтхэг, Австрали, Антарктид нь дэлхийн өмнөд туйл дээр төвлөрч байсан гэж үздэг.
А.Вегенерийн бүтээл 1924 онд англи хэлээр хэвлэгдсэн нь олны анхаарал татаж, шүүмжлэлд өртөж эхэлсэн ба гол шалтгаан нь тивүүд тивүүд салан тусгаарласан механизмыг зөвхөн сарны татах хүчнээр үүсэх таталт түлхэлттэй холбон тайлбарласан нь хангалтгүй байв.
Гэвч тэрээр уг бүтээлээ улам баяжуулан 1929 онд 4 дэх удаагаа хэвлүүлжээ.
1960-аад он гэхэд далайн ёроолын зураглал хийгдэж, сейсмийн идэвхжил болон дэлхийн соронзон орны судалгаанд гарсан шинэ үе шат нь А.Вегенерийн санааг дахин сэргээхэд хүргэсэн юм.
Олон орны эрдэмтдийг хамарсан энэ бүх судалгааны үр дүнд 1968 он гэхэд Тив шилжин нүүх онол нь Чулуун мандлын хавтангийн онол болон өргөжин хөгжсөн байна.

1 comment:

Bunji said...

Ih sonirholtoi blog-to yuma. taalagdlaa. bas taniig unelj bgaga nuugad yahav. Unendee iimerhu zuil bichdeg, bodoj yavdag humuus hovor shuu.. Blogoo ulam orgojuulj ooriin gesen site-tai bolood oorteige adil eh oronch, uhaalag humuusiig egneendee elsuuled busdiig eh ornoo hairlah uilst urialan, sain uil buteej yavarai....
Bunji

: