Monday, November 24, 2008

Зурaг - Байхуй

(зураг дээр дараад томруулж харна уу)








...
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Saturday, November 22, 2008

Их талын хүмүүс ба байгаль

Лев Николавич Гумилев.

Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг

Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Л.Н.Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж баахан загнууллаа. За, Оросоос болдоггүй юм бол Баруунаас орчуулъя гээд Самуюэль Хантингтон, Питирим Сорокин нарыг орчуулсан чинь бас л баахан загналаа. Эд чинь бараг л дэлхийн №1 хүмүүс шүү дээ. Баярлалаа гэсэн үг ганцыг ч сонссонгүй. Дэлхийн том эрдэмтдийн өмнөөс дандаа загнуулаад байх хүсэл надад даан ч алга. Орчуулахгүй болохоор “Нууц Товчоо”-оос нэг их хэтрэхгүй юм байна ш дээ, манай зарим сэхээтнүүд…


Нүүдэлчдийн түүхийн зарим нарийвчлалыг тайлбарлахуй

Дорнод Ази нь МЭӨ IY-III зууны үед анхлан баригдсан Хятадын цагаан хэрмийн өргөрөгийн дагуу илт мэдэгдэх газар-нутаг-цаг уурын хил болон хуваагддаг. Түүнээс өмнө зүг зөөлөн уур амьсгалтай бүс оршино. Эрт дээр үед тэнд субтропикийн ой ургаж байсан бөгөөд хожим нь энэхүү үржил шимтэй газрыг хагалж ашигладаг тариаланчид байжээ. Эндээс хятадын эртний нэр Дундад тал газар гэсэн нэр үүсчээ. Умарт зүгт нь аажмаар говь цөл болон шилждэг хуурай тал нутаг үргэлжилнэ. Нөгөө зүгт нь мөн л хуурай тал газраас уулын тайгын арвин их чийгтэй нуга болон аажмаар шилждэг, заримдаа бүр баруун тийш Хэнтий, Хангайн нуруудыг дамжин үргэлжилсэн нутаг оршдог. Энд эрт дээр үеэс түрэг, монгол, европеид угсаат динлин нарын өвөг болох анчид, загасчид амьдарч байжээ.

МТӨ II зуунд талын уугуул угсаатнууд (этнос) суурин амьдарч, тэдний зарим нь газар тариалан өргөнөөр эрхэлж, суурин мал аж ахуйтай байжээ. Гэвч МТӨ I зууны дундуур аймшигт хуурайшилт болж, усалгаат газрын хөрсний давхрааг эвдэж, элсэрхэг болгожээ.
Салхи элсийг тал руу хийсгэж, түүний ихэнх хэсгийг газар тариаланд тохиромжгүй болгов. Гантай үеүдэд өвс ногоо ховордож, мал сүргийг өвс ногоо байгаа газарт адгуулах болж, мал аж ахуйд шилжив. Ингэж энэхүү тал нутагт нүүдлийн мал аж ахуй үүсэв. Нүүдлийн мал аж ахуй нь цаг уурын хэлбэлзэл, эртний газар тариаланчдын аж ахуйгаа эрхлэх явдлыг хослуулахад үүссэн нөхцөлд аж ахуйн системийг зохицуулах арга болон үүссэн юм.

НТӨ IX-YIII зууны зааг үед Төв Азийн тал нутагт Хүннүчүүд (Хүн-Орч) тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан нүүдэлчин угсаатны бүрдэл үүсэв. Энэ бүрдэлд динлинчүүд, дунху нар (сяньби (сүүлийн үед Хятад гаралтай Сяньби гэдгийг Сүмбэ гэж нэрлэх заншил тогтож байгаа-Орч) болон монголчуудын өвөг), усун нар, Амду болон Куньлун уулын дэвсгийн нүүдэлчин төвдүүд мөн орж байв. Энэхүү угсаатны бүхэллэг нь эртний Хятад болон иран хэлт Туран (юучжи)-ы эсрэг сөрөн зогсч байсан юм. МТӨ 209 он хүртэлх нүүдэлчдийн түүх бичгийн сурвалжид бараг тэмдэглэгдээгүй ч энэхүү үеийн төгсгөл хэсэг нэлээд тодорхой байдаг юм. Хүнчүүдийн ихэнх хүч хан (хятад) улсын түрэмгийлэлийг няцаахад чиглэгдэж, ингэснээрээ ч Тал нутгийн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг МТӨ I зууны сүүл хүртэл хамгаалж чадсан юм. 93 онд Сүмбэчүүдэд цохигдсон Хүннүчүүд дөрвөн хэсэгт хуваагдаж, зарим нь сүмбэтэй холилдож, хоёрдахь нь Семиречье-д суурьшиж, гуравдахь хэсэг нь Европ руу явж, дөрөв дэхь нь хятадад орж улмаар тэндээ сөнөсөн юм.

Нүүдэлчин угтсаатуудын хоёрдахь сэргэлт нь YI зууны дунд үед хамаарна.

Энэхүү сэргэлтийн үр дунд Ляохэ-ээс Дон хүртэлх тал нутагт амьдран суугчдыг нэгтгэсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан юм. (Манай түүхэнд гардаг түрэг гэдэг нь одоогийн туркээс огт өөр угсаатан болно-Орч). Цар хэмжээгээрээ Түрэгийн хаант улс Хүнчүүдээс давж байв. 200 жил оршин тогтнох хугацаанд энэ улсад мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй юм.
Энэхүү консерватизмыг Түрэг улс бараг өөрчлөгдөөгүй нөхцөл байдалд Суй болон Тан улс, Иран болон Арабын халифаттай, мөн түүнчлэн эзлэгдсэн боловч эцсээ хүртэл захирагдаагүй байсан талын аймгууд, ялангуяа уйгарчуудтай тасралтгүй дайтаж байснаар зарим талаар тайлбарлаж болно. Энэ үед кипчакууд (половчууд), кангарчууд (печенегүүд), карлукууд, киргизүүд, (динлинчүүдийн удам), түркменүүд (парпянчуудын удам), мөн монгол хэлт киданчууд зэрэг олон ард түмэн булаан эзлэгчдийнхээ соёлыг хүлээн авч, түүнийгээ 745 онд Хаант улс сөнөсний дараа ч хадгалж байжээ.

Уйгарчууд ираны (манихей) болон византын (неисториан) үзэл суртлыг шамдуу авсан боловч Орхон гол дээрхи өөрийн эртний феодалын улсаа бэхжүүлэх чадваргүй болж, 840-847 онуудад енисейн киргизүүдэд бут цохигджээ.
Үүний дараа тал нутагт XII зуун хүртэл ямар нэг тогтвортой давуу байдал ажиглагдахгүй байсаар түүхийн эргэлтэд Тал нутгийн төдийгүй нийт тивийг хамарсан эзэнт гүрэн байгуулах зүрчид, монгол хоёр аймаг нэгэн зэрэг гарч ирлээ. Төв азийн бүх ард түмний хувьд нийтлэг нэгэн зүйл нь хятадын соёлыг үл тэвчих явдал байв. Жишээлбэл: түрэг хятадын эсрэг илэрхий чиглэсэн өөрийн гэсэн үзэл суртлын системтэй байсан.

Уйгарын хаант улс мөхсөний дараа уйгарчууд манихейн шашныг, карлукууд исламыг, басмалчууд болон онгуудууд несториан шашныг, төвдүүд буддын шашныг энэтхэгийн хэлбэрээр нь авцгаасан, харин хятадын үзэл суртал цагаан хэрмийг давж чадаагүй юм. Бие даасан байдлын төлөө Тан улстай хийсэн тэмцлийн шийдвэрлэх хүчин зүйл нь тал нутгийнхан биш, харин Киданыг ниргэж, хятаджсан Ляо улсыг 1125 онд устгаж, дараа нь Сүн улсыг ялсан алс дорнодын ойн ард түмэн болох зүрчид нар байлаа. Зүрчдийн тухай хятадын түүхийн уялдаат мэдээ нь X зуунд хамаарна, харин XII зуунд энэ хоёр ард түмэн тулалдаж, цус урсгасан дайн зүрчдийн талд ашигтайгаар шийдвэрлэгдэв. Түүхийн алслалаас үзвэл зүрчид нар хятад руу довтолсныг урд өмнө нь Тан улсын цэрэг Алс дорнодын ойн мужид довтолж байсны хариу гэж үзвэл зохино. Кайфынаар төвлөсөн Сун улсыг байгуулах гэсэн оролдлогын эсрэг тэмцэлд талынхан биш ойн ард түмэн боссон юм.
Тэд тал нутгийнхаа адил хятадын соёл иргэншлийн материаллаг талыг хялбар эзэмшиж, өөрсөддөө харш күнзийн үзэл суртлыг тоолгүй орхисон юм.
Зүрчид нь Хуай гол хүртэлх хойт хятадыг эзэлмэгц дайны тэргүүн шугамыг өмнө зүгт шилжүүлэн байрлуулахдаа эзлэгдсэн хятадуудтай холилдоогүй юм.

Манжуур дахь Зүрчидийн хотуудын тууринаас олон тооны хятад эдлэл олддог нь энд хятадын соёл нэвтэрснийг биш, харин дайны олз ихтэй байсныг харуулдаг юм. Зүрчдийн хаадыг хятадын сурвалжид Чин улс гэж (шууд орчуулга нь түрэг-монголын алтан гэсэн үг) нэрлэдэг байсан ч XII зууны үед хятадууд энэ улсыг харийн, дайсагнагч улс хэмээн үзэж ”зэрлэгүүдийн“ эсрэг тэмцлээ зогсоогоогүй юм. Зөрчлийн зангилаа хэтэрхий нягт байсан болохоор түүнийг XIII зуунд зөвхөн Чингис л тайлж чадсан билээ. XIII зуунд Монголын эзэнт гүрэн байгуулагдсан тухайгаас илүүтэй цөөн тооны түүхэн үзэгдлийн тухай гажуудсан үзэл бодол бий болсон ч байж магадгүй. Монголчуудыг бусад ард түмэнд сөргүүлэн хэтэрхий хэрцгий, цусанд дуртай, бараг л дэлхийг эзлэх хүсэлтэй гэж бичицгээдэг. Энэхүү үзэл бодлын анхдагч суурь нь булаан эзлэгчдийг үзэн ядсан XIY зууны үеийн монголын эсрэг агуулгатай олон тооны зохиолууд болсон юм. Эртнээс илэрхий болсон түүхэн шүүмжлэлийн тодорхой зүйл рүү оролгүйгээр ердөө л хэдэн тоо авч үзье.
XIII зууны эхэн үеийн монголд янз бүрийн аймгийн 700 мянга орчим хүн амьдарч байв. Гэтэл Хойт болон Өмнөд хятадад 80 сая, Хорезмын улсад 20 сая орчим, дорнод Европод ойролцоогоор 8 сая хүн амьдарч байлаа. Хэрэв хүн хүчний харьцаа ийм байхад монголчууд ялалт байгуулсан нь тэдгээрийн эсэргүүцэл бүхэлдээ маш сул байсан гэдэг нь тодорхой байна. Үнэхээр ч XIII зуунд монголын хөршүүдэд феодализмын хямралын эрин үе болж байсан юм. Эсэргүүцэгчдийг устгаж байсан тэмцэлтэй холбогдуулан зарим баримтыг авч үзье. Зүрчидүүд 1135 онд дайтаж, монголчуудыг биет байдлаар ниргэсэн.

100 жилийн дараа монголчууд ялсан, гэхдээ зүрчдүүдийг устгаагүй. 1227 онд монголчууд Тангадыг эзэлсэн, харин тангад хэл дээрхи Хар хотын тухай гар бичмэлүүд нь уг хотын соёлын хөгжил XIII зууны үед ч байсныг гэрчилдэг. 1372 онд монголчуудын эсрэг дайтсан Мин улсын хятадууд Тангадын газар нутгийг эзэлсэн ба тэр цагаас хойш тангадууд байхгүй болсон. 1208 онд половчууд монголын дайсан болох мэргэдүүдийг авсан учраас тэдэнтэйгээ хамт нэрвэгдсэн. Хорезмшах Мухаммед бүх үеийн ёс заншлыг зөрчиж, монголын албатуудыг цаазалж Чингисийн элчийг доромжилсон учраас дайн дэгдэж Хорезмийн улс мөхсөн, гэхдээ Дундад Азийн түрэг болон иран хүн ам ямар ч гэсэн бүтэн үлдсэн юм. Мэдээжийн тэр үеийн монголчууд дайнч нүүдэлчид байсан юм. XIII зууны үед энхийг эрхэмлэх явдлыг хаана ч, түүний дотор Европод давуу сайн зүйл гэж үздэггүй байсан, нүүдэлчин монголчууд “хэрцгий“ байдлаараа өөрийн цаг үеийн тэр л түвшинд байсан.
Хүнчүүд Аварчууд, зурчууд, хорезмчууд, полвчууд, загалмайтнууд бусад олон олон үндэстнүүд нь монголчуудаас огтхон ч илүү “сайн” байгаагүй. Монголчуудын татагдан орсон дайн нь Чингисийн хувийн муухай чанарын үр дагавар биш, харин феодалын улсууд өрсөлдөх үед, мөн идэвхитэй угсаатнууд тулгарах үед үүссэн нийгэм-эдийн засгийн зөрчилдөөний логик хөгжил болсон юм.

Түүхэн материализмийн онолд хангалттай нотолсноор ийм агуу их үйл явдал зөвхөн хааны олон аашнаас хамаарч болохгүй юм. Энд бид өөр зүйлийг тэмдэглэх ёстой. Яагаад монголчууд өөрийн хүч чадлын хязгаарлагдмал байдлыг мэдсэн хэрнээ дайнд аз туршин орж, ялалт байгуулсаар байсан бэ? Энд олон хүчин зүйлээс дараахыг дурьдаж болно: тэдний дайснууд өөрийн хүчийг хэтрүүлэн, дайсны хүчийг дутуу үнэлж байсан юм. Яг ийм үйл явдал YII зууны үед арабчуудад тохиолдсон бөгөөд тэр үед Халифатын хүчин чадлыг дутуу үнэлсэн Византи өөрийн эзэмшлийн тал хувийг алдаж, Иран тусгаар тогтносон юм. Ингэж үзэхдээ бид цэргийн чадварын тухай ч, нийгмийн процессын тухай ч мартаж болохгүй. XIII зууны феодалын улсууд чухамхүү нийгмийн процессын улмаас эрт задарцгаасан юм. Монголчуудыг ялалтад хүргэхэд тусалсан бат бэх зүйл юу байв?
Монголчуудын эх нутаг бол Хэрлэн голоос хойт зүгт Байгалийн чанад дахь зүүн талын хэсэг юм. Чингис одоогийн Зөвлөлт-Монголын хилээс хэдэн км зайд орших Дэлүүн болдог гэдэг газар төржээ. Энэ газар өргөн тал, ой шугуй хосолсон бөгөөд мал аж ахуйд ч, ойн ан агнуурт ч тохиромжтой байв. Одоо энд амралтын нөхцөл бүрдсэн байдаг. Зэргэлдээ нь X зууны гангаас аажмаар эдгэрч байсан тал нутаг үргэлжлэнэ. Малын билчээр нутаг сэргэхийн хэрээр Сибирийн хүмүүс Онон, Хэрлэн, Орхон, Сэлэнгийн хөндийд суурьшжээ. Монголчууд эртний Түргүүд цэцэглэж байсан газарт нутаглаж, тэднээс өмнө зүгийн хятадын түрэмгийллээс тал нутгийг хамгаалах түүхэн үүргийг уламжилж авчээ.

Монголын нийгмийн үндсэн элемент нь задралынхаа шатанд байгаа овог байсан юм. Овгийн толгойд язгууртнууд байсан бөгөөд тэдний төлөөлөгчид нь баатар, ноён, цэцэн, тайж зэрэг хүндэт цолтой байв. Баатрууд болон ноёд нь боол (мал болон гэр арчлах) ба бэлчээр олж авах аян дайныг голчлон толгойлдог байжээ. Нийгмийн бусад давхрагууд гэвэл нөхөр, харчууд (доод гарлын овгийн гишүүн-хар ястан) зэрэг байв. Боолууд бол овгоос гадуур байсан. Нэгэн цагт илүү хүчтэй хөршдөө ялагдсан юмуу түүнд сайн дураараа нэгдсэн (унаган боол) бүхэл бүтэн овгууд хувийн эрх чөлөөнөөсөө салдаггүй байснаас гадна эрхийн харилцааны хувьд ялагчдаасаа бага ялгагддаг байв.
Үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшин, солилцооны худалдаа, нүүдлийн мал аж ахуйн онцлог нь албадлагын хөдөлмөрийг өргөн хэрэглэх боломж олгодоггүй байв. Боолыг голчлон гэрийн зарц байдлаар ашигладаг байснаас боолчлол нь үйлдвэрлэлийн харилцааны шинж чанарт чухал нөлөө үзүүлдэггүй байв. Гэхдээ бэлчээр нутгийг хамтран эзэмших, өвөг дээдэст тахил өргөх, цусан өшөө авах, үүнтэй холбоотой овог хоорондын дайн самуун зэрэг овгийн байгууллын үндсүүд бас л хадгалагдаж байсан. Энэ нь тодорхой хүнийг биш, овгийг бүхэлд нь хамардаг байв.
Монголчуудад овгийн хамт олон бол нийгмийн амьдралын үндэс болох тухай, овгийн хувь заяаны төлөө хүлээх хамтын хариуцлагын тухай, заавал харилцан туслалцах тухай төсөөллүүд бат шингэсэн байдаг

Овгийн гишүүн хамт олныхоо дэмжлэгийг ямагт мэдэрч, өөрөө хамт олны зүгээс ногдуулж буй үүргийг биелүүлэхэд ямагт бэлэн байдаг байв. Эдгээр овгууд нь зөвхөн зарчмын хувьд монголын хүн амыг хамарч байсан юм.
Овгийн байгуулал задарсантай холбогдон түүний сахилга бат дарамт болсон, бүх эрх мэдэл ахлагчид хамаарч, бусад нь ямар ч гавьяатай байсан хоёрдугаар зэргийн байр суурь эзлэх болсон олон хүмүүс бий болжээ. Юмны сүүл барих явдалтай үл эвлэрсэн тэр хүмүүс өөрийн овог, хүрээгээ орхин “урт дурын“ буюу “чөлөөт байдалтай” (хятад орчуулгаар байшень-цагаан биет буюу “цагаан яст”) хүмүүс болцгоожээ. Эдгээр хүмүүсийн хувь заяа ихэвчлэн эмгэнэлтэй байсан юм. Тэд нийгмийн дэмжлэгээс тасарч, талын хоморголон авлахаас хүнд хэцүү, ашиг муутай ойн ангаар амьдрах шаардлагатай болов. Түүний дээр монголчууд нүүдлийн шувууг бараг иддэггүй, загасыг арга ядсан үедээ л хоолонд хэрэглэдэг байсан.
Морь буюу хонь олохын тулд эдгээр хөөгдсөн хүмүүс системтэйгээр дээрэм хийдэг болов. Цаг хугацаа өнгөрөх тусам овог нэгтнээ зохион байгуулалттайгаар эсэргүүцэх отряд байгуулах, овгийн нэгдэл холбоотой тэмцэх удирдагчийг хайх болов. Ийм бүлгийн тоо тасралтгүй өссөөр байлаа. Эцсийн эцэст овгийн нас барсан удирдагчийн хүү, эд хөрөнгө, нийгмийн байдлаа алдсан, алдарт Боржигон овгийн гишүүн Тэмүүжин тэдний дунд орж ирэн хожим нь Чингис цолтой хаан болсон юм.

Энэхүү үйл явдал нь монгол болон түрэг хэд хэдэн овог нэгдэж, цэргийн нэгдмэл гүрэн болоход хүргэсэн юм. Овгийн аядуу (инертный) болон идэвхигүй хүмүүс”урт дурын хүмүүст “захирагдах болов.
Монголчуудын эхний дайсан зүрчид байлаа. Тэдний анхны дайн (1135-1147) монголчуудын ялалтаар өндөрлөв. Зүрчид нь хятадтай дайтаж байсан учраас өргөл барих үүрэг хүлээсэн юм. 1167 онд тэд “боолчуудыг цөөлөх, хүмүүсийг устгах” нэрээр тал нутаг руу дайрах дайралтаа сэргээж, энэ нь 1189 онд бодит үр дүнгүй дууссан юм. Гуравдахь шийдвэрлэх дайнд (1211-1235) Сун улсын хятадууд зүрчдийн эсрэг монголын холбоотон болон дайтсан боловч хэд хэдэн ялагдал хүлээж, дайны бүх хүндийг монголчууд үүрч гарсан юм. Монголчуудаас зүрчдийн газар нутгийг авахыг хятадууд монголчуудаас шаардав. Энэ талаар тохиролцох гэсэн оролдлого нь хятадууд монголын элчийг алсан явдлаар өндөрлөв. Энэ нь монголчуудын хувьд хүндрэлтэй сунжирсан дайнд хүргэсэн бөгөөд тэдний морин цэрэг өмнөд хятадын ширэнгэ ойд эргэж чадахгүй, бас хятадын цайзуудын эсрэг хүч мөхөсдөж байв.

1257 онд Урианхайдай жанжин багавтар отрядтайгаар дайсны ар талд цөмрөн орж, Сычуанаар дамжин Энэтхэг-хятадын хойгт хүрч, тэнд Сун улсын эсрэг нутгийн бирм, тай, вьетнам овгуудыг босгосны үр дүнд дайны шийдвэрлэх эргэлт болсон юм. Ийнхүү цөөн тооны монголчууд хятадчилах бодлогын обьект болохыг зөвшөөрөөгүй алс дорнодын ард түмнүүдийг нэгтгэснээр аварга том хятадыг ялсан юм. Монголчуудын ялалт ч дуусав. (Энэ нь Хубилай хаан бүх хятадыг эзэлж өмнөд Сун улсыг мөхөөсөн оныг хэлж байна-Орч). Монголчуудын амжилт ч дуусав. 80 жилийн байнгын дайны туршид “урт дурын хүмүүс” ба тэдний удмаас олон хүн үрэгджээ. Монгол нь ахин Хятад гэсэн илүү ачаатай ядуу орон болон хувирав. Энэ хоёр улс хоорондоо хэтэрхий их ялгаатай байлаа. Хубилай хаан ердийн нөхцөлд амрахын тулд талын өвс ногоотой газар өөрийн ордныхоо нэгийг барихыг тушаасан гэдэг.
Хятадууд ч үзэн ядаж буй тал нутгийнхныг дуурайхгүйн тулд удаан хугацаанд сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байв. Хэсэгчилсэн ассимиляци (цус холилдох) ч явагдсангүй, учир нь монгол хятадын эрлийзүүдийг хоёр угсаатны аль аль нь хавчин хяхаж, эцэст нь мөхөөдөг байв. Харин Мусульманчууд болон оросуудтай бол монголчууд дуртайяа гэр бүл болдог байв. Монголчууд зөвхөн иудейн шашинтан хүмүүсээс хятадуудаас илүү цэрэвдэг байжээ. Бүх шашны лам хуваргуудыг албан татвараас чөлөөлөхдөө зөвхөн раввинчуудаас (иудейн шашны хувиргууд-Орч) татвар авдаг байв.

Монголчуудын эсрэг хятадын тэмцэл ширүүсч хэд хэдэн бослого нэгдэв.

Тэдний нэг нь “улаан алчууртны” хөдөлгөөн байсан бөгөөд энэ нь ”Цагаан лянхуа” гэдэг нууц байгуулгын дохиогоор айлуудаар байрлаж байсан монгол цэргүүд орон дотроо хядуулсан 1351 онд эхэлсэн байна. Энэхүү үйл явдлыг хятадууд одоо ч гэсэн үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Зүчийн улс (Алтан орд), Цагаадай, Хулагу (Иран), Зүүн гараас гаралтай баруун монголчуудын хувь заяа арай өөр байсан юм. Эзлэгдсэн хятадаас хүч хэрэгслээ шавхан олж байсан Хубилайн хятадтай тогтоосон нягт холбоо нь 1259 онд монголчуудын дунд хагарал гаргав. Хубилайг эсэргүүцэгчид түүний ах Аригбөхийг хаан ширээнд залж, 1264 онд түүнийг нас барсны дараа Зүүнгарын Чингисийн угсааны ноён Хайдуг бас залав. Хувилайн талд Ираны монголчууд байсан юм. Хайду нь нүүдлийн уламжлалд тулгуурлан 1304 он хүртэл дорнод монголчуудын эсрэг дайтсан юм. Түүнийг Оросын ноёдуудтай холбоо тогтоосон Батын угсааны ноёд дэмжиж байв. Александр Невский энэхүү холбооны идэвхитэй гишүүн байсан билээ. Түүний нас барсны дараа ч гэсэн нэг талаас, монголын морин цэрэг ливоны рыцариудыг 1269 онд бут цохиход оролцсон, нөгөө талаас Доод Ижилд байсан хаад Юань гүрний талд байсан азийн нүүдэлчдийг Дорнод Европ руу цаашлан цөмрөхөөс сэргийлж байв. Монголчууд дорнод болон баруун (ойрд) гэж хуваагдах болов.

Ижил хавийн несториан шашинт монголчууд 1312 онд тэднийг хүчээр исламын шашинд оруулах гэсэн засгийн эрхийг булаагч хаан Узбект захирагдахаас татгалзав. Тэдний хэсэг нь дотоодын дайнд (1312-1315 он) үрэгдэж, үлдсэн хэсэг нь шашин нэгт Орос руу зүглэж, Куликовын талд Мамайг ниргэсэн Москвагийн цэргийн бүрэлдэхүүнд орж, хожим нь Литвийн дайралтыг зогсооход оролцсон юм. Ираны монголчууд 1295 онд исламын шашныг авсан. Тэдний удам хазарчууд эдүгээ Афганистаны тал газарт Хазараджатад амьдарч байна. Монголчуудын хамгийн дайчин хэсэг нь Зүүнгарт суурьшиж, ойрдын овгийн холбоог байгуулсан юм. Чухамхүү ойрдууд эрт дээр үеэс умар зүг дэх хятадын түрэмгийллийн эсрэг хаалт саад болж байсан хүн, түрэг, уйгаруудын үүргийг хүлээн авч Чин улсын манж-хятадын цэрэг энэхүү баатарлаг угсаатныг устгасан 1758 он хүртэл энэхүү үүргээ хэрэгжүүлсээр ирсэн юм. Засгийн эрх монголчуудаас хятадын өөрийнх нь Мин улсад шилжсэн XIY зууны хятадыг авч үзье. Хятадыг монголчуудаас чөлөөлөх дайн 1351-1368 он хүртэл сунжрав. Сүүлчийн монгол цэрэг говийн чанадад гарсан ч гэсэн уг дайн үргэлжилсээр байсан юм. Шинэхэн Мин улс хуучны Хан, Тан улсын эртний эрмэлзлэлийг авч монголыг эзлэхээр оролдох болов. Чухамхүү ойрдууд 1449 онд хятадуудыг цохиж, Түмийн дэргэд тэдэнд сүйрлийн цохилт өгч, чингэхдээ хятадын эзэн хааныг олзлон авсан байна. Энэ тулалдаан Монголыг ч, монголчуудын бодит амьдралыг ч аварсан юм. Дорнод болон өмнө зүгт хийсэн Мин улсын түрэмгийлэл илүү азтай байлаа. Түрэмгийллийн обьект нь 1405-1430 онуудад хятадын флот гаарч байсан Солонгос, Түвд, Вьетнам, Индонез болон Малайн ольтригийн газар нутаг болов. XYII зууны үед манжууд хариу довтолж эхлэв. Хятад дахь дотоодын самууныг тэд ашиглан 1644-1647 онд бүх улсыг эзлэв. Манжийн эсрэг бослого 1683 он хүртэл үргэлжлэв. Дорнод азийг нэгтгэх гэж хятадууд хоёр мянган жил эрмэлзээд чадаагүй зүйлийг манжууд хагас зуун жилд хийж чадсан юм. Гэхдээ манжийн түрэмгийлэл нь улс төрийн шинжтэй байснаас биш угтсаатны шинжтэй байгаагүй юм. Манж нь жижиг, хүн амын өсөлт бага байлаа. Манжууд хятадыг эзлээд тэнд цэргийн анги барьж байх шаардлагатай болов. Тэдний бүх залуус гадаадад алба хааж, өөрийн гэсэн гэр бүлгүй байв.

Хятадын эзэн болонгуутаа тэдний богд хаад нь Чин улсын эзэн хаан болсноор хятадыг эзэлсэн харь аймгийн эрт үеийн хувь заяаг бас л дахин давтсан юм. Эртний үе рүү эргэн дээр дурдсан зүйлсийн зарим үр дүнг гаргаваас хүн, түрэг, монголчууд нь хоорондоо ихээхэн ялгаатай байсан боловч тэдгээр нь бүгдээрээ Их талын хил дээр хятадын түрэлтийг тогтоон барих саад тотгорын үүргийг цаг цагтаа биелүүлж иржээ. Эндээс тэдгээрийн үйл ажиллагааны нийтлэг шинж нь жирийн угсаатны нийтлэгээс бүтэн эрэмбээр дээгүүр байсан бөгөөд байгалийн нөхцөл болон нийгэм-улс төрийн нөхцөл байдлын хослолын үр дүн болсон юм. Хэрэг дээрээ цаг агаарын эрс хэлбэлзлэлийн үед нүүдлийн аж ахуйн системийг хадгалах, Хан, Тан, Мин улсын түрэмгийллийг байнга эсэргүүцэх шаардлага нь Төв Азийн угсаатны нийтлэгийн нийгмийн харилцаа, хөгжлийн ижил төстэй шинжийг ихээхэн хэмжээгээр тодорхойлсон юм. Чухамхүү энэ хатуу ширүүн тэмцэл дунд Азийн (дундад буюу средняя гэсэн үг биш-орч) ард түмнүүдийн өвөрмөц маягийн зогсонги байдлын шалтгаануудын нэг оршино. Тэд авьяасаар ч, ухаанаар ч европчуудаас дутаагүй. Гэхдээ бусад ард түмний соёлоо хөгжүүлэхэд зарцуулж байсан хүч чадлыг түрэг болон уйгарчууд нь бусад зүйлийн хажуугаар өөрийн тусгаар тогтнолыг хамгаалахад зарцуулж байсан юм. Зуу зуун жилд тэд ганц ч жил тайван байгаагүй боловч тэд төрөлх газар нутгаа хамгаалж мөргөлдөөнөөс ялагч болон гарч ирдэг байлаа.

Үүнтэй холбогдуулан: Яагаад хоёр мянган жилийн турш техникийн төгөлдөржилтийг бага шаарддаг нүүдлийн мал аж ахуй буюу нэг төрлийн аж ахуйг дагнан эрхэлсэн нүүдэлчин ард түмэн хэд хэдэн удаа унаж босоод байдаг вэ? гэсэн асуултыг тавих нь зохистой юм. Нүүдлийн аж ахуй үйлдвэрлэх хүчний ойролцоо нэг л түвшинд байгаа байдлыг параметр буюу тооцооны анхдагч цэг болгон авч үзэж болно. Баруун европын хувьд ингэж авч үзэж болохгүй. Яагаад гэвэл чийглэг, тэнгисийн уур амьсгал нь цаг уурын бага ялгаатай учраас социо хүрээ: үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааг идэвхитэй хөгжүүлсэн юм. Тивийн дотоодод бол үүний урвуу байдаг. Талын бүсийн чийг олох байгалийн нөхцөл нь маш хүчтэй бөгөөд байнга өөрчлөгддөг. 2000 жилийн туршид гурван удаа гантай үе III, X, XYI зууны үед тохиож, чингэхдээ Их Талын баруун хэсэгт өвлийн циклоны чийгшилт болж, цас орж, дулаардаг, дорнод хэсэг-Монголд номхон далайн муссоны улмаас өвөлд цас бага, намарт бороо бага орж зуны шинжтэй байдаг учраас малчид жилийн турш тэжээл бэлтгэлгүйгээр нүүх боломжтой байдаг.

Баруун хэсэгт хэт эмзэг районууд Арал тэнгисийн орчимд байдаг.

Нарны идэвхиэс хамааран циклон болон муссонууд нь хойт зүг рүү буюу ойн болон арктикийн бүсэд заримдаа холилддог юм. Ингэхэд Монгол болон Казахстаны цөл өргөжин тэлж, тайга Сибирь рүү шахагдан тал газар байраа тавьж өгдөг, мөн Хятадын субтропикийн ой урагш шилжиж, говийн сухайгаар элс нь бага зэрэг барьцагдсан элсэн манхан бий болдог. Циклон, муссонууд эргэхэд цөл газар нарийсч, зах талаас нь талын ногоо ургаж, ой умар, өмнөөс нь тэлдэг. Энэ үзэгдэл нь бэлчээр нутгийн хэмжээнээс хамааран аж байдлаа залгуулдаг нүүдэлчдийн эдийн засагтай хялбархан холбогддог. Төв Азийн цаг агаарын хэлбэлзэл нь харьцангуй удаан 150-300 жил үргэлжилдэг болохоор энэ үзэгдлийг хятадын эсрэг мөнхийн дайн хийж байсан нүүдэлч гүрнүүдийн хүч чадал хэлбэлзэх үзэгдэлтэй харьцуулах боломж гардаг юм.
XYI-XYIII зууны сэтгэгчид Ж.Боден,Ж.Л.Монтеське, И.Г.Гардер нар тухайн үеийн шинжлэх ухааны түвшингийн хэмжээнд хүний үйл ажиллагааны бүхий л илэрлүүд, түүний дотор соёл, сэтгэл зүйн хэв шинж, засаглалын хэлбэр зэрэг нь тухайн ард түмний нутаглаж буй газар орны байгалиар тодорхойлогддог гэж үзэж байв. Манай үед энэ үзлийг хэн ч нухацтай авч үзэхгүй байгаа юм.

Академич СВ Калесникийн ”газар зүйн нигилизм”гэж туйлын онож нэрлэсэн түүхэн дэх газар зүйн орчны нөлөөллийг бүр мөсөн үгүйсгэсэн дээрхийн эсрэг концепци нь үүнээс бүр ч дор юм. Газар зүйн орчин нь нийгэм-эдийн засгийн формаци солигдоход нөлөөлдөггүй гэсэн баримт нь маргаангүй бөгөөд иймэрхүү үзэгдлийг хүлээн зөвшөөрөхийг газар зүйн детерминизм гэдэг. Гэхдээ зуун дамжсан ган,тив доторх усны сав тэлэх, тухайлбал Каспи,Чад зэрэг нуур тэлбэл тэр хавийн бүс нутгийн аж ахуйд нөлөөлөх үү?
Жишээлбэл: VII-XIY зууны үед Каспи тэнгисийн түвшин 18 метр өргөгдөхөд түүний өмнөд уулархаг эрэгт сүрхий нөлөөлөөгүй боловч хойд зүгт асар том бөгөөд хүн ам суурьшсан Хазарын газар нутгийг живүүлсэн юм. Энэхүү гамшиг нь нэг талаас Хазарын аж ахуйг сүйрүүлж, тэднийг төрөлх нутгаа орхин Дон, Ижил мөрний дунд хэсэгт суурьшихад хүргэсэн, нөгөө талаас Киевийн Станислав вангийн цэргүүд 965 онд Хазарын хаант улсыг бут ниргэхэд хүргэсэн. Иймэрхүү тохиолдол цөөнгүй байдаг. Ийм учраас угсаатны түүхэнд физик газар зүйн гүйцэтгэх үүргийг тодорхойлох ёстой. Асуудлын мөн чанар нь түүх ба газар зүйн асуудлуудад нийтлэг зүйлсийг дэвшүүлэх, ийм судалгааны арга зүйг боловсруулахад оршино. Зохих шинжилгээ хийхийн тулд системын хандлагыг түүхийн асар их бөгөөд олон янзын материалыг зохион байгуулах арга маягаар хэрэглэх нь чухал юм. Түүнийг XII-XIII зууны үед хэрэглэсэнээр бид олон ойлголтын тодорхой утга санааг олж болох юм. Жишээлбэл “христианы ертөнц” нь кельт-роман-германы католик баруун европыг хамарч байсан, “мусульманы ертөнц” нь мөн л ямар нэг систем болохын хамт зөвхөн нэг шашин шүтдэг нутгуудыг хамарч байгаагүй, жишээ болгоход Египетэд карматуудтай ойролцоо фатимидууд ноёрхож, харин суннитууд тэднийг мусульман гэж зөвшөөрдөггүй байсан, Энэтхэг нь хагас тивээр үл барам кастын системээр холбогдсон түүх соёлын бүхэллэг байсан, Хятад нь тэр үед Зүрчидийг ч, Тангадыг ч, Монголыг ч “өөрийн “гэж тооцдоггүй байсан зэргийг мэдэж болно. Монголчууд нь дашрамд дурдахад тэр үеийн харилцааны нэг хэрэгсэл болж байсан овог хоорондын байнгын дайныг харгалзалгүйгээр кипчакуудтай хамтран мөн л өвөрмөц систем бүрдүүлж байсан юм. Францын феодалууд, эсвэл оросын засаг ноёд мөн л хоорондоо байнга дайтаж байсан, гэвч энэ нь XII-XIII зууны үед тэдний улс төрийн тархай бутархай байдлыг үл харгалзан Франц болон Киевын их ханлигийн угсаатан-соёлын нэгдэлд саад болоогүй юм.

Түүх соёлын бүхэллэг чанарыг тооцоолох нь асуудлын зөвхөн хагас нь юм.

Учир нь эдгээр нь байнга харилцан үйлчилж байдаг газар зүйн орчинд оршдог. Соёлын хөгжил нь бас техно хүрээтэй (хэдийгээр дэлхийн гадаргуу дээр оршдог боловч биет хүмүүстэй холбоотой био хүрээнээс эрс ялгаатай) болон нийгэмтэй холбоотой. Нийгэм буюу социо хүрээ нь марксист шинжлэх ухааны нээсэн өөрийн зүй тогтлын дагуу хөгждөг. Угсаатны түүхийн үндсэн параметрууд нь ийм байдаг бөгөөд харин газар зүйн орчин буюу аль нэг газар нутгийн нөлөөлөл нь олон хүчин зүйлсийн зөвхөн нэг л болно. Эдгээрийг үл тоомсорлох нь судалгааг бүрэн биш болгохоос гадна үнэ цэнэгүй болгодог.
“Түүхэн газар зүй нь эртний хүмүүсийн газар зүйн төсөөллийг судалдаггүй, харин өнгөрсөн эрин үеийн тодорхой газар зүйг судалдаг” гэсэн чухал үг байдаг. Түүхэн материалуудыг эртний амьдралын цаг агаарын нөхцлийг сэргээж үзэх гэж өргөнөөр ашигладаг. Үүнтэй холбоотойгоор Төв Ази хуурайшиж хатсан асуудлаар академич Л.С Берг, ЗСБНХУ –ын Газар зүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Г.Е.Грумм-Гржимайло хоёр маргаан өрнүүлсэн юм. Ингээд МЭӨ I мянган жилд Каспийн тэнгисийн түвшин хэрхэн хэлбэлзэж байсныг эртний зохиолчдын бүтээлээс болон Оросын он дараалсан бичгээс ишлэл цуглуулах замаар шийдвэрлэхийг оролдсон юм.

Ихээхэн хөдөлмөр зарцуулсан судалгааны эцэст аль аль нь хүссэн үр дүндээ хүрээгүй. Заримдаа түүхэн сурвалжийн мэдээ батлагддаг, заримдаа өөр замаар шалгахад няцаагддаг байлаа. Эндээс олон дахин нягтлах замаар олсон зүйл нь үнэнтэй нийцэх нь тохиолдлын явдал бөгөөд судалгааны арга зүй төгс бишийг нотолж байна. Үнэн хэрэг дээрээ эртний буюу дундад зууны зохиолчдын бүтээлээс зүгээр л ишлэл авах нь хуурамч юм уу бүдүүн тоймын дүгнэлтэд амархан хүргэдэг. Эртний түүхчид байгалийн үзэгдлийг эсвэл юмны далимд тэмдэглэх эсвэл өөрийн үеийн төсөөлөлөөс ургуулан догшин бороо, үер, ган зэргийг бурхны цээрлэл, дохио мэтээр тайлбарласан байдаг.
Нэг нь байгалийн үзэгдэлд илүү анхаарсан байхад нөгөө нь дараагийн зуунд анхаараагүй байдаг. Дээрх хоёрын аль аль нь хэрэв зохиогчдын анхааралд орсон бол байгалийн үзэгдлүүдийг түүвэр маягаар тусгадаг. Харин хэдэн үзэгдэл орхисныг бид тааварлаж ч чадахгүй юм. Ийм учраас хуурай үед бороо ховор үзэгдэл болж дасаж сурсан чийгтэй үеэсээ илүүтэйгээр түүхэнд бичигдэж болно. Энд түүхэн шүүмжлэл тус болж чадахгүй, яагаад гэвэл шалтгаан үр дагаврын хамааралтай холбоогүй үйл явлын харьцааны өмнө тэр нь хүчин мөхөстдөг.

Эртний зохиолчид бүтээлээ ихэвчлэн тодорхой зорилгоор бичдэг байснаас гадна сонирхож буй үйл явдлынхаа ач холбогдлыг ихэсгэх уран зохиолын сүржигнэх ргыг цөөнгүй хэрэглэдэг. Иймэрхүүгээр хэтрүүлсэн, дутаасан зүйлийн хэмжээг тодорхойлоход маш хүнд. Тухайлбал: Л.С Берг түүхэн бүтээлүүдийн баримтад үндэслэн соёлжсон газар нутаг цөл болон хувирсаныг дайны үр дагавар гэж үзсэн. Ийм үзлийг заримдаа шүүмжлэлгүйгээр хэрэглэж, жишээ болгож 1909 онд П.К.Козловын нээсэн Тангадын сөнөсөн хот Ээзэн буюу Хар хот гэж нэршсэн (монгол нэр нь Урахай, хятад нэр нь Хэйшучин) туурийг дурддаг.
Тухайн хот хаана байрлаж байсан, юунаас болж сөнөсөн бэ? Төвд бирмийн миняг овгуудын Си-Ся хэмээх тангадын ханлиг эдүгээ Ордос, Алаша хавийн элсэн манхан дунд байрлаж байжээ. Энэхүү улс нь ядмаг бөгөөд хүн цөөтэй байх ёстой мэт санагдана. Үнэндээ бол тэр нь 150 мянган морьтон бүхий армитай, их сургууль, сургууль шүүхтэй байснаас гадна, бас ч алдагдалтай худалдаатай байжээ. Учир нь гаргаснаасаа илүү ихийг оруулдаг улс байв. Алдагдлын зарим хэсгийг түвдийн эзэмшлийн алтан элсээр, голчлон тангадын (минягыг монголчууд ийн нэрлэж байв) үндсэн баялаг болох малыг гадагш гарган нөхөж байлаа. Оросын жуулчдын илрүүлсэн хот нь эдүгээ усгүй газар болох Ээзэн голын адагт оршиж байжээ. Түүнийг зүүн болон баруун талаас нь хүрээлж байсан хоёр хуучин ором нь тэнд ус байсныг гэрчилдэг. Гэвч голын гольдрил баруун тийш шилжиж, одоо хоёр салаалан шорвог уст Гашуун нуур, цэнгэг уст Согоо нуур хоёрт цутгадаг.

П.К.Козлов Согоо нуурын хөндийг баян бүрд гэж үзээд түүнийг хүрээлэн буй цөлийнхөө хамтаар олон тооны хүн амыг тэжээх боломжгүй гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Ээзэн хотын гол цайз гэхэд л 440х360 метр талбай бүхий тэгш өнцөгт байжээ. Цайз, цамхаг , суварга бүхий ханын дотор талд лангуу дархны газар, буудлын газар, агуулах, орон сууц байсан байна. Цайзыг тойрон арай бага шиг барилгууд, гацаа суурин байсныг нотлох шавар эдлэлийн хэсгүүдийн ул мөр байдаг. Үүнээс гадуур сувгийн систем бүхий бууц орон, тариалангийн талбай байсан байна .
Хотын сүйрлийг голчлон монголчуудад тохдог. Үнэхээр Чингис хаан 1226 онд тангадын нийслэлийг эзэлж, монголчууд минягуудтай хатуу тооцоо хийсэн юм. Гэвч хот бүр XIY зууны үед оршин хөгжиж байсныг 1909 онд олсон олон тооны баримтуудын он цагаар гэрчилж болно. Түүнээс гадна хотын мөхлийг торгууд домогт гардагаар бүслэгсэд шороо дүүргэсэн шуудайгаар далан хийж голын урсгалыг өөрчилсөнтэй холбон тайлбарладаг. Энэ далан одоо болтол нуруу маягаар оршин байдаг. Гэвч хотыг эзэлсэн тэмдэглэлд ийм баримт байхгүй бөгөөд монголын морин цэрэгт газар малтах хэрэгсэл, шаардлагатай төхөөрөмж байгаагүй юм. Үнэн хэрэг дээрээ хот хятадыг баруун талаас нь заналхийлж байсан монголчуудын сүүлчийн тулгуур цэг задарч, Чингисийн сүүлчийн удмын хаадтай дайтаж байсан Мин улсын хятад цэргүүд хотыг эзэлсэн 1372 онд сөнөсөн юм. Минягууд нь төвд, монгол, хятадуудтай аажмаар холилдож, Си-Сягийн бичгийг хожим XYII зууны үед мартацгаасан.

Хот яагаад дахин сэхээгүй юм бэ? Голын урсгал өөрчлөгдсөн нь шалтгаан биш бөгөөд хот Ээзэн голын өөр салаа руу шилжиж болох байсан. Энэ асуултын хариу П.К Козловын номонд байдаг. Козловт хэвшмэл байдаг няхуур зангаар Ээзэн голын ус татарч, Согоо нуур шохойжин чулуужиж голын гольдрил баруун тийш шилжсэн нь зарим үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ нь XIII зууны үед цөөнгүй хүн амыг тэжээж байсан улс XX зууны эхэн гэхэд элсэн цөл болон хувирсны цорын ганц шалтгаан болж чадахгүй. Энд өөр бүтээлүүдэд бичигдсэн цаг уурын өөрчлөлт гол үүрэг гүйцэтгэсэн.
Чингис болон Чингисийн удмынханд Азийг хоосруулсны бурууг тохдог нь тохиолдлын хэрэг мэдээж биш. Гэтэл үүнээс цар хэмжээгээр дутахааргүй бусад үйл явдлууд (Жишээлбэл: Киргизүүд уйгарчуудыг ниргэсэн, 1756-1759 онуудад манжийн Цян-Лун хаан ойрдуудыг толгой дараалан хүйс тэмтэрсэн зэрэг нь) анхаарлын гадна үлдсэн байдаг. Үүний шалтгаан нь ард түмнүүдийн түүхэнд биш, түүх судлалд байдаг билээ. Түүхийн зохиол бүтээлийг бүрдүүлэгч зүйлсийг байнга, юм болгон дээр бичээд байдаггүй. Түүнээс гадна тэдгээр нь бүгдээрээ хадгалагдаж чадаагүй. XIY-XY зуун нь ойрхи дорнодын хувьд утга зохиол цэцэглэж монголын дарлалтай тэмцэх явдал нь Иранд ч, Орост ч хамгийн чухал болон тавигдсан үе байлаа. Чухамхүү иймээс л эл асуудлаар маш олон зохиол бичигдэхийн хамт бүтэн үлдсэн юм. Энэ дотор бидний мэдэх авъяаслаг, хурц тод бичигдсэн бүтээлүүд ч байдаг. Эдгээрийг дуурайж, давтах явдал бий болсноор уг асуудлаарх бүтээлийн тоо маш их болсон. Ойрдуудыг устгасан явдал нь түүхчээ олоогүй хэрэг мөн. Эдгээр үйл явдлууд нь жигд биш тусгагдаж, түүний утга нь нилээдгүй гажиж, чингэхдээ янз бүрийн хэмжээгээр төсөөлөгддөг. Эндээс Чингисийн дайчдад эзлэгдсэн улс орны газар нутгийг бүрэн өөрчлөгдсөнийг тохдог таамаглал аажим аажмаар бий болсон. Гэтэл хамгийн их хуурайшилтад дайнд сүйдсэн улсууд биш, харин дайн огт байгаагүй Уйгар, хэн ч өвс ногоогий нь устгах гээгүй Зүүн гар зэрэг өртсөн юм.

Өөр нэг туйлшрал бол XII зууны монголчуудын аян дайныг дайчид шилжин суурьших явдлыг дагуулдаг ердийн их нүүдэл (миграци) гэж үздэг явдал юм. Энэ санааг хэд хэдэн эрдэмтэн дэвшүүлсэн байдаг. Гэвч монголчуудын аян дайн нь их нүүдэл ерөөс байгаагүй юм. Нүүдэлчдийн сулхан бөөгнөрөл ялалт байгуулаагүй, харин байлдааны кампаний дараа төрөлх тал нутагтаа эргэж ирдэг байсан сайн зохион байгуулалт бүхий гавшгай отрядууд байгуулж байсан юм. XIII зуунд шилжин суурьшигчдын тоо тун шалихгүй байв. Тухайлбал, Зүчийн удмын Бат, Орд-Ичин хаад Чингисийн гэрээслэлээр 4 мянган морьтон (гэр бүлийн хамт 20 мянга орчим хүн) хүлээн авч, тэр нь Карпатаас Алтай хүртлэх уудам нутагт суурьшсан юм. Гэтэл бүр эсрэгээр, XYII зууны үеийн халимагуудын жинхэнэ их нүүдлийг түүхчид анзааралгүй үлдэж, энэ нь дэлхий дахины түүхийн бүтээлүүдэд зохих тусгалаа олж чадаагүй.
Ийнхүү тавигдсан асуудлыг шийдвэрлэх нь олон бэлэн ажлуудаас хэрэгтэй мэдээг гаргаж авахаас илүү түүхийн маш өргөн мэдлэгийг шаарддаг юм. Газар зүйн нэн тодорхой мэдлэгээр зарим талаар түүхчид эдийн засагчид хязгаарлагддаг. Энд хамгийн чухал нь бичмэл зохиолыг зохиогчид үйл явдлыг субъектив байдлаар хүлээж авснаас баталгаатай мэдээллийг тунгаан авах явдал байдаг. Баталгаатай мэдээлэл гэдгийг бид түүхэн шүүмжлэлийн сорилтыг давж чадсан, эргэлзээгүйгээр тайлбарлаж болох эх сурвалжуудын мэдээллийг ойлгож байв. Ийм мэдээлэл асар их байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь улс төрийн түүхэнд хамаардаг. Бид дайн байлдаан, энхийн гэрээ, хэлэлцээр, ордны эргэлт, их нээлтүүдийн цаг хугацаа, нарийн ширийнийг сайн мэддэг. Гэхдээ эдгээр мэдээллийг байгалийн үзэгдлийг тайлбарлахад хэрхэн хэрэглэх вэ?

Иймэрхүү төрлийн баримтыг байгаль дахь өөрчлөлтүүдтэй харьцуулан үзэх арга зүйг зөвхөн XX зуунд боловсруулж эхэлсэн. Янз бүрийн ард түмнүүдийн аж ахуй сэргэсэн буюу унасныг, тухайлбал чийгшилт ихсэж багассан, дулаарсан ба хүйтэрсэн зэрэгтэй шууд холбох гэсэн гэнэн эрмэлзлэл нь эдийн засаг болон нийгмийн хүчин зүйлийг үгүйсгэхэд үндэслэгддэг. Иймээс эдгээр нь ихэнх тохиолдолд эргэлзээ төрүүлэхээргүй гол мэдээ болдог. Жишээлбэл, Балти орчмын ба Оросын үр тариаг Газрын дундад тэнгисийн бүсэд оруулах болсон, XYI-XYII зуунд Испанид хонины тоо толгой багассан зэргийг жилийн температурын шалихгүй өөрчлөлттэй холбож үзсэнээс европын орнуудад Реформаци ба Контрареформацийн учруулсан хүндрэлээр тайлбарлах нь хавьгүй хялбар билээ. Үнэн хэрэг дээрээ газар нутаг дээр нь үгүйрүүлэн сүйтгэгч гучин жилийн дайн (1618-1648) болсон Герман, дайны сүйрэлд өртөөгүй боловч хүн амын сөрөг өсөлттэй байсан Испани хоёр адилхан байсан юм. Испанийн хүн ам 1600 онд 8 сая, 1700 онд 7,3 сая байсан. Энэ нь залуучуудын ихэнх хэсэг Испаниас гарч Америк руу, эсвэл Нидерланд руу явснаас гэр бүл болох, аж ахуй эрхлэх хүмүүс дутагдаж эхэлснээр тайлбарлагдана. Бид аль нэг үзэгдэл цаг агаарын байдлаас шууд хамаарч байгааг тогтоохдоо бидний сонирхож буй үзэгдэл нь эдийн засаг, нийгэм, угсаатны хүчин зүйлүүд, тэдгээрийн хослолууд, эсвэл бүр тохиолдол байсан гэдэгт итгэлтэй байх ёстой гэдгийг харуулж байна. Жишээлбэл,ямар нэг районд шавар хөрс лагшиж үлдсэнээс ургуулан тэнд үер болжээ гэдгийг хялбархан тогтоож болно. Гэхдээ энэ нь хэзээ, 500 юм уу 5000 жилийн өмнө болсон уу гэдгийг яг хэлэх аргагүй. Тоосонцорыг шинжлээд эдүгээ чийгэнд дуртай ургамал ургаж байсан газар эрт цагт хуурайд дуртай ургамал ургаж байжээ гэдгийг мэдэж болно. Гэвч энэ газар нутаг намаг болсон нь ойролцоох голын гольдрил өөрчлөгдсөнөөс үү, цаг агаарын өөрчлөлтөөс үү гэдэг нь батлагддаггүй. Монгол, Казакстаны тал нутагт төгөл ойн үлдэгдэл олддог боловч энэ нь гангаас болсон уу, эсвэл хүмүүс огтолсноос болсон уу гэдгийг хэлж болдоггүй. Хэрэв хүмүүс огтолсон нь нотлогдлоо ч гэсэн хүн байгалийг сүйтгэсэн яг таг цаг хугацаа нь тодорхойгүй үлддэг. Хүн түүнийг хүрээлэн буй газар зүйн орчноос тодорхой хамааралтай байдаг гэдэгтэй хэн ч маргаж байгаагүй. Харин энэ хамаарлын хэмжээ хир зэрэг гэдгийг л янз бүрээр үнэлдэг юм. Ямар ч тохиолдолд ард түмнүүдийн аж ахуй амьдрал нь амьдран буй нутаг орны газар нутаг –цаг агаарын байдалтай нягт холбоотой байдаг. Эртний үеүдийн эдийн засгийн мандалт бууралтыг анхдагч эх булгаас авч буй мэдээлэл бүрэн бишээс шалтгаалан мөшгөж тодорхойлох нь ихээхэн хүнд байдаг. Гэвч цэргийн хүчин чадал гэсэн нэг үзүүлэлт байдаг. Өлсөж буй хүн ам бүхий ядуу гуйлгачин орон урт удаан, амжилттай дайтахад шаардлагатай хэрэгслийг гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Томоохон аян дайнд нумаа ”чихээ хүртэл” татаж чадах (ингэж татахад сум 700 метр зайд тусдаг, харин “нүдээ хүртэл” татахад 400 метрт тусдаг) хүнд илд буюу махир сэлмээр удаан байлдаж чадах гэдэс цатгалан, хүч чадалтай, ядраагүй хүмүүсээс гадна ойролцоогоор 4-5 хүний ачаа хөсөг, тэгнээг зөөх морьдтой байх шаардлагатай. Мөн сумны нөөц шаардагдах бөгөөд тэдгээрийг бэлтгэх нь хүнд хэцүү ажил байдаг. Хоол хүнсний нөөц бас хэрэгтэй, тухайлбал нүүдэлчдийн хувьд хонин сүрэг, түүнийг маллах малчин хэрэгтэй. Эмэгтэйчүүд хүүхдийг хамгаалах нөөц манаа хэрэг болно. Нэг үгээр хэлбэл дайн нь маш өндөр өртөгтэй. Эдгээрийг дайсны талаас гаргуулна гэвэл маш баян орныг сайтар ялсны дараа л энэ нь боломжтой болно. Ийм ялалт байгуулахын тулд бат бэх ар тал, цэцэглэж буй аж ахуйтай байх ёстой бөгөөд энэ нь байгалийн зохистой нөхцөл гэсэн хэрэг юм. Газар нутгийн байдал мэтийн газар зүйн нөхцөлийн ач холбогдлын тухай дайны түүхэнд эртнээс бичсээр ирсэн. НТӨ 217 онд Тразимен нуурын дэргэдэх тулалдаанд Ганнибал нуурын эрэг болон римийн цэргүүд явж байсан зам руу 90 градус өнцгөөр байрласан хэд хэдэн гүнзгий хөндийг ашиглан ялалт байгуулсныг дурдахад хангалттай. Тэрээр ийм байрлалыг ашиглан римчүүдийг гурван газраас зэрэг дайран ялсан юм. Мөн НТӨ 197 онд Киноскефалын дэргэд Македоны хаан V Филиппийн хүнд жигүүрийг хэрчигдсэн газар тархахад нь Римийн консул Фламинины цэрэг тэрхүү эгнээгээ алдсан дайснуудыг цохисон юм. Иймэрхүү жишээнүүд нь түүхчдийн анхааралд ямагт байдаг бөгөөд И.Н.Болтиныг “Гартаа газар зүйгүй түүхч хүнд байдалд ордог” гэсэн алдарт үгээ хэлэх шалтаг болсон юм.

Эдүгээ асуудлыг өөрөөр тавьж болох юм. Газар зүйн орчин нь хүмүүст яаж нөлөөлдөг тухай төдийгүй хүмүүс өөрснөө ямар хэмжээгээр био хүрээ гэж нэрлэгдэх дэлхийн бүрхүүлийн бүрэлдэхүүн хэсэг болдог, мөн түүнчлэн хүний амьдралын ямар зүй тогтолд нь газар зүйн орчин нөлөөлж, ямарт нь нөлөөлдөггүй вэ? Бид түүхийн тухай ярихдаа голчлон материйн хөдөлгөөний нийгмийн хэлбэр буюу хүн төрөлхтөний дэвшилт хөгжлийн тухай ойлгодог. Түүний дотоод зүй тогтолд газар зүйн ч ,биологийн ч нөлөөлөл мөн чанарын хувьд нөлөөлдөггүй. Гэвч хүн тусгайдаа бол нийгмийн гишүүн төдийгүй татах хүч болон байгалийн бусад зүй тогтолд хамаардаг бие мах бодьтой, биологийн бүх үүрэг гүйцэтгэгч организмтай, амьдран буй газар нутгийнхаа биоценезэд ордог сүүн тэжээлтэн, тодорхой угсаатны гишүүн (овог,аймаг г.м) мөн билээ. Иймээс хүн нь газар нутгийн өөрчлөлтөөс үүссэн гравитаци, халдвар, өлсгөлөн болон заримдаа нийгмийн үйл явцтай давхцдаг, заримдаа давхцдаггүй угсаатны нийлэгжилт ийн (этногенез) үйлчлэлд өртөж орж байдаг. Ийм маягаар шинжлэх ухааны орчин үеийн түвшинд ”газар зүйн эх булаг” гэсэн түүхэн ойлголтонд газар нутгийн хүрээллээс гадна угсаатны хөгжлийн газар зүйн онцлогийг оруулбал зохино. Газар зүйгүй түүх нь “хүнд байдалд” ордог төдийгүй, түүхгүй физик газар зүй нь туйлын өрөөсгөл болж харагддаг. Иймээс аль нэгэн үеийн түүхэн газар зүйг судлахад түүхэн өгөгдөхүүнийг заавал, тэгэхдээ тодорхой нөхцөл байдлыг харгалзан ашиглах шаардлага урган гардаг юм. Ингэхдээ түүхэн сурвалжуудыг үг үсэгчлэн баримлах биш, анхдагч түүхэн өгүүлэмжүүдээс ялган цэвэрлэсэн үйл явдлуудын суурь дэвсгэрийг баримжаалах ёстой. Зөвхөн ингэсэн үед л түүхэн баримтууд нь нэг хэмжээст шалтгаан үр дагаврын эгнээнд багтаж, зэрэгцүүлэн хэмжихэд тодорхой болох юм. Үүний дүнд түүхэн сурвалжийн урдаас мушгин тайлбарласан зүйлс, түүнийг зохиогчийн бага мэдлэгийн нөлөөлөл алга болдог. Түүхчдийн хувьд ажлынх нь дуусгал болсон тэр зүй л газар зүйчийн хувьд ажлынх нь эхлэл байж ч болно. Шалтгаан нь тодорхой ба өөр хүрээнд хамаарах, тухайлбал нийгэм-эдийн засгийн формацийн жам хөгжил эсвэл улс төрийн зүтгэлтний алхам зэрэгтэй холбоо бүхий үйл явдлыг хасаж тооцвол зохино. Ингэвэл угсаатны нийлэгжилт болон нүүдэл л үлдэнэ. Чухам энд л нийгэм байгалийн харилцан үйлчлэл илэрч гардаг.

Натурал юмуу энгийн таваарын аж ахуй голлох үүрэг гүйцэтгэж байхад энэ нь бүр тод мэдэгддэг. Үйлдвэрлэлийн арга нь овог буюу аймгийг тэжээн тэтгэж байдаг тодорхой газар нутгийн байгалийн нөхцөлд үүссэн эдийн засгийн боломжуудаар анхлан тодорхойлогддог билээ. Газар орон нь үйл ажиллагааны төрөлд нөлөөлж, материаллаг, мөн түүнчлэн үүсэн буй угсаатны оюун санааны соёлыг зарим талаар чиглүүлж өгдөг. Тухайн угсаатан алга болсон ч түүний үеийн археологийн дурсгал үлддэг бөгөөд энэ нь тэр ард түмний аж ахуйн шинж чанар, амьдран оршин байсан байгалийн нөхцөлийн шинж чанарын тухай мэдээлэл өгдөг. Ингэснээр бид физик газар зүйн нөхцөл байдлын өөрчлөлтөөс голчлон хамаарсан үйл явдлуудаас улс төрийн шинж чанартай түүхэн үйл явдлыг ялган салгах чадвартай болох юм.
Дэлхийн бүх ард түмнүүд тодорхой газар нутаг дээр амьдардаг. Энэ газар нутаг нь олон янз, мөн ард түмэн нь ч олон янз байдаг. Тэд өөрийн газар нутгийг антропогенийн (хүний үйл ажиллагаагаар бий болдог) товгор гүдгэр бий болгох замаар юм уу, амьтан, ургамлыг өөрчлөх замаар хичнээн хүчтэй өөрчиллөө ч гэсэн угсаатан амьдран буй юм уу, шууд хянаж буй тэрхүү газар нутгийн байгалиас хүссэн ч, хүсээгүй ч хоол тэжээлээ авахад хүрдэг. Гэвч газар нутаг мөн л өөрчлөгддөг бөгөөд өөрийн хөгжлийн динамик, өөрийн хөгжлийн түүхтэй байдаг. Хэрэв газар нутаг танигдахгүй болтлоо өөрчлөгдвөл хүмүүс эсвэл шинэ нөхцөлд дасан зохицох, эсвэл сөнөж мөхөх, эсвэл өөр газар шилжин суурьших ёстой болно.

Ингэж л их нүүдэл (миграци) эхэлдэг. Газар нутгийн өөрчлөлт хувиралт нь үүний цорын ганц шалтгаан биш. Их нүүдэл нь хүн амын өсөлт юм уу нийгмийн түлхэлтээр ч үүсч болдог. Ямар ч гэсэн шилжин суурьшигчид эх орондоо дасаж сурсантайгаа төстэй нөхцөл байдлыг хайдаг нь сонирхолтой юм. Англичууд зөөлөн уур амьсгалтай орнууд, тухайлбал, хонь үржүүлж болох Хойд Америк, Өмнөд Африк, Австралийн тал нутагт дуртайяа суурьшсан. Халуун бүсийн нутгуудад тэд онцгой татагдаагүй, тэнд англичууд нутгийн хүн амын хүчээр амьдрагч колонийн түшмэд юм уу, худалдаачин маягаар голчлон амьдардаг байв. Энэ нь мэдээж их нүүдэл боловч огт өөр шинж чанартай юм. Испаничууд халуун бүсийн ойг анхааралгүй үлдээж, хуурай бөгөөд халуун уур амьсгалтай нутгуудыг колоничлосон. Тэд тэульчей нарыг устган аргентиний тал нутагт сайтар дассан, гэтэл Юкатаны халуун ойд байсан майя нар бүтэн үлдсэн. Якутууд Лена мөрний хөндийд нэвтрэн тэнд Байгал нуурын эрэг дэх өмнөх амьдралаа дагаж тэнд адуу өсгөж эхэлсэн, гэхдээ тэд туйлын усны хагалбар дахь газар нутгийг хөндөлгүй, түүнийг эвенкүүдэд үлдээсэн. XYII зууны Оросын газар нээгчид бүх Сибирийг нэвтрэхдээ өвөг угсаатныхаа үүссэнтэй төстэй газар болох тайгын ойт талын зах, голын эргээр дагаж суурьшсан. Яг ийм маягаар XYII-XIX зууны үед украйнчууд “зэрлэг талын” уудмыг эзэмшсэн. Дээр дурдсан жишээнүүд нь угсаатны нийтлэгт газар орон нөлөөлөл үзүүлдэг гэсэн дүгнэлт хийхэд хангалттай юм. Газар зүйн орчин нь зайлшгүй үйлчилж биологийн бүх ганц бие амьтныг тодорхой чиглэлд хувирган зүйлийн зохион байгуулалтыг бий болгодог. Тундр, ой, тал, цөл, уул, усан орчин, арал зэрэг нь организмд ул мөрөө үлдээдэг. Ийм байдалд зохицож чадахгүй биологийн зүйлүүд нь шилжин суурьших буюу үхэх шаардлагатай болдог. Бидний авч үзэж буй асуудалд тухайн хүчин зүйл нь түүхийн судалгаанд нэмэлт болдог бөгөөд үүгээрээ угсаатны нийлэгжилт, яг нарийндаа бол нүүдэлчдийн угсаатны нийлэгжилтийг бүрэн судлах боломж олгодог.

Иймээс талын угсаатнуудын их нүүдлийн асуудлыг бид тусгай бүтээлдээ (Л.Н.Гумилев өөрийнхөө “Нүүдэлчдийн их нүүдэл ба цаг агаарын өөрчлөлт” гэсэн бүтээлээ хэлж байна-Орч) ул суурьтай авч үзсэн юм. Хэрэв угсаатныг техник, нийгмийн хөгжил зэрэг зөвхөн өөрт нь байдаг онцлог бүхий био хүрээний нэг хэсэг гэж авч үзвэл угсаатны нийлэгжилтийг онолын эмпирик түвшинд нэгтгэн дүгнэх асуудал боловсрогдсон бөгөөд угсаатны түүхэн дэх байгаль, нийгмийн харилцан үйлчлэлийн шинж чанар нь зөвхөн нүүдэлчин төдийгүй, суурин ард түмэнд ч илэрч байдаг. Гэхдээ энэхүү харилцан шалтгаацлыг чухамхүү нүүдэлчдийг л нарийвчлан судлах замаар илрүүлж чадах бөгөөд энд уг зүй тогтол суурин ард түмнээс илүү тодорхой илрэн гардаг. Нүүдлийн ард түмэн ахуй болон аж ахуйн хэлбэрээ хадгалан үлдэх нь одоо болтол боловсроогуй асуудлыг тайлбарлахад хүргэж байна.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
«Хараал идсэн хот»

Монгол цэргийн араас олон тооны олзлогдсон хүмүүс, мөн үхэр тэргэнд ачсан байлдааны олз цувж байв. Тал газрын ямар цэрэг аян дайнаас гар хоосон ирж болох билээ! Жирийн анчин хүртэл анд гарахдаа ганзага хоосон ирэхийг хүсдэггүй шүү дээ. 1238 оны 4-р сард их цэргийн нэгэн жижиг анги Козельск хотод дөтлөн очиж, түүнийг бүслэн хаажээ. Төдөлгүй бусад анги салбарууд ч Козельскд хүрэлцэн ирэв.

«Козельск том ч биш, жижиг ч биш, Оросын хотуудын манлайд явдаггүй ч адагт нь чирэгддэггүй. Ока мөрөнд цутгадаг Жиздра голын эрэг дэх хүчирхэг модон хана, цогчин дугана, вангийн цамхагт харш, баячуудын овоохой. Эдгээр нь Оросын хот болгонд /.../ байдаг л зүйл. Козельск нь бусад вангуудаас сайн ч биш, муу ч биш, "Козля" хочтой Василий хэмээх өөрийн вантай. Нэг гэм нь тэрээр довтолгооны гашуун үед наймхан настай хүүхэд байжээ. Козельскд алба баригч феодалууд, вангийн зөвлөхүүд байлаа/.../ Гэтэл гай зовлон ирлээ. Орос орон Батын довтолгоонд өртөхөд Козельск хотын алдар нэр ард түмний дунд түгжээ.

Эд баялгаараа биш, далайн чанад дахь арилжаа наймаагаараа биш, гантиг чулаан цогчин дуганаараа биш, харин Орос орныхоо төлөө өгсөн иргэдийг эр зоригоор алдаршсан юм.» Монголчууд Козельсктэй эртний тооцоотой байлаа. Учир нь Калка дахь тулалдааны үеэр буюу «15 жилийн өмнө Черниговын болон Козельскийн ван Мстислав Монголын элч нарын амийг хорооход орлцсон вмсанжээ. Хэдийгээр Мстислав нас барсан ч Монголчууд нийтийн хариуцлагын ойлголтыг удирдамж болгож, вангийнх нь хийсэн үйлдлийн төлөө хотынхтой нь тооцоо бодохыг зорьсон юм. орчин үеийн хүмүүсийн байр суурины үүднээс нүүдэлчдийн үйлдэл харгис, зөвтгөхийн аргагүй санагдаж болох билээ. Гэхдээ бид өөрийн төсөөлөлд зан үйлдлээ захируулдаг. Монголчуудыг үзэж байснаар, нэгэнт өөрсдийн вангаар сонгосон бол түүний хийсэн үйлдлийн хариуцлагыг албат иргэд нь адилхан хүлээх аж.» гэж Л.н.Гумилёв бичжээ.

Монголчууд энэхүү жижиг хотыг явуут дундаа эзлэхийг оролдсон боловч чадсангүй. Эцсээ хүртэл тэмцэхээр шийдсэн тэд: «Ван маань бага балчир байна. Гэхдээ түүнийхээ төлөө амиа өргөнөө. Энд алдар хүнд, тэнд эзэн Христэсээ мөнхийн хутгийг олно» гэжээ. Өндөр газар байрласан хотынхоо давуу талйг козельскууд гарамгай ашиглаж чадсанаар Монголын цэргийн ангийг 49 хоног саатуулсан юм. Бүслэлтийн 47 дахь өдөр Козельскд Хадан, Бүри нарын удирдсан цэрэг хүрэлцэн ирэв. Ингэснээр олон тооны оньсон зэвсгийг энд тэндээс цуглуулж, хотыг буудаж эхэлжээ. Хоёр өдөр ширүүн тулалдаад монголчууд хуучин мэхээ хийж ухарахд улайрсан козельскууд араас нь гаран хөөсөн байна. Монголчууд тэднийг бүсэлж, толгой дараалан хядаад, бараг хамгаалагчгүй шахуу үлдсэн хотыг эзлэн авчээ. Хотод үлдсэн иргэдээс нэг ч хүэ амьд гараагүй байна.

Бат хаан эхийн сүүнээс гараагүй балчир нялхсаас авахуулаад эрүү, өвдөг нь нийлсэн хөгшдийг хүртэл дараалан хядахыг тушаасан байна. Он тооллын бичигт мэдээлэгдсэнээр, бяцхан Василий ван гол мэт урссан хүний цусанд живж үхжээ. Козельскийг бүслэн хаах хугацаанд монголчууд дөрвөн мянган цэргээ алдсан байна. Сударт өгүүлснээх, түмтийн гурван даргын хөвгүүд алагдсан бөгөөд тэдний цогцсыг монголчууд хайгаад олоогүй аж.

Тэгэхлээр хамгийн багаар бодоход Козельскийг гурван түмэн цэрэг бүслэн хаасан болж таарах нь. Өөрсдийг нь уаан хугацаагаар саатуулж, ихээхэн гарз хохирол учруулсан тул монголчууд Козельскийг «Хараал идсэн хот» хэмээн нэрлэсэн гэж орос-Зөвлөлтийн судлаачид санал нэгтэй үздэг. Тэгвэл энэ нэрийн гарлын талаар Л.Н.Гумилев өөр тайлбар өгсөн нь бий. «/.../ Монголчууд орос хүн бүрт дайсагнаж, тэднээс өс хонзон аваагүй. Бат хааны аян дайны үед Оросын олон хот түрэмгийлэлд өртөөгүй аж. Элч нарын [энд Л.Н.Гумилёв 1223 оны үйл явдлын тухай өгүүлж байна-Ч.Ч] хувь заяаг шийдсэн "их" вангуудын нэг болох Чернигодын ван Мтислав Святославичийн захирдаг Козельсзийг л монголчууд "Хараал идсэн хот" гэж нэрлэсэн юм».

Козельск хотыг Оросын ард түмэн ихэд хүндэлж бишрэн, магтан дуулдаг. Учир нь Козельскийн хамгаалалт «Оросын ард түмэн байлдан дагуулагчдын өмнө толгойгоо бөхийлгөөгүй, эрх чөлөөг эрхэмлэгч, бардам зан нь мохоогүйг харуулжээ. Дээр дурдсан бүхэн бол эртний Оросын он тооллын бичиг, орчин үеийн түүхчдийн туурвисан бүтээлээс иш татсан зүйл. Гэтэл болсон явдал газар дээрээ ямар байв? Үүнийг хэн ч тодорхой мэдэхгүй бөгөөд зөвхөн таамаглал дэвшүүлэхээс цаашгүй. Бат хааны түрэмгийллийн үеэр Оросын ард түмний үзүүлсэн «баатарлаг» шэшддэг тэмцэл маш олон талаар бодит үнэнд нийцэхүйц, хэтрүүлэн хачирлаж, гоёж гоодсон зүйл байсан нь сүүлийн үеийн судалгаагаар тогтоогдсон юм.

Монгол цэргүүдийг ганц цавчаад хоёр хэсэгт хуваадаг гэгддэг (тэгэхдээ толгойноос нь хөл хүртэл нь) Евпатий Коловратын тухай домгоос авахуулаад (хэдийгээр тийм хүн байсан, монголчуудад эсэргүүцэл үзүүлсэн нь үнэн боловчиг) Бат хааныг айлгаж, Европ дахь аян дайнаа зогсооход хүргэсэн Невийн Александр хэүртэлх бүхэн домгийн бүрдлээр нэвт шингэсэн байдаг нь өөрийн үнэт зүйлийг ямар нэг аргаар бий болгодог, ялагдсан аливаа ард түмэнд байдаг л чанар юм. Тэгвэл оросууд Хятад, Хорезм, Кавказ, Зүүн Европын ард түмнүүдээс илүү эсэргүүцэл үзүүлээгүй, эх нутагтаа тэднээс илүү хайртай байж чадахгүй нь лавтай. Хэрэв судар бичгүүдэд тэмдэглэсэн, түүхчид даган давтдаг шиг оросууд үнэхээр л 13-р зуунд эх орноо цээжээрээ хамгаалан бүгд толгой дараалан алагдсан бол одоогийн оросууд монголчууд болон ... урвагчдын үр сад болж таарах нь уу? Козельск хотод эргэн очиж хоёр асуулт тавъя. 1-рт, монголчууд Зүүн-Хойд Оросын хамгийн том, хүн ам ихтэй, хамгаалалт бэхлэлт сайтай Рязань, Владимер, Переяславль-Залесский зэрэг хотыг 4-6 өдрийн дотор эзэлж авсан атлаа яагаад чухам Козельскийн өмнө хүч мөхөсдөж, 49 хонодог билээ? 2-рт, монголчууд ердөө гуравхан сарын дотор (Рязанийг бүслэн хаасан 1237 оны 12-р сарын 16-наас Торжокийг авсан 1238 оны 3-р сарын 5-н хүртэл 80 хоног өнгөрсөн) Зүүн-Хойд Оросыг эзэлчихээд чухам яагаад модон Козельскийн өмнө 49 хонох болов?

Э.Хара-Даван козельскчууд хотоо зургаан хоногийн турш хамгаалаад хүчинд автсан гэж бичсэн нь түүхэн үнэнд илүү ойр байж болно. Монголчууд Козельсзийг эзэлсний дараа цааш хөдөлж, Курзс хотыг байлдан авчээ. Оросын бүх хотыг Козельскийн хувь тавилан хүлээж байсангүй. Худалдааны баян Угличийн иргэд Бат хааны цэрэгт хүнс, агт морьд нийлүүлснээр хотоо эвдүүлж сүйтгүүлэхгүй авч үлдэж чаджээ. Оросын бүх ард түмний нилэнхүй баатарлаг эсэргүүцлийг үгүйсгэдэг энэхүү үйл явдлын талаар Зөвлөлт засгийн үеийн түүхчид дурдалгүй өнгөрдөг. Ижил мөрний дагуух ихэнх хот Угличигээс дууриалал авч, монголчуудтай зэвсэг зөрүүлэлгүй тэдний шаардсан зүйлийг өгч, хотоо авч үлдсэн байна.

Монголын их цэрэг 1238 оны 6-р сарын сүүлээр Хойд Донец, Дон мөрнүүдийн сав газар буудаллав. 1237-1238 оны довтолгоонд үнэлэлт өгч А.В.Венков, С.В.Деркач нар: «Өвлийн байлдааны ажиллагааны үр дүнд зүүн-Хойд Орос орон бүхэлдээ ялагдал хүлээсэн байлаа. Гэхдээ гол зорилгодоо монголчууд хүрээгүй байна. Команчуудыг бүсэлж, устгах ёстой байтал тэд бөөнөөрөө Мажар луу зугатаж, ван 4-р Белагийн ивээлд шургаж, бүр загалмайтны шашинд орсон аж. Ингэснээр монголчууд хамаг хэргийн гол эзэн дйаснаа алдаж, баруун хилээ аюулгүй болгож чадаагүйгээр үл барам өөр олон шинэ дайсантай болжээ. Тиймээс комачуудыг гүйцэж, тэднийг болон холбоотнуудыг нь устгаж, дайны үйл ажиллагаа явагдах газар дэвсгэр дээр аж төрж буй адр түмнүүдийн эхршээлдээ оруулж, эцсийн дүндээ байгалийн ямар нэг хил хязгаарт, тухайлбал «сүүлчийн далай»-д тулах ёстой байв» гэж бичжээ. Команчуудыг Европ руу алдсан нь Бат хааныг дахин их аян дайнаа хийхийг дам шаардаж байлаа.

дэлгэрэнгvйгээр цааш унших...
Легниц дахь тулалдаан

Байдар хаан 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталжээ. Хайдугийн түмтийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, Байдар хан өөрөө Кёльц хүртэл довтолсон байна. Бага Длоьшийн нийслэл Краков орох замыг хаасан Владимеж воеводын захирсан Краковын цэрэг, Пакослав воеводын захирсан Сандомирын цэргийг Хайду хан 3-р сарын 18-нд Хмельниковийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Владимеж воевод энэ тулалдаанд алагдаж, Краков ба Сандомирын вэн «Ичимтгий» хочтой 4-р Болеслав өөрийн ээж. Орос вангийн ахайтан Гремиславна Ингдаровна, гэр бүлийн хамт нийслэлээ санд мэнд орхин, Мажарт дүрвэн гарсан байна.

Өнөөдөр Польшийн Радиогийн 1-р буюу төв сувгаар яг үд дунд бүрээн дуу эгшиглээд, хэсэг хугацаанд нам гүм болсноо дахин цуурайтдаг. Энэ нь тэртээх 1241 оны үйл явдалтай холбоотой. Монголчууд айсуйг үе дундын үед харсан Краковын харуул хотынхныгоо сэрэмжлүүлэхээр бүрээгээ үлээсэн байна. Бүрээчийн хоолойг тэр даруйд монгол цэрэг нэвт харважээ. Түүний ойролцоо байсан өөр бүрээч газар унасан хөгжмийн зэмсгийг аваад, дахин үлээсэн байна. Краковчууд аюул нүүрлэснийг ойлгож, хотоо хамгаалахаар босжээ. Өнөөдөр Краков хотод очсон жуулчин болгонд бүрээчийн алагдсан Ариун Мариягийн цайзыг үзүүлж, дээрх түүхийг хуучилдаг. Краковчууд монголчуудтай 10 өдөр, 10 шөнө тулалдсан ч хотоо авч гарч чадсангүй. 3-р сарын 28-нд монголчууд хотод нэвтэрч, эвдэн сүйтгээд, ард иргэдийг нь олзолсон байна. Амьд үлдсэн хотын цөөн хамгаалагч Ариун Андрейн дуганад хоргодсон бөгөөд түрэмгийлэгчид түүнийг нурааж чадаагүй ажээ.

Польшийн ард түмний баатарлаг эсэргүүцлийн дурсгал болсон энэхүү дуган одоо ч гэсэн тус хотод сүндэрлэж байна. 4-р сарын 2-нд Байдар, Хайду нарын нэгдсэн цэрэг Силезийн нийслэл Вроцлав (Бреслау)-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг нь түймэрдэн шатаажээ. Асар богино хугацаанд Бага Польш бут цохигдсон нь гэгээн цагаан өлөр аянга ниргэхтэй адил болов. Польшийн ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө нэгэн зэрэг босов. Ганц нэгээрээ босоод юунд ч хүрэхгүйг хүн бүр ойлгож байлаа. «Бага Польшийг түрэмгийлж бусниулсан нь тус улсын бусад газар нутагт ч түгшүүр дэгдээжээ. Генрих ван эх нутгаа хамгаалахыг Шленскийн (Силезийн) оршин суугчдаас уриалсны дараа Вроцлав руу зүг зүгээс Польшийн рйцариуд цуварч эхлэв. Бага Польш болон Их Польшийн өмнөд хэсгийн дайчид Краковын воеводын ах Сулиславын удридлага дор цугларч байлаа. Дээд Шленскийн (Силезийн) цэргийг Опполегийн Мечислав толгойлов. Генрих өөрөө Доод Сизелийн цэргийг захирав». Чехийн ван «Ганц нүдэт» хочтой 1-р Вацлав гар хумхин суусангүй дайнд эрчимтэй бэлтгэж байлаа. Хүч хавсрахыг санал болгосон Генрихийн хүсэлтйг тэрээр тун уриалгахан хүлээн авч, удалгүй 4 түмэн явган цэрэг, 6 мянган морин цэргийн хамт нийслэл Прага хотоо орхин, түүнтэй нэгдэхээр Силези руу хөдөлжээ.

Нөхцөл байдал ингэж эргэсэнд Байдар, Хайду нар түмт, мянгатын дарга нарыг хуралдуулж, дайсны хүчийг нэгтгэлгүй өрсөж цохихоор шийдэж, Вроцлавын бүслэлтэ зогсоож, Генрихийн арми руу хөдөлсөн байна. Цаг хугацаатай уралдалгүй бол болохоо байгаад байлаа. Чехүүд хэдхэн өдрийн зайд ирээд байгааг туршуулууд мэдээлж байв. Гэхдээ хамгийн гол нь Генрихийн Вацлав руу ухруулалгүй тулалдаанд оруулах нь чухал байлаа. Гэвч Генрих өөрийн хүчинд эрдэж, Вацлавыг хүлээлгүй монголчуудтай зэвсэг зөрүүлэхээр зориг шулууджээ. Магадгүй, тэрээр өөрөөс нь цөөн цэрэгтэй дайснаа дарна гэдэгт итгэж, монголчуудыг ялсан баатрын алдрыг Вацлавтай хуваалцахыг хүсээгүй ч байж болно. Цэрэглэн мордохын өмнө Дарь эх Мариягийн сүмийн дээврээс унасан чулуу Генрих ванг золтой л цохиж алсангүй. Генрих энэ хачин тохиолдлыг муу ёрын шинж хэмээн сэжиглэсэн ч замд гарчээ.

Одоогийн Герман-Польшийн хилээс холгүй орших Легниц (Лигниц)-ийн дэргэд Генрих ван 1241оны 4-р сарын 9-нд байдар хааны цэргийг тосон тулалдсан аж. Европчууд нийтдээ 60 орчим мянган цэрэгтэй байсан нь Байдар, Хайду нарын түмтүүдээс хүн, хүчний хувьд 2 дахин илүү байв. Генрих цэргээ 5 зам болгон хуваажээ. 1-р замын цэргийг Моравын маркграф Дипольдын хүү Бореславаар (Польшийн вантай андуурч болохгүй) удирдуулсан Германы уурхайчид бүрдүүлж байв. 2-р замын болох Их Польш, Краковын цэргийг Сулислав, 3-р замын болох Дээд Силези, Опполегийн цэргийг Мечислав, 4-р замын цэргийг их магистр Понсе д'Обон, 5-р замын боло Доод Силези, Польшийн цэргийг Генрих ван өөрөө толгойлсон байна. Монголчуд хот, суурин газрыг эзлэн авахдаа гарамгай гэж сонссон Генрих ван тал газар тулалдаад үзэхээр шийдсэн байж болох тухай судлаачид өгүүлсэн байдаг. Юутай ч тэрээр хүн, хүчний хувьд хавьгүй илүү байсан бөгөөд франц, герман, польш рыцариудаас бүрдсэн хүнд морин цэрэг нь монголчуудын хөнгөн морин цэргийг хонь мэт тууна гэж найдаж байв. Шууд гардан тулалдаанд орох нь маш аюултай болохыг ойлгосон Байдар хаан бяцхан заль зохиожээ. Тэрээр дайсан нүүхийг хүлээлгүй өөрөө эхэлж цагаанаар нүүв.

Монголчууд хулс шатаан утаан хөшиг тавьж, байрлалаа эзэлсэн байна. Генрих ван болон түүний жанжнууд монгол цэргийн байрлалыг утаан дундаас мэдэж, тандаж чадсангүй. Гэсэн ч Генрих ван давших тушаал өгчээ. Дайсны ойртож ирэхэд монгол эрхий мэргэн харваачид тэднийг суман бороогоор угтав. Монголчуудын тавьсан бараг сум болгон байндаа тусч байлаа. Холбоотнууд хариу барьсан боловч тэдний харвасан сум ихэнхдээ байгаа онохгүй газардаж байв. Монгол харваачид сумаа нэг тавьчихаад утаан дунд орж хэсэн замхраад, дахин гарч ирээд харваж байлаа. Салхинд туугдан утаан хөшиг нээгдэхэд европчууд гайхалтай дүр зургийг олж харав. Тэдний өмнө бүхэл бүтэн арми биш, цөөн хэдэн цэрэг жагсаж байв. Гэвч энэ бол хуурмаг үзэгдэл байлаа. Монголчууд тунчиг жигд эгнээгээр жагссан учир зөвхөн эхний эгнээний цэрэг харагдсан нь энэ байжээ. Европчууд урьд өмнө нь хэзээ ч ийм жигд, нарийн цэргийн жагсаалыг харж байсангүй. Монголын хөнгөн морин цэргүүүд давшихдаа польшоор: «Амь амиа бодоорой! Зугатаарай!» гэж хашгирч байсан нь холбоотнуудыг балмагдуулсан аж. Учир нь гардан тулаан эхлээгүй байхад Монголын эрхий мэргэн харваачдын суманд өртөж, олон цэрэг шархадсан, алагдсан байлаа. Тиймээс байлдааны санаачлагыг гартаа авах зорилгоор генрих ван польш, герман рыцаруудад довтлох тушаал өгсөн байна. Рыцариудыг харахад үнэхээр сүрдмээр. Аанай л зарааны арьс нөмөрсөн асар том яст мэлхий мэт зэр зэвсгээ наранд гялалзуулсаар аажим аажмаар урагшлав. Төмөр дуулгаар битүү хучигдсан, Герман төдийгүй, Европ даяар алдаршсан Германы Тевтоны бүлэглэнгийн рыцариуд анхандаа тактикийн амжилтанд хүрч, монголчуудыг шахаж эхэлжээ. Гэвч манёвр сайтай Монголын хөнгөн морин цэрэг зориуд зугатахад европчууд араас нь нэхэж, эгнээгээ задгай тавьсан аж. Чухам энэ үед тулалдаанд ороогүй байсан Хайду ханы түмт бөөрнөөс нь цохиж, рыцариудыг хиаруулжээ.

Монголчуудын довтолгооны хамгийн эхэнд ван алагдсан нь холбоотнуудыг уймруулсан байна. Рыцариудын араас Генрихийн цэрэг ч мөн адил цохигдов. Г?енрих вангийн толгойг монголчууд жадны үзүүрт хатган, Бат хааны цэргийн эсрэг боссон хэнбугайг ч ийм тавилан хүлээж буйг сануулан Легницэд давхилдан иржээ. Гэчв хотын иргэд сэтгэлээр унаагүй бөгөөд монголчуудын довтолгооныг няцааж чадсан юм. тулалдааны дараа вангийн бэлэвсэн гэргий Анна эр нөхрөө загалмайтны ёсоор оршуулахаар цогцсыг нь хайгаад олоогүй байна. Учир нь монголчууд Генрихийн толгойг тастаад, тонон дээрэмдсэн учир олон арван мянган цогцосноос таних арга байсангүй. Тиймээс Анна зүүн хөлөндөө 6 хуруутай хүний цогцсыг хайхыг тушааж, гагцхүү ингэж л золгүй вангийн биеийг олж чаджээ. Энэ явдлаас хойш 600 жилийн дараа буюу 1832 онд археологчид Генрих вангийн гэгддэг булшийг нээхэд үнэхээр толгойгүй, зүүн хөлөндөө 6 хуруутай араг яс олдсон байв. Генрихийн цогцос олдсон газар хожим сүм барьсан бөгөөд өдгөө жуулчдын очих дуртай газрын нэг болжээ. Генрих ван алагдсан тухай өөр нэг хувилбар бий. Энэхүү хувилбараар бол: «Монголчууд Силезийн Генрихийг олзолж, тулалдааны үед амь үрэгдсэн монгол цэргийн жанжны өмнө сөгдүүлжээ. Үүний дараа ванг хороож, харин толгойг нь Бат хаанд илгээсэн байна». Юутай ч эр гнөхрөө загалмайтны ёсоор оршуулах гэж Анна ахайтан чамгүй зовжээ. Загалмайны үйл хэргийн төлөө амь насаа алдсан Генрихийг зовлон эдлэгч хэмээн зарлаж, «Үнэн сүсэгт» хэмээн хочлон өргөмжлөх болсон юм. тулалдааны орой монголчууд дайсны алагдсан цэргүүдийн баруун чихийг огтолж, 9 шуудай дүүргэжээ.

Зарим эх сурвалжид дурдсанаар бол Легниц дахь тулалдаанд европчууд нийт 40 мянган цэргээ алдсан гэсэн бий. Зөвхөн Тамплиерийн бүлэг л 500 рыцарь алдсан нь маш их тоо байлаа. (Харьцуулж хэлэхэд 1242 оны Чудын нуурын мөсөн дээр болсон тулалдаанд Новгородын ван Александр Ливоны бүлгийн цэргийг бут цохиход 50 рыцарь алагдсан байна). Легниц дахь тулалдааны үеэр монголчууд байлдааны түүхэнд анх удаа хорт хийний нэг төрлийг ашигласан гэж судлаачид үздэг. Тулалдааны эхэнд талбар дээр гашуун утаа амтагдаж байсан талаар европчууд ярьсан тухай судар бичгүүдэд тэмдэглэсэн нь бий. Европчууд салхины өөдөөс харж байрлалаа эзэлсэн байдаг. Лууны толгойгоор чимсэн тусгай хоолойнуудын тусламжтайгаар монголчуудын цацсан утаа салхинд туугдан Генрих вангийн цэрэгт хүрч байв. Тэрхүү хоолойнуудыг европчууд анхандаа дохио өгдөг молцог байна гэж андуурсан аж. Он тооллын бичээч Ян Длугошийн тэмдэглэснээр тэдгээр молцгуудаас «гэнэт үүл мэт маш их хэмжээний өмхий үнэртэй утаа гарч, байлдааны талбайг битүү хучсан. [Холбоотны] цэргүүдийн толгой эргэж, байлдах чадвараа алдаж байлаа». Монголчуудын хэрэглэсэн утааг судар бичгүүдэд хэрхэн дүрсэлнийг эрдэмтэд судлаад, сэтгэл мэдрэлд нөлөөлж, тамирдуулах үйлчилгээтэй хийний нэг төрөл байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Легниц дахь тулалдаанд Европтоо шилдэгт тооцогддог герман рыцарууд хиар цохиулсан нь Буурал Европыг монголчууд байлдан дагуулах бүрэн чадвартай, тэдэнд эсэргүүцэл үзүүлж, довтолгооныг нь зогсоож чадах хүч үгүй болохыг бэлхнээ харуулсан юм. Хожим немц рйцариуд монголчуудыг хуурамчаар зугатсаныг цэрэг ёсонд нийцэхгүй үйлдэл хийхээс цээрлэдэг гэсэн яриа гаргасан юм. гэтэл Легниц дахь тулалдаанаас 1600 гаруй жилийн өмнө Эртний Грекийн дайчин улс Спартын хаан 2-р Агесилай: «Дайснаа хуурч мэхлэх нь шударга төдийгүй, таатай» гэж хэлсэн байдаг нь нэгийг өгүүлнэ.

Генрих ванг алагдах үед Чехийн ван Вацлавын цэрэг Легнинээс ердөө нэг хоногийн зайд ирээд байв. Байдар хаан дайснаа шинэхэн хүчинтэй дахин тулалдахаас болгоомжилж, Бат хаантай нэгдэхээр Мажарын зүг хөдөлжээ. Явуут дундаа Броцлавыг авахыг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Үүний дараа монголчууд Одмухов руу хөдөлж, Доод Силезид хэд хоноод, Рацибужд туслан очжээ. Томоохон хотуудыг авах зориулалттай оньсон зэвсэг байгаагүй учир Байдар хаан амжилтгүй довтолгооны дараа 4-р сарын 16-нд Бат хаантай нэгдэхээр Морави руу хөдөлжээ. Хүн ам цөөтэй, уулархаг Морави талын монголчуудад стратегийн ач холбогдолгүй байлаа. Монголын цэргийн зарим анги нэгтгэл Германы нутаг дэвсгэрт цөмрөн орж, Мейсен хот хүртэл давшиж, хил орчмын газар нутгийг түйвээв. Гарамгай ялалт байгуулсныхаа дараа монголчууд Герман руу биш, харин өмнө зүг рүү хөдөлсөн байна. Үүнийг тэд Вацлав вангийн цэргээс айсных гэж тайлбарлах нь бий. Тэгвэл энэ талаар Я.Халбай ийм тайлбар өгсөн байдаг. «/.../ Монголчууд Хятадад ч, Дундад Азид ч дайсны давуутай хүчнээс айж бэрхшээж айгаагүй. Түүнээс гадна шаардлагатай үед монголчууд Бат хаан болон бусад анги нэгтгэлээс тусламж авах бололцоотой байсан/.../ Монголчууд яагаад Герман руу давшилгүй өмнө зүг рүү хөдөлсөн бэ? Хариулт ойлгомжтой. Европын өмнөд нутгуудаас Герман илэрхий ядуу байв. Хэрэв тийм биш байсан бол Бат хаан цэргийнхээ гол хүчийг удирдаад, Мажарын дараа Германд заавал халдах байсан. Монголын тагнуул анги тухайн үед Герман хөгжлийн хувьд сул дорой байсныг мэдээлж байжээ. Тиймээс гол цохилт өгөх чиглэлийг тодорхойлж, Мажарын дараа Адриатын тэнгис рүү, цаашлаад Ром руу юуны түрэмгийлэхээр тогтсон байна.

Бидний мэдэхээр, монголчууд юуны түрүүнд баян, хүчтэй бүс нутгуудыг эрхшээлдээ оруулж байсан. Үүний дараагаар ядуу дорой аймгууд өөрсдөө сайн дураараа бууж өгдөг байлаа. Их хэмжээний олз омог бол монголчуудын бүхий л аян дайны үндсэн хөдөлгүүр байсан юм. /.../ Тиймээс Монголын армийн маршрут 13-р зуунд ямар улс орон, ард түмэн баян чинээлэг, хөгжил дэвшилтэй байсныг нэн тод харуулна. Саой дахь тулалдаан (1241 оны 4-р сарын 11)Монголчуудын заналт дайсан боловч Бела ван эх нутгаа хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авч чадсан ч үгүй, амжсан ч үгүй. Карпатын нурууг хамгаалуулахаар Дионисий Томайгийн армийг 1241 оны 1-р сард илгээснээр өөр зүйл Бела хийсэнгүй. Монголчуудын довтолгооныг саатуулахын тулд мажарууд уулын хөтлүүдийг царс модоор овоолжээ. Гэвч энэ нь монголчуудын хувьд нарийхан сүрлээс өөрцгүй байв. Сүвэдэй жанжны тушаалаар тэдгээр царсыг шатааснаар асар их утаа гарсан нь мажаруудад аюулын дохио болжээ. Бат хаан удирдсан цэрэг Томайгийн харуул ангиудыг бэхлэлтээс элдэн хөөгөөд, 1241 оны 3-р сарын 12-нд байгалийн болох Карпатын хамгаалалтыг давж, Мункач, Унгварийн уулны хөтлөөр Мажарын тал газарт үер мэт урсан оржээ. Бат хаантай цуг Хадан, Бүри, Шейбан, Бүжэг, Орд нар өөрсдийн цэргийг хамт байв. Монгол цэргийн өөр нэгэн анги Мажарыг Болгараас таслах зорилготойгоор өмнө зүгээс, Галичина муж хавиас давшиж байлаа. Монголчуудын урдаа тууж явсан олон мянган олзлогдогсод битүү ойг сүхээр цавчин, морин цэрэг явах зам гаргаж байв. Бат хан замд таарсан хотуудыг байлдан эзэлсээр Мажарын төв рүү түрэн довтлов. Бела вант улсынхаа өнцөг булан бүр лүү цустай сэлэм барьсан элч довтолгож, нийслэлээ хамгаалахыг уриалсан ч ард түмэн нь хүлээн авсангүй. Ван язгууртнуудын хуралдаан чуулуулсан ч мөн л амжилтанд хүрээгүй байна. Мажарууд вангаа чадалгүй байж харь элэгтнийг хамгаалж, урагшгүй үйлдлээрээ түүгээр явсан гайг үүгээр даллаж авчирлаа хэмээн бухимдаж буйгаа ийн илэрхийлжээ.

«Бела монголчуудыг авчирсан, одоо өөрөө учрыг нь олог» гэж мажарууд ил цагаан ярьж байлаа. Гэтэд Бела ван команчуудыг зүгээр нэг ивээлдээ аваагүй вм. Коман эхээс төрсөн тэрээр албат иргэдийнхээ дунд нэр хүнд багатай учир юуны түрүүнд өөрт нь үнэнч 40 мянган цэрэгтэй болохыг хүссэн нь арга ч үгүй. Нөгөөтэйгүүр, команчуудыг загалмайтны шашинд оруулснаар шинэ татвар төлөгчдийг бий болгож, Ромын пап ламын талархлыг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, Бела ван нэг сумаар хоёр туулай агнах гэсэн юм. тиймээс 1239 оны намар Бела вант улсынхаа хил дээр Котян хаан болон түүний албатуудыг ёслол төгөлдөр хүлээн авч, үржил шимтэй талд газар олгожээ. Гэвч мажр, команчуудын холбоо анхнаасаа уран нугарах тавилантай байв. Учир нь нүүдлийн ба суурин соёл иргэншил нэг гуудайнд багтах боломжгүй байлаа. Команчуудын тууж ирсэн тоо томшгүй олон толгой мал мажаруудын газар тариалан, аж ахуйд ихээхэн хохирол сүйрэл учруулж байв. Эцэстээ энэ нь ил зөрчил болон гаарчээ. Нэгэн судар бичигт: «/.../ Команчууд унгар тариачдын эхнэp охидыг хүчирхийлж байлаа.» гэж тэмдэглэгдсэн нь бий. Аюул нөмрөхөд Мажарыг феодалууд Белад шахалт үзүүлж, Котяныг харъяат иргэдийнх нь хамт Бат хаанд тушааж өгөхийг шаардах болов.

Гэвч хэргийн учир Бела Котяныг бариад өгчих ямар ч боломжгүй байсанд оршино. Котяны ард зэвсэглэсэн 40 мянган дайчин байлаа. Түүнээс гадна Белагийн хүү Иштван Котяны охин Елизаветатай гэр бүл болоод амжсан байв. Аюул ойртох тусам айсандаа галзуурах шахсан Мажарын феодалууд Котян хааны амийг хороосон байна. Ингэснэрээ тэд тэмээн дээр ямааны гарз гаргаж, монголчуудтай олон жил тулалдаж, зохих мэдлэг, туршлага хуримтлуулсан хашир хүнийг үгүй хийжээ. Үүний дараа харин ямаан дээр тэмээний гарз болж, команчууд майхнаа хураагаад, замд тааралдсан бүхнийг сүйдлээд, Балканы хойг руу хөдөлсөн байна. Улмаар Бела ван төдийгүй, мажарууд туршлагатай жанжин, түүний шийдсэн 40 мянган цэргийг нэг дор алдаж, монголчуудын өмнө ганцаарджээ. Замдаа команчууд дайны хөлөөс дайжин хойд зүг рүү дүрвэж байсан олон мянган хүүхэд, эмэгтэйчүүдийг хүйс тэмтэрээд, Бела вантай нэгдэхээр явж байсан цэрэг эрсийг устгасан байна. Команчуудын гарт олон арван суурин газар өртжээ. Бела ван хураасан бүх цэргийнхээ хамт Буда, Пешт хотуудад орж нуугдсан байна. Дунай мөрний 2 эрэгт сүндэрлэх эдгээр хот тухайн үеийн хэмжүүрээр сайтар бэхлэгдсэн, удаан хугацааны бүслэлтийг дааж чадахуйц хэрэм байлаа. Монголчууд асар хурдтай давшиж, 1241 оны 3-р сарын 15 гэхэд Буда, Пештд тулан очжээ. Хотоос гарч тулалдахыг Бела ван хатуу хориглосон ч Колочийн их хамба Уголин 3-р сарын 16-нд өөрийн цэргийн хамт гаpч тулалдаад, отолтонд орж, бүрэн ялагдсан байна. Тэрээр 3, 4хөн цэргийн хамт л эргэж иржээ. Ихэр хотын өмнө майхнаа шааснаар Бат хаан байлдааны ажиллагаагаа хязгаарласангүй.

Монголчуудын жижии жижиг анги салбарууд хотын орчин тойрныг түймэрдэж, Ерлау, Кевешд хотхонуудыг байлдан эзэлсэн байна. Энэ үеэр Бела ван өөрт нь туслахаар ирсэн Австрийн герцог Фридрих Бабенбергтэй маргасан байна. Бела Фридрихийг өөрт нь үг дуугүй захирагдаж байхыг шаардсанд цаадах нь эгдүүцэж, цэргийнхээ хамт нутаг буцжээ. Голын 2 эрэг дээрх том хотыг бүслэн хаахад ихээхэн хүндрэлтэй байв. Тиймээс Бат хаан хэд хоног саатсаны дараа шалгарсан арга мэхээ хэрэглэжээ. Монголчууд амжилтгүй дайралтынхаа дараa ум хумгүй ухрахад Бела ван хууртаж, бүхий л цэргийнхээ хамт араас нь нэхсэн байна. Монголчууд Тииса мөрөнд цутгадаг Сайо (Шайо) гол хүртэл 6 өдрийн турш «зугтжээ». Сайогийн эрэг дээрх Моха тосгоны ойролцоо Бела ван Чехийн таборитуудын адил тэрэг холбон бэхлэлт хийж, мянган цэргээр сахиулан буудалласан байна. Энэ гүүрээс өөр газраар монголчууд гол гаталж чадахгүй гэж Бела үзэж байв. Тэднийг Бат хаан хараад сэтгэл ханасан янзтай: «Эд нар миний гараас мултрахгүй. Хотонд байгаа хонь шиг нэг газар бөөгнөрчихжээ!» хэмээн уулга алдсан гэдэг. Монголын армийн гарамгай ялалт болж түүхэнд үлдсэн энэхүү тулалдааныг цэргийн түүх судлаач, дэслэгч генерал Ш.Жадамбын редакторлаж хэвлэлд бэлтгэсэн, Монголын байлдан дагуулалд шинэлэг байр сууринаас хандаж, объектив үнэлгээ өгсөн «Монгол цэргийн түүхийн товчоон» суурь бүтээлд тодорхой дүрсэлсэн байдаг. 4-р сарын 9-ний шөнө дөлөөр Бат хаан цэргээ хоёр хуваан, нэг хэсгээр нь мажаруудыг өөртөө татан байлдуулж, нөгөө хэсгийг нь гол гатлуулж дайсны ар талаас цохиулжээ.

Энэ өдрийн тулалдаан монголчуудад ялалт авчирсангүй. Цэргүүддээ үлгэр дууриал үзүүлж, зоригжуулахын тулд Бат хаан өөрөө гардан тулалдаанд оржээ. Гэхдээ хүн, хvчээр хавьгүй илүү дайсныг ялахад монголчуудад амар байсангүй. Ялангуяа цэргээ хоёр хувааснаар монголчууд дайснаасаа үлэмж дутуу байв. Дээр нь цэргийн нөгөө анги гол гаталж чадалгүй саатжээ. Орой нь Бат хаан цэргийн дарга нарыг хуралдуулж, нэгэнт голыг гатлах боломжгүй учир шийдвэрлэх тулалдаанд орохоос зайлсхийхийг санал болгосон ч Сүвэдэй баатар эрс татгалзаж: «Хаан эзэн минь. Таныг хүчээр тулалдах эрхийг та ч хорих ёсгүй» гэжээ. Цэргийн жанжнууд ч Сүвэдэй баатрыг дэмжив. Энэ тухай түүхч Ж.Мэн: «Сүвэдэй бол яах аргагүй 13-р зууны үеийн хамгийн суут жанжин байсан юм. Түүний энэхүү суу билгийн тал нь ялна гэдэгт өчүүхэн ч эргэлзээ үлдээгүй тохиолдолд л тулалдаанд ордгоор илэрдэг» хэмээн тэмдэглэсэн байдаг. 4-р сарын 10-ны турш монголчууд гол гатлах бэлтгэлээ базаав. Оньсон зэвсгийн тусламжтайгаар дайсны халхавчийг голын эргээс хөөх хоорондуур инженерийн ангийнхан гүүр тавьжээ. 1241 оны 4-р сарын 11-нд үүрээр Монголын их цэрэг голыг гатлан довтлоход Бела вангийн харуул анги үндсэн хүч нь байрласан газар давхин ирж, энэ тухай мэдээлсэн байна. Гэвч монголчууд удалгүй араас нь нэхэж ирэв. Эрхий мэргэн харваачид суман бороогоор ургах нарыг халхалж, үй олон сум шаагих чимэээнээр 4-р Бела вангийн 65 мянган цэрэг сэржээ. Сайо голын хөвөөн дээр болсон ширүүн тулалдаанд Монголын их цэрэг Мажар-Хорватын нэгдсэн армийг бут ниргэв. Сить гол дээр Оросуудыг ялсан шиг монголчууд чадварлаг гүйцэтгэсэн манёврын үр дүнд даснаа бүсэлсэн байна. Нэгэнт занганд орсон мажарууд ухрах замгүйгээ ойлгон тун ч ширүүн тулалдаж байлаа. Тиймээс Сүвэдэй баатрын тушаалаар Монголчууд өөрсдийн эгнээнд цөмөрхий гаргахад амь зулбан зугтах нүх гарлаа гэж хөөрсөн дайсан бэхлэлтээ орхин тийш тэмүүлжээ.

Живж буй хүн дэрснээс хүртэл шүүрдэг гэдэг дээ. Гэвч монголчууд тэднийг бэхлэлтээ орхин гарах хүртэл харзнаж байгаад сүүлчийн дайсан зугатсаны дараа араас нь нэхэн хөөжээ. Пешт рүү ухарсан мажаруудыг монгол морин цэрэг дор нь гүйцэж, цавчин алж байлаа. Энэ тулалдаанд европчууд байлдааны зорилгооp дарь хэрэглэхдээ анх удаа танилцжээ. Монголчуудын хэрэглэсэн тэсрэх бодис хэдийгээр дайсанд сүртэй гарз хохирол учруулж чадаагүй ч морь малыг нь үргээж багагүй сандаргасан байна. Холбоотнуудын 65 мянган цэргээс 56 мянга нь буюу 86 хувь нь Сайо голын хөвөөнд ясаа тавьжээ. Бела ван Далмаци руу зугатаж, Хорватын герцог, дүү Кальман нь шархдаж, шархны халуунаас нас барсан байна. Түүнчлэн сүм хийдийн томоохон мяндагтнууд болох Эстергомын их хамба Матиас, Колочийн их хамба Яков нар ухрам замд цөм алагджээ. Хамгийн гайхалтай нь ердөө хоёрхон өдрийн дотор Европын 2 том улс болох Мажар, Польш нь Бат хааны дайсны жагсаалтаас гарсан байна. Үүнийг Ж.Мэн тохиолдлын хэрэг огтхон ч биш гэж үздэг. Монголын 2 арми 450 км (тэгэхдээ үүний 200 км нь одоогийг Словакид байрласан цасан хучлагатай Татры уул)-ээр алслагдсан байсан ч хоорондоо байнгын холбоотой байж, аливаа үйл хөдөлгөөнөө харилцан зөвшилцөж байжээ. Сүвэдэй баатрын байгуулсан морин өртөө энэхүү орон зайг 36 цагийн дотор туулах чадвартай байв.

Ширүүн тулалдааны дараа хэсэг амсхийгээд монголчууд Буда, Пешт хотуудад дахин тулан очив. Герцог Кальман нас барахынхаа өмнөхөн хотын иргэдэд тэмцлээс зайлсхийж, үг дуугүй бууж өгөхийг зөвлөжээ. Гэвч ард түмэн тэмцэхээр шийдсэн байна. Хотын төлөөх тулалдаан 3 хоног үргэлжилж, 4-р сарын 29-30-нд монголчуудын ялалтаар өндөрлөжээ. Түрэмгийлэгчид бүхий л уур, бухимдлаа амьд үлдсэн хотынхонд гаргасан аж. Улаан өнгөтэй болсон Сайо голын хөвөөнөөс Бела ван морины хурдаар зугатаж, Польшийг хилийг зүглэв. Харамсалтай нь тэрээр Генрихийн хурмтлуулсан их армиас нэр нь л үлдсэн болохыг яаж мэдэх билээ. Гэвч монголын морин цэргийн анги сүүл мушгин хөөж, ер хоцрохгүй байлаа. Мөрөө буруулахын тулд Бела ван Комор мужаас баруун зүг руу эргэж, Нитрагаар дамжин, улсынхаа баруун хязгаарын томоохон хoт болох Братислав (одоогийн Словаки) руу хөдөлжээ. Тэндээсээ моголчуудад гэхээсээ илүүтэй айдасдаа туугдсан Бела ван Австрийг зорьсон байна. Учир нь Монголчуудыг ирэхээс өмнө тэрээр гэр бүлээ Австрийн хил рүү амжиж гаргасан байв. Уйтгар гунигтаа дарагдсан ванг Фридрих Бабенберг өөрийн биер угтсан байна. Ганцхан сарын дотор эцэш өвгөдийнхөө газар шороог алдаж, цагаач болсон ванг харсан хэний ч зүрх шимширмээр. Харин Фридрих л өрөвдөх сэтгэл төрсөнгүй. Бела ямар хөөрхийлөлтэй байдалд орсныг ойлгонгуут тэрээр хандлагаа эрс өөрчилж, аль 1235 онд Мажарын талийгаач ван 2-р Андрашийг Австрийн нийслэл Венагийн өмнө ирэхэд төлбөр төлснөө «санаж» түүнийг нь эргүүлж олгохыш тулган шаарджээ. Мэдээж, амь зулбан зугатах мориноос өөр юмгүй болчихоод байсан Бела арга буюу Мозон (Визельбург), Шопрон (Эдельбург), Лочманд (Лутцманнбург) гэдэг баруун 3 мужаа тэрхүү төлбөрийн оронд Фридрихд өгчээ. Фридрихийн савраас мултрангуут Бела гэргийгээ аваад, Сегед рүү хөдөлсөн байна. Үүний зэрэгцээ тэрээр Вайцений хамбыг Ромын пап лам, Германы эзэн хаан руу илгээж, Австрийн герцог загалмайтны ёс зүйд харш авир гаргасныг «уламжилжээ». Амташсан хэрээ 13 гэгчээр Фридрихийн шунал улам гаарч, тэрээр Белаг явсны дараа Братислав, Рааб хотыг цэргийн хүчээр эзэлсэн байна. Гэвч удалгүй нутгийн иргэд бослого дэгдээж, Австрийн гарнизоныг устгажээ.

Буда, Пештийг унасны дараахан Варадин, Арад, Перег, Темешвар, Дьюлафехервар зэрэг хот монголчуудын гарт орсон аж. Энэ дашрамд өгүүлэхэд, ялагдсан ард түмнээс уламжлагдан ирсэн домог, хууч яриа үнэхээр түүхэн баримт болж чадах уу? гэдэг асуултанд дараах зүйл тодорхой хариулт өгнө. Дээр дурдсан Варадин хотыг авахад Бат хаан өөрөө алагдсан гэж Мажарын нэгэн сурвалж бичигт өгүүлсэн нь бий. Үүнээс санаа авч, 14-р зууны дунд үед Оросод «Батый алагдсан тухай домгийг ямар нэг байдлаар санагдуулж байгаа биз?Мажарыг байлдан дагуулаад монголчууд өөрсдийн засаг захиргааг байгуулж эхэлжээ. Энэ тухай Л.де Хартог: «Ямарваа нэгэн газрыг эзэлж авсныхаа дараа дадсан зуршлаараа монголчууд маш түргэн засгийн газрыг тэнд бүрэлдүүлэн бий болгосон бөгөөд энэ нь эpх ашгийн хувьд маш хязгаарлагдмал байдаг байсан ба гол зорилго нь зөвхөн армийг төвхнүүлэх байв. Хэдий тийм ч гэсэн хүмүүсийн амьдрал тодорхой хэмжээгээр нам тайван байдалдаа эргэн орж байжээ.» Түүхч М.Правдин олон тооны Мажар их сурвалжийг судалсны үндсэн дээр ийн бичжээ: «/.../ Монголчууд Унгар орныг эзлэн түйвээснийхээ дараа тэндхийн байдлыг тохинуулж суурьшиж эхэлжээ. Нутгийг захиргааг бий болгож, шүүгчид, захиргааны түшмэдүүдийг томилж, хотуудад монгол захирагчдыг суулгаж олзлогсодыг суллан тавихдаа монголчуудыг номхоноор хүлцэн дагах хэн ч болов айн эмээх юмгүйгээр /орон гэртээ –Ч.Ч/ буцаж ирж болно хэмээн зарлав.

Ой хөвч, уул хаданд нуугдаж байсан дүрвэгсэд буцан ирж аажмаар нутаг орондоо төвхнөж тариачид газраа хагалж тариагаа тариад мал хунаргүй нэг нь яаж ийгээд аргаа олжээ. Учир нь монгол захирагчдад гоо унгар бүсгүйчүүд авчирч өгөөд нь хариуд нь хонь, үхэр, морь авах ажээ. Монголын зэс, мөнгөн зоос гүйлгээнд оров. Он дарааллыг түүхч бичихдээ “ийн энх амгалан тогтнож, арилжаа наймаа дэлгэрэв. Хүн бүр эрхээ эдлэх болов” хэмээжүхүй». Монголчуудын засаг захиргаанд байсан нэг жилийн хугацааг мажарууд «тартарьярас» хэмээн нэрлэж, (оросууд монголо-татарское иго гэдгийн адил), өөрсдийн түүхийн хамгийн хэцүү үеийн нэг гэж үздэг. Гэтэл Бат хаан мажарыг газрын хөрснөөс арчиж устгахыг ердөө ч зориогүй бөгөөд Мажар болон немц феодалуудыг хамтран ажиллахыг уриалж, харц ардйг хот тосгондоо эргэн ирэхийг ятгаж чаджээ. Мажарыг монголчууд байлдан эзэлсэн нь Баруун Европ даяар айдас хүйдэс төрүүлэв. Учир нь тэдний хувьд саяхан л алс хол мэт санагдаж байсан монголчуудын аюул бодитойгоор нүүрлэв. 350 жил оршин тогтносон Мажарын вант улс үгүй боллоо хэмээн Баварын түүхч тэмдэглэсэн байдаг. Мажар нутаг монголчуудын бүрэн мэдэлд нэгмөсөн шилжлээ хэмээн Европын ван, ноёд үзэж, эмгэнэн гашуудаж байв.

Европын ард түмнүүдийн зоригийг мохоох, эсэргүүцэл үзүүлэх хүслийг нь дарах зорилгоор монголчууд айлган сүрдүүлэх бодлогоо хэрэгжүүлжээ. Сплитын Фома: «Татарын үй олон цэрэг Трансильванийг цөлмөн хоослоод мажаруудыг Дунай мөрний хавь орчмын нутгаас таягдан хөөгөөд тэндээ зун, өвлийг өнгөрөөхөөр тухлав. Дунайн нөгөө эрэг дээр аж төрж буй хүмүүсийг айлгахын тулд тэд голын эрэг дээр алагдсан хүмүүсийн цогцсоор олон олон овоо босгосон» гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Ялагдсан Бела ван Сегед хотод удсангүй. Өөрт нь үнэнч үлдсэн цөөн тооны албатаa дагуулан тэрээр эхлээд Хорватын Загоеб хотод нуугдав. Тэр үед Далмацийн нэг хэсэг байсан Хорват Мажарын вант улсын бүрэлдэхүүнд ордог байв. Загребт тэрээр 10 сар болохдоо хамаг үйл ажиллагаагаа монголчуудад няцаалт өгөхөд чиглүүлж, Европын бараг бүх хаан, ван луу, тэр ч байтугай Ромын пап лам руу элч довтолгожээ. Магадгүй, Бела урьд нь хэзээ ч ийм завгүй байгаагүй байх. Бела тэдэнд бичсэн захидалдаа хүчээ нэгтгэж, монголчуудын эсрэг нэгэн зэрэг хөдлөхийг санал болгосон юм. Гэвч айж чичирсэн хаан, ван нар Белад ямар ч тусламж үзүүлсэнгүй. Гагцхүү Ромын пап лам Белад өөрийн ивээлээ хайрлаж, буруу нoмтнуудын эсрэг боссон хүн бүрийг нүглийг хэлтрүүлэхээ Есүс Христийн газар дээрхи биет төлөөлөгчийн хувиар амлажээ. Хамгийн жигтэй нь сүүдрээсээ өөр нөхөргүй шахам үлдсэн Бела л монголчуудтай нэгийгээ үзэх хүслээр буцалж байлаа. Харин алдах юмтай хаад, вангууд Белагийн шийдэмгий занг ерөөсөө ч ойлгохгүй байв. Арга ч үгүй биз.

Монголчуудын эсрэг зэвсэглэн хөдөлсөн тохиолдолд өөрсдийг нь Генрихийн байг гэхэд Белагийн хувь тавилан хүлээж байна гэдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан юм. Улмаар зэвсгээр бус үгээр байлддаг «хүйтэн дайн» дэгдэв. Белагийн захидлуудын хариуд Пап лам 9-р Григорий (1227-1241) 1241 онд, түүнийг тэнгэрт хальсны дараа 4-р Иннокентий (1243-1254) 1243 онд сүсэгтэн олныг монголчуудын эсрэг загалмайтны ариун дайнд босож, төрхөм рүү нь үтэр түргэн тонилгохыг уриалж, шанд нь хамаг нүгэл хилэнцийг нь өршөөхөө амлажээ. Белаг нэхэн хөөсөн Хадан хааны удирдсан монгол цэрэг 1241 оны Христосын мэндэлсэн Дунай мөрнийг мөсөн дээгүүр нь туулаад, Славони, Хорватыг маш богино хугацаанд эзлээд, Загребт ирэхэд ван аль хэдийн зугатаж амжсан байв. Монголчуудаас ямар ч өршөөл энэрэл горьдоод нэмэргүйг хэнээс ч илүү мэдэх Белаг дагалдах хүмүүсийн тоo өдрөөс өдөрт цөөрч байлаа. Удалгүй Хадах хаан Далмаци дахь Спалато хотоос 9-н км зайтай орших Клисса цайзыг бүслэн хаажээ. Клссид Белаг хоргодож байна гэж бодсон Хaдан цайз руу чанга хашгирдаг хүнийг илгээж, тэр нь Хорватаар: «Өөр цусны ван хийгээд түүний хүмүүсийг хамгаалахгүй байхыг та бүхнээс ялагдашгүй их цэргийн жанжин, их хаан Бат уриалж байна. Ванг бидэнд тушаавал та бүхний гэмийг уучилж, амийг хэлтрүүлх болно» гэж хашгирчээ. Гэвч Бела Клиссад байсангүй. Тэрээр хажууханд орших усаар хүрээлэгдсэн Трогир цайзад амь хоргодож байв. Чухамхүү Трогир цайзад Белагийн толгойд хамгийн зөв бодол оржээ.

Хуурай газар дээр монголчууд амар тайван байлгахгүй нь гэж үзээд Бела ван дахин мөр буруулж, Адриатын тэнгис дэх эхлээд Кралевац, дараа нь Рабе гэдэг жижигхэн арал дээр нуугдсан байна. Загасчдын жижигхэн завин дээр далайн давалгаанд сэгсчүүлэн явахдаа Бела Мухаммед шахын тухай бодслн болов уу? Тэр хоорондуур Хадан хаан Клисса цайзыг байлдан эзэлж, Белагийн ул мөр олдоогүй тул нутгийн иргэдийг байцааж байв. Энэ үеэр далай дээо бэсрэг тулалдаан болсон тухай М.Правдин дурдсан байдаг. Монголчуудын хам хум цуглуулсан хэдэн хөлөг онгоц Бела вангийн онгоцуудыг сөнөөсөн байв. Хэдийгээр энэ нь жижигхэн тулаан байсан ч монголчуудын хувьд ялалт, тэгэх тэгэхдээ далай дээрх ялалт байсан юм. Чухам энэ үед Хаданыг Бат хааны элч олжээ. Хархорингоос гарсан элч үүний өмнөхөн Бат хааны өргөөнд ирж, Их монгол гүрний хан Өгөөдэй тэнгэрт хальсан тухай мэдээг уламжилсан байв. Энэ урт замыг элч морин өртөөний ачаар зургаан долоон хоногийг дотор туулсан аж. Азийн төвөөс Европын төв хүртэлх замыг ийм богино хугацаанд туулсан ч Өгөөдэй хаан нас барсан тухай мэдээ хагас жилийн дараа л Батын сонорт хүрсэн нь их гүрний нийслэлд маргаан дэгдэж, энэ мэдээг нууцлах эсэх талаар 6 сар мэтгэлцсэнтэй холбоотой. Их цэрэгтэйгээ нэгдэхээр буцах замдаа Хадан хан нэг ангийг өмнө зүг рүү далайн эргээр илгээсэн байна. Тэрхүү анги далайн эрэг дахь Сербийн Свач, Дриваст, мөн Рагуза (Дубровник), Катторо хотыг байлдан авч шатаагаад, Боснийн тал нутгийг түйвээгээд, Албани, Серби, Болгараар дамжин Албанийн Скадарид тулж очсон нь Европт монголчуудын хүрсэн хамгийн өмнөд цэг байв.

Монголын морин цэргийн сургаар Балканий хойгийн ард түмэн гэр орон, эд хөрөнгөө орхин, өндөр уул, битүү ой руу зугатаж байлаа. Бела вангийн хойноос Хадан ханыг нэхүүлсэн нь зорилго, үр дүнгээрээ 1220 онд Хорезишах Мухаммедын араас Сүвэдэй, Зэв, Тохучар нарыг илгээснимйг санагдуулдаг. Монголчуудын хувьд дайснаа бүрэн дарж, цаашид үймээн самуун гаргуулахгүйн тулд хааныг нь устгах чухал үүрэгтэй байсан. Тиймээс 1220 онд Мухаммедыг, 1241 онд Белаг үгүй хийх нь байлдан дагуулал төгс амжилттай болоход чухал нөлөөтэй байв. Учир нь хаан нь амьд байхад улсыг нь байлдан дагуулна гэдэг ажлын тал юм. Хэрэв 1220 онд монгол цэргүүдэд хөөгдсөн пашидах Каспийг тэнгисийн нэгэн жижиг арал дээр нуугдсан бол 1241 онд Мажар ван Адриатын тэнгисийн арал дээр амь хоргоджээ. Ганц ялгаа нь гэвэл Мухаммед тэндээ нойтон хамуутай хүмүүсийн дунд ясаа тавьсан бол Бела монголчуудыг явсны дараа эх нутагтаа эргэж иржээ. Буцсан нь (1242)1241 оны 4- сарын сүүлээр монголчууд Польш, Мориавиас Грозенков, Яблонийн уулын хөтлөөр дамжин тухайн үед мажарын хэсэг байсан Словакид цөмрөн орж, газар нутгийг нь бусниулав. Уулархаг бүс нутагт байрласан Банска Штявници, Крупина, Пуканец хотуудын дорвитой эсэргүүцэл үзүүлж чадалгүй тал газрын цэргүүдийн гарт орсон байна. Тэрхүү анги 1241 оны 12-р сар болтол Словакийг түйвээгээд, Бат хааны цэрэгтэй нэгджээ. Монголчууд Словакийн зарим нутагт өөрсдийн томилсон бавил хэмээх түшмэдийн тусламжтайгаар жил тойрон ноёрхсон бөгөөд Земплин, Абов, Турна, Гемер зэрэг муж харийн талхийнгол ачааг үүрсэн аж.

Гэхдээ Словакчууд Братислав, Нитра, Комарно (Коморн), Тренчин, Бецков зэрэг томоохон хотоо хамгаалан үлдэж чаджээ. Легниц дахь тулалдаанд гарамгай ялалт байгуулсан монголын цэргийн анги Бат хаантай нэгдэхээр Зүүн Чехи, Морави руу хөдөлжээ. Замдаа тэд Оломоуц цайз-хотыг бүслэн хаасан байна. 1241 оны 6-р сарын 24-ны шөнө дөлөөр Чехийн жанжин, Стернберг хотын иргэн Ярославаар удирдуулсан цэрэг Оломоуцаас сэм гарч, монголчуудыг гэнэдүүлэн довтолж, тэдэнд хохирол учруулжээ. Чехүүд үүнийг тэр дор нь гарамгай ялалт хэмээн зарласан юм. Арга ч үгүй юм. Ард түмнийг зоригжуулах жишээ хэрэгтэй шүү дээ. Харин тэрхүү жишээ нь үнэн, худал нь хэнд ч падгүй. Түүхийн ихэнх бичиг баримт Олмоуц дахь монголчуудын ялагдал гэгчийг ихэд дэвэргэн бичдэг. Бүр Байдар ханыг алагдсан гэдэг. Энд бид нэг зүйлийг санах хэрэгтэй. Бүтэн зуун үргэлжилсэн байлдан дагууллынхаа явцад монголчууд бүслэн хаасан хотынхоо дэргэд нэг ч удаа ялагдал амсаж байгаагүй. Энэ бол бүслэн хаах ажиллагааг монголчууд дайны бүхийд хууль журмын дагуу гүйцэтгэдэг байсны ач гавъяа юм.

Бүслэгдсэн хотоос гарч монголчууд руу довтлох нь юугаар дуусдагийг бид мэднэ. Ярослав Оломоуцаас гарч монголчуудтай зэвсэг зөрүүлчихээд эсэн мэнд эргэж ирснээ ялснаас өөрцгүй хэмээн үзсэн байж магадгүй. Ярослав воеводын довтолгон амжилттай болж, монголчууд хохирол амссан байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ л Легницийн тулалдаанд дайснаа бут ниргэсэн хоёр түмтийг нэг хотод байсан цэргүүд гарч ирж довтлоод хиар цохиж, тэгэх тэгэхдээ Байдар ханыг ална гэдэг бол ялагдсан ард түмнээс гарах хорслын нэг илрэл гэж үзэхээс өөр аргагүй. Оломоуц дахь тулалдааныг «Эрх чөлөө, тусгаар тогтнолынхлл төлөө тэмцсэн ард түмний баатарлаг тэмцлийн тухай домог»-ийн нэг хэсэн гэж үздэг түүхчид ч бий. Монголчуудын түрэмгийлийг тусгайлан судалсан Чехийн эрдэмтэн В.Новотны Оломоуц дахь тулалдаан гэгч түүхэн үнэнд нийцэхгүй домог төдий зүйл гэсэн дүгнэлт гаргасан байдгыг харгалзан үзэх хэрэгтэй. Баатарлаг тэмцэл, ялалт байхгүй үед ард түмэн, дайчдынхаа урам зоригийг бадраах зорилгоор хий хоосон гавъяаг зохиомлоор гаргаж ирдэг явдал хүн төрөлхтөний түүхэнд цөөнгүй. 2003 онд Иракийн дайны үеэр иракчуудтай байлдахад баатарлаг гавъяа байгуулсан гэх хэд хэдэн цэргийг тойрсон домгийг АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага зохиомлоор гаргаж ирснийг Америкийн өөрсдийнх нь сэтгүүлчид илрүүлж, буруушааж байсан билээ.

1241 оны 10-р сарын 6-ны ням гаригт нар хиртэхийг сүсэгтэн олон Европ даяар харсан байна. Ариун өдөр хэмээгддэг ням гаригт нар хэсэгхэн хугацаанд алга болохыг ажигласан европчууд энэ бол муу ёр, бид бүгд татаруудын боол болох нь гэж айж балмагдав. Бордогийн их хамба лам монголчууд бол «тамаас гарсан хүний махан хүнстнүүд. Тэд байлдаанд амь үрэгдсэн бүх хүмүүсийг идэж, зөвхөн ясыг нь үлдээдэг. Тас шувуу хүртэл хүний сэгийг ингэж иддэггүй» гэсэн нь сүсэгтэн олны зоригыг улам ч мохоожээ. 1241 оны сүүлээр дун өвлийн цагаар Бат хаан нэг ангиа бордоо бэлтгэх, тагнах үндсэн хоёр үүрэгтэйгээр Австри луу илгээсэн байна. Эл жижиг анги юунаас ч эмээлгүй давшин Венагийн ойрмогхон ирээд байхдаа австричуудтай зэвсэн зөрүүлсэн байна. Австричууд хүн хүчээр түрж, монголчуудыг элдэн хөөсөн бөгөөд Венаас 40-өөд км-ын зайд орших Нейштадт хотын орчим найман хүн олзолжээ. Хамгийн гайхалтай нь тэдгээрийн нэг нь англи хүн байв. Энэ тухай Ж.Мэн тодорхой өгүүлсэн нь бий. Роберт хэмээх түүнийг Бат хаан энэ явдлаас Бела ван руу илгээж бууж өгсөн тохиолдолд байлдааны ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдэж байжээ. Тэрээр 1215 онд Английн Жон вангийн эсрэг боссон язгуутнуудыг толгойлсон Фитц-Уолтерийн лам байв. Язгууртнуудад ихээхэн эрх дарх олгосон харти гэгчийг ван баталснаар энэхүү бослого өндөрлөсөн юм.

Тодорхойгүй шалтгааны улмаас Англиас хөөгдсөн тэрээр Палестин руу дүрвэж, мөрийтэй тоглоомонд донтож үгээгүй хоосроод гуйлгачилж эхэлжээ. Энд тэнд хэрэн хэсүүчилж байхдаа олон хэлд нэвтэрхий болсон Робертыг Чингис хааны туршуул, Хорезмын талаар нууц мэдээлэл цуглуулдаг нэгэн лалын шашинт худалдаачин өөд нь татаж, дэргэдээ авсан байна. Тэр цагаас хойш Роберт 20 гаруй жил монголын хаадад хүчин зүтгэжээ. Гэвч энэ удаад Робертыг аз нь хаяж, австричууд түүнийг урвагч хэмээн цаазаар авсан аж. Түүний ярьсан энэхүү ер бусын түүхийг Нарбонн хотоос гаралтай Иво хэмээх франц лам тэмдэглэн авсан байдаг. 1241-1242 оны өвөл Бат хаан орон нутгийн шинжтэй даалгавар гүйцутгэж яваа тархай бутархай ангиудаа татаж, Духай мөрнийг гатлан тухайн үеийн Мажарын нийслэл Эстергомыг бүсэлжээ. Зүүн Европын хамгийн том хотын нэг болох Эстергом сайтар бэхлэгдсэн төдийгүй, хавь ойрын бүх хүн тэнд хоргодсоноор ихээхэн хэмжээний хүч хуримтлагдан байв. Монголчууд лозгы хүмүүсийг дайчилж, хотыг тойрсон гуу жалгыг элс% шороогоор дүүргүүлээд, 30 оньсон зэвсгээр өдөх шөнөгүй буудаж эхлэв. Дайсны хотыг бүслэн хаах ажиллагаанд монголчууд 1211 оноос гадаадын (эхлээд хятад, дараа нь лалын) мэргэжилтнүүдийг өргөнөөр ашиглаж эхэлжээ. Ер нь хятад инженерүүд Монголын хаадыг бүхий д аян дайнд нь дагалдан явж, Ази, Европын олон хотыг эзлэн авахад өөрсдийн цаглашгүй их хувь нэмрийг оруулсныг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Хэрэв задгай талбайн тулалдаанд монгол морь ялалтын нэг тулгын чулуу болж байсан бол хана хэрэм бүхий хотыг эзлэн авахад хятад мэргэжилтнүүд тэдний бүтээсэн төрөл бүрийн оньсон зэвсгүүд дутуугүй үүрэгтэй байсан юм. Хана хэрэм хэдэн газраа нуран унахад монголчууд шийдвэрлэх дайралтанд нэгэн зэрэг уухайлан оржээ.

дэлгэрэнгvйгээр цааш унших...

Friday, November 21, 2008

ТАРХИНЫ ФИТНЕСС

Т.Алтангэрэл

Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.

Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой болов. Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх г.м) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн “Живаго эмч” зохиолд гол баатар нь “би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа. “Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр бусад мэргэжил, шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр Ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна.

Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүгээрт, хүн мэдлэг дамжуулах чадвартай, хоёрдугаарт, хүн соёлыг бий болгодог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна. Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодогоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.

Сэтгэлээ танин мэдэхүй

Буддын сургааль нь төгс төгөлдөр сэтгэлээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхамшигт хүч чадлыг таньж мэдэх нь буддын сургаалийн цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн таньсан хүнийг гэгээрсэн гэдэг. Хэн бүхэн өөрийгөө ажиглан хэсэгхэн хугацаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, хувирч байдгийг анзаарах биз ээ. Аль нэг бодол санааг онцгойлон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тархинд орж гаран байхыг ажиглах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанартаа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаана маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чинээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чадвар, чанар гэж томъёологдох боломжтой. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах боломжгүйтэй ижил юм. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нартай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагддаг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа “өнгөө” хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татья. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхэддээ музейн үзмэрийн чухал, ач холбогдойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийнхээ яриаг тайван сонсч үзмэрийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэдрэх нь үгээр илэрхийлэгдэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргалтай мэдрэмжийг мэдэрч сэтгэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямарч хувирамтгай орчинд байсан энэ чанараа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрийгөө, өөрийнхөө оршин тогтнолын төлөөх аминчхан бодол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүний сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрийгөө хайрлаад зогсохгүй, бусдын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүнийгээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэмших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ баталж, амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дарга, бизнесмен гээд ямарч хүнийг өөрийн тогтсон дадал зуршилаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн. Сэтгэлийн өнгөн талд байгаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртагийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чөлөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн чанартаа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөдлөлөөс ангид амгалан оршдог. Ямарч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсэний шинж юм.

Эцэст нь дахин нэг жишээ татья. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баялгаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгөрөөжээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Асуулт: хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баялгаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байжээ, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, тэрээр ядуурал гачлангаас ангижирсан. Буддын сургааль ийн өгүүлжээ. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр “эрдэнэсийг” нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрчлөгдөхсөн.

Тархины парадокс буюу сэтгэлээг чөлөөлөхүй

Хүн аливаа зүйлийг танин мэдэхдээ хүн хэд хэдэн шат дамжлагыг давдаг. Тухайлбал, хүнд алим үзүүлэхэд юуны өмнө тэр хүнд харах, сонсох, эсвэл амтлах зэрэг мэдрэхүйгээр дамжаад анхны дохио тархинд очдог. Бөөрөнхий хэлбэртэй, улаан өнгийн гэх зэргээр. Дараа нь энэ дохио тархины лимбийн хэсгээр орохдоо тухайн алим нь танд сайн уу, аюултай юу, эсвэл хамаагүй гэх зэргээр боловсруулалт хийгддэг. Өөрөөр хэлбэл тархины лимбийн хэсэг нь хүний баяр хөөр, гуниг өвдөлтийн мэдрэмж, эмоцийг хариуцаж байдаг хэсэг юм. Лимбийн хэсэгт дохио боловсруулж байх явцад тэрхүү дохиог тархины дээд хэсэг буюу дүн шинжилгээ хийдэг неокортексийн хэсэгт шилжүүлж, тэр нь энэхүү улаан бөөрөнхий эд нь юу болохыг тогтоодог. Ингэхдээ түүнийг тархинд хадгалагдаж байгаа бусад мэдээллэлтэй харьцуулж, хайрцаглаж, дүн шинжилгээ хийснээр АЛИМ болохыг нь тодорхойлдог аж. Учир нь хүний тархинд алим гэдэг энэ загвар хэдийн хадгалагдчихсан, алимтай холбоотой урьдны олон тааламжтай мэдээлэл байж байдаг. Үүний үндсэн дээр хүн энэ алимыг яах, ямар үйлдэл хийхээ тодорхойлдог. Харин хэрвээ хүн урьд өмнө хэзээ ч алим гээчийг харж, амталж үзээгүй, энэ талаар хэн ч юу ч хэлээгүй, тархинд нь ямар нэгэн холбогдох мэдээлэл байхгүй болбол хүн алимыг хараад тэс өөрөөр хүлээн авах болно. Буддын ухааны үүднээс үүнийг дүгнэж үзвэл хүн угтаа алимыг бодит байгаа байдлаар нь хүлээн авч байгаа хэрэг бус харин өөрт нь тархинд нь тогтож заншсан алимны дүр төрхийг холбогдох мэдээллийн хамтаар хүлээн авч байна.

Цаашилбал, хэрвээ энэ уламжилсан, олон жилээр тогтож хэвшсэн тархин дахь загваруудыг өөрчлөх юм бол, үүний төлөө тархийг сургаж, дасгал хийвээс, хүний тархинд оршсон айдас, өөртөө итгэлгүй байдал, өвчин зэрэг олон тааламжгүй “хиймэл загваруудаас” ангижирч болох ба энх амгалан, аз жаргалыг удаан хугацаанд хадгалах боломжтой гэж буддын лам нар үздэг юм байна. Сүүлийн үед хийгдсэн клиник судалгаанаас харахад бясалгал нь хүний тархины хайрцаглах, аль нэг загварт оруулах тэр чадварыг задалж өгдөг болох нь тогтоогдсон бөгөөд аливаа зүйлийг бодит байгаа байдлаар нь хүлээн авах, тархинд хиймлээр бий болгосон ялгаваруудыг арилгахад гайхамшигтай үр нөлөөтэй аж. Ингэснээр бясалгал хийдэг хүн нь сэтгэлгээний хувьд маш чөлөөтэй болж, танин мэдэж байгаа зүйлийн бодит чанарын талаар өөрөө тодорхойлох чадвартай болдог аж.

Биднийг хүрээлэн буй эд зүйлс, хүмүүс, цаг хугацаа, бид өөрсдөө ч яг чухамдаа хэн, эсвэл юу юм бэ гэдэгт хариулах нь туйлаас төвөгтэй болохыг жаахан ухаж бодоход л харагддаг. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ялгадаг цаг хугацааг аваад үзье. Өнгөрсөн цагийн талаар хүнд гагцхүү дурсамж үлдэх бөгөөд тэр нь тархин дахь төсөөлөлөөс өөр юу ч бус байдаг. Ирээдүй гэхлээр мөн л мөрөөдөл, төсөөлөл. Тэгэхээр яг бодитоор бидэнд ганцхан одоо цаг л үлдэж байна уу гэмээр. Одоо цагийг тодорхойлох гэхээр жилийг арван хоёр сар, сарыг өдөр, өдрийг цаг, цагийг минут, секунд, мөч, хором гээд яг одоо энэ мөч гэхэд аль хэдийн өнгөрсөн цаг байдаг. Бурхан багш Будда цаг хугацааны жил, сар, өдөр зэрэг тодорхой нэгжид хуваагдах зарчмыг харьцангуй чанартай гэж үзээд, туйлын чанараар авч үзвэл нэг өдөр ч зуун жил шиг, эсвэл зуун жил нэг хором шиг байх нөхцөл бий гэж үзжээ. Нүд ирмэхийн зуур амьдрал өнгөрлөө, зүүд шиг юм гэж хөгшчүүлийг ярихыг сонсч байлаа. Цаг хугацаа, орон зай, эд юмс, үзэгдэл, хүний өөрийгөө “би”.гэх нь хүртэл бүгд харьцангуй, бие биенээсээ харилцан хамаарал бүхий, өөрөө дангаараа оршин тогтнох боломжгүй, хувирамтгай, яг оноогоод тэр гэх боломжгүй болохыг буддын ухаанд хэдийн нээжээ. Ийнхүү юмс үзэгдлийн цаад мөн чанарыг бодитоор харах нь сэтгэлгээг чөлөөлөх, гэгээрэхийн үндэс юм. Харамсалтай нь хүн юмс үзэгдлийг бодитоор нь харах, ухаарахыг бус өөрийн төөрөгдөл мунхагт хөтлөгдөн, үүнээсээ хамаг зовлонгийн эхлэлийг тавьдаг болохыг буддын номонд заасан байна. Хүн угтаа хиймэл, харьцангуй юмнаас болж уурлах, айх, дээрэнгүй байх, өөрийгөө хэт магтах зэргээр байнгын төөрөгдөж, тархин дахь загварууд, төсөөллийг туйлын үнэн мэтээр бодож, шунаж, юмыг мөнх юм шиг бодож явдагаас өөртөө болон өрөөлд зовлон авчирдаг.

Орчин үеийн тархины судлал ийнхүү буддын номын утга агуулгад дүйцэж, олон талаар баталгаажиж байгаа нь гайхамшигтай юм. Бурхны ном нь зовлон хийгээд түүний шатгаан, зовлонгоос ангижрах, гэгээрэлд хүрэх зам мөрийг заадагаараа цогц ухаан бөгөөд юуны өмнө ертөнцийн мөн чанарыг зөв, бодитоор нь танин мэдэх, сэтгэл сэтгэлгээг зөв удирдах, өөрийн энэ болоод дараах амьдралаа улам хөгжих, бурханлиг чанар луу ойртох утга учиртайг сургасан байдаг. Өөр бусад бүх хүнээс илүүтэйгээр лам нар өндөр хэмжээний гамма долгион (аз жаргалын, сэтгэл ханамжийн тархины үзүүлэлт) ялгаруулдаг, тэр нь удаан хадгалагддаг болохыг Америкийн тархи судлаачид туршилтаар нотолсон нь үүний тод жишээ юм.

Хоосон чанар ба квантын физик

Дээр дурьдсан юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх, ухаарах тухайд буддын ухааны тулгуур ойлголт болох хоосон чанарын талаар өгүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өмнө цаг хугацааны харьцангуй байдлын тухай өгүүлэхдээ хоосон чанарыг хэдийн ярьж эхэлсэнийг уншигч та ойлгосон байх. Бидний эргэн тойронд байгаа машин, байшин, ширээ сандал, уул хад, ус, од гаригс гээд бүх л биет, бодитоор харагдаж байгаа зүйл устаж алга болж, шинээр үүсч, эсвэл өөр зүйлд хувиран өөрчлөгдөж байдаг. Та өөрөө ч хүүхэд байхаасаа өөрчлөгдөж, үс тань бууралтах, арьс тань үрчлээтэж, дуу хоолой бүдүүрэхийг анзаардаг биз. Хүний толгойд янз бүрийн бодол санаа эргэлдэж, баярлах гуних зэргээр сэтгэл хөдлөл ч нөхцөл байдлаас хамааран ээлжлэн солигддог. Нобелийн шагналтан, суут физикч А.Эйнштэйн харьцангуйн онолоо нээснээс хойш цаг хугацаа, орон зай хүртэл хувьсан өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон.

Аливаа юмс үзэгдлийн шалтгаан нөхцлөөс үүдсэн энэхүү байнгын хувьсан өөрчлөгддөг чанарыг буддын ухаанд харьцангуй буюу бодит бус чанар гэж нэрлэдэг. Харин нөхцөл байдлаас үл хамааран хэзээд үл хувирах, бодит, мөнх, хязгааргүй чанарыг туйлын буюу абсолют чанар гэх бөгөөд дээр өгүүлсэн харьцангуй бүхэн (ширээ сандал, эмоци, хүний бие, од гариг г.м) туйлын чанараас үүсч, эргээд түүнд шингэн алга болж, өөрөөр хэлбэл эдгээр нь туйлын чанарын ердөө өчүүхэн хязгаарладмал, хэлбэр дүрс төдий илэрхийлэл нь юм. Энэхүү юмс үзэгдлийн цаад эх буюу төгс, бодит, туйлын чанарыг буддын ухаанд хоосон чанар гэх бөгөөд бодитоор оршиж, бидний нүдэнд үзэгдэж байгаа биет юмс үзэгдэл нь угтаа энэхүү хязгааргүйгээс үүссэн, хувирамтгай, шалтгаан нөхцлөөс хамаарсан буюу дан ганцаараа оршин тогтнох аргагүй тул мөн чанартаа хоосон юм. Бүхэн хоосон чанараас үүсч хоосон чанар лугаа шингэдэг. Бурхан багш Будда хоосон чанарын тухай айлдахдаа дүрс бол хоосон чанар, хоосон чанар бол дүрс, хоосон чанар бол дүрсээс өөр юу ч бус, дүрс бол хоосон чанараас өөр юу ч бус гэжээ.

Ямарч юмс үзэгдэл бие даан дангаар оршин тогтнох, эсвэл өөрөө өөрөөсөө үүсэх аргагүй, үргэлж аливаа өөр зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж, харилцан хамаарч байдаг, хувирамтгай тул түүнийг харьцангуй, бодит бус, мөнх бус гэж үздэг. Харин хоосон чанар бол тийм биш юм. Энэ нь хязгааргүй, туйлын чанартай, үг томъёогоор илэрхийлэх боломжгүй бөгөөд дээр бичсэн нь гагцхүү логик аргаар тайлбарлах гэсэн оролдлого гэж үзэж болох юм. Хоосон чанарыг бүх зүйлийг үгүйсгэх, байхгүй мэтээр бодох нь буруу бөгөөд аливаа зүйлийг бодитоор байгаа ч бус, бас байхгүй ч бус, шалтгаан нөхцлөөс хамааралтай, харьцангуй гэж үзэх нь зөв юм. Тухайлбал, та хэн нэгэн Доржийг намхан эсвэл өндөр хүн юм даа гэж бодож байж болох юм. Угтаа бол Дорж таны өндөр нам гэх бодлоос үл хамааран өөрийнхөөрөө байгаа хүн байтал та түүнийг аль нэг өндөр хүнтэй харьцуулан түүнийг намхан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл хүн ямар нэг зүйлийг дүгнэхдээ заавал өөр зүйлтэй харьцуулж, түүнээс хамааруулан, нөхцөлдүүлж сайхан эсвэл муухай гэж ялгаж боддог. Ийм учраас таны бодол, дээрх дүгнэлт бол угтаа бодит бус, харьцангуй бөгөөд Доржийг энэ бүх харьцуулалт, хэн нэгний үнэлэмжээс нь ангид авч үзвэл өөрийнхөө байгаа төрхөөрөө оршиж байгаа, ямар нэг байдлаар тодорхойлох боломжгүй, хоосон чанартай юм.

Хоосон чанарыг бясалгалын замаар мэдрэх ойлгох боломжтой аж. Нуруугаа тэгшлэн завилан сууж, амьсгалаа тайван авна. Толгойд орж бас гарч байгаа бодол, янз бүрийн мэдрэмжийг та хөндлөнгийн хүн шиг аль нэгэнд нь авталгүй сэтгэлдээ болгоон доод тал нь минут болох хэрэгтэй. Ингэхэд таны толгойд эргэлдэж буй бодлууд нэг тодрон гарч нэг алга болж, угтаа бол хоосон чанараас үүдэн бас эргээд түүн лүүгээ уусан, яг л далайн давалгаа нэг дээш давалж эргээд далайдаа уусан буух шиг болохыг анзаарах буйзаа. Далай буюу таны бодол санаа төрөн гарч бас эргээд уусан алга болж байгаа тэр хязгааргүй боломжит чанарыг хоосон чанар гэж нэрлэж байгаа хэрэг гэж Мингүр ринбүүчи адилтгасан байх юм.
Сонирхолтой нь хоосон чанарын тухай буддын гүн ухааны ойлголт нь орчин үеийн физикийн шинжлэх ухаанд квантын онолтой олон талаараа дүйцэж байна. Квант гэдэг нь атом дахь хамгийн жижигхэн, цааш үл хуваагдах хэсэг буюу энерги бөгөөд түүний зүй тогтлыг физикчид судлаад орчлон ертөнцийн мөн чанар, юмс үзэгдлийн хамгийн бичил ертөнц нь бидний нүдэнд харагдаж байгаагаас тэс өөр болохыг баталжээ. Нэрт физикч Нильс Бор “Хэрвээ та квантын онолыг судлаад шоконд орохгүй байвал та түүнийг ойлгоогүй юм байна гэж дүгнэхээс аргагүй” гэж хэлж байсан удаатай. Квантын хөдөлгөөн нь тодорхойлоход маш хүндрэлтэй, түүний байршил, хурд зэрэг нь уламжлалт физикийн зүй тогтлоос тэс өөр учраас өдий хүртэл нээгдээгүй, тайлбарлахад төвөгтэй олон зүйл эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Физикийн энерги хадгалах хуулиар бол аливаа юм бүрэн устаж үгүй болдоггүй, харин өөр зүйлд хувирдаг. Жишээ нь мөс хайлаад ус болдог, харин ус ууршиж, ус төрөгч, хүчилтөрөгчийн атом болж задардаг. Тэгэхээр буддын номоор бол атомын түвшинд эд юмс нь хувирамтгай, харьцангуй, бодит бус чанартай хэвээр байна гэж үзэх бөгөөд атомоос цааш задрах, туйлын чанартай, хувирдаггүй, дахин цааш хуваагдах боломжгүй, зүгийн хувь үгүй бичил хэсгийг байна гэж үздэг. Физикийн шинжлэх ухаан нь 20-р зуунд энэ бичил хэсгийг олж нээхэд ихээхэн төвлөрсөн бөгөөд атом нь байнгын тогтвортой зүйл бус тэрнээс ч илүү задарч электрон, квант, фотон зэрэг бичил хэсгүүд байдаг талаар нээлтүүд ар араасаа хийгдэж, өнөөдөр бидний хэрэглээнд лазер туяа, компьютер зэрэг гайхамшигт зүйлүүд нэвтэрсэн. Квантын онолоор квант нь замбараагүй, урьдчилан тооцоолох боломжгүй хөдөлгөөн бүхий заримдаа бичил хэсэг, заримдаа энергийн долгион шиг үйлдэлтэй. Аливаа үзэгдэл нь тодорхой шалтгаан нөхцлөөс болж өөрчлөгдөн улмаар шинэ үзэгдэл бий болох, эсвэл устаж алга болох зэргээр байнгын, урьдчилан тогтоох боломжгүй хөдөлгөөнд оршиж байдаг нь хязгааргүй. Хүний бодол санаа ч гэсэн тодорхой шалтгаан нөхцлөөс үүсдэг бөгөөд шалтгаан нөхцөл өөрчлөгдөхөд мөн дагаж өөрчлөгддөг.
Бясалгал ба Ливингстон нэртэй цахлай

Бурхан багш ертөнц, юмс үзэгдлийн мөн чанарыг ийнхүү гүн гүнзгий танин мэдээд, хүний зовлонгийн шалтгаан, түүнээс ангижрах арга зам, эцэст нь хүн гэгээрэлд хүрч бурхан болох зам мөрийг зааснаараа агуу юм. Дээр өгүүлсэн буддын гүн ухааны суурь ойлголт нь бясалгал хийхэд үндэс суурь болдог. Гэгээрэлд хүрэх нь бие махбодийн хүлээсэнд буй энгийн хүнд төсөөлөгдөхгүй гэж үздэг бөгөөд гэгээрсэн сэтгэлийг зүйрлэвэл бүртийх үүлгүй цэлмэг тэнгэр шиг, туйлаас амгалан тал шиг тийм хязгааргүй, тайван гэж номонд өгүүлсэн байдаг. Чухамдаа гэгээрсэн, сэтгэл оюуны маш өндөр түвшинд хүрсэн хүн нь энгийн хүний төсөөлөмгүй гайхамшигийг бүтээх чадвартай болдог аж. Үүнийг манай болон төвдийн олон лам, хутагтууудын тухай хүмүүсийн ам дамжсан ярианаас бид олонтаа сонссон. Гэгээрсэн хүн сэтгэлээ бүрэн удирдах чадвартай болохоос гадна өөрийн үхлийг хэзээ ирэхийг мэдэх, өмнөх болон хойд дүр буюу хэдэн үеийн амьдралаа харах, сэтгэлдээ юу хүснэ тэр нь бодсон даруйдаа биелэх зэрэг энгийн хүний хэмжээсээр таашгүй бурханлиг чадвартай болдог. Тэр байтугай хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн нөхцөлд хийг удирдан зохицуулах чадвартай болдог бөгөөд тийм хүний дээгүүр машин яваад өнгөрөхөд ч гэмтэж, үхэхгүй байж чаддаг аж. Эсвэл газраас хөндийрөх, өвчнийг эс мэдрэх гэх мэт. Мэдээж бясалгалын үр шим заримдаа маш ойрхон ирдэг бол зарим гайхамшигийг хүн олон жилээр дасгал хийж байж олж мэддэг. Тэгэхдээ энэ хүч чадлыг гагцхүү сайн үйлсэд зориулахын тулд ийнхүү лам нар сахил авч номын ёсонд суралцдаг билээ.

Миний бие Ричард Бахын “Жонатан Ливингстон нэртэй Цахлай” хэмээх шувууны тухай өгүүллэгийг бага байхдаа анх уншсан нь маш их сэтгэл хөдөлгөж билээ. Төгс төгөлдөр, эрх чөлөө, гэгээрэл, нигүүлсэл рүү тэмүүлэх, бурханлиг чанарт ойртох тухай цахлай шувууны жишээн дээр өгүүлсэн энэ бүтээл нэгэн үе барууны ертөнцөд маш их шуугиулж байжээ. Сэтгэлгээний эрх чөлөө, нислэгийн гайхамшигт чадварыг эзэмшсэн Жонатан цахлай хүний хамгийн эрхэм сайхан, ариун, чөлөөт бүхний билэгдэл болж чадсан юм. Ямарч залуу хүний зайлшгүй унших ёстой энэ зохиол буддын ухааны гэгээрэл, төгс төгөлдөрт хүрэх хувь хүн бүрийн замналын уран илэрхийлэл гэж боддог. Бурхны номонд бодь сэтгэл буюу хамаг амьтны тусыг бүтээгч сэтгэлийн түвшинд хүрсэн хүнийг бодьсадва хэмээдэг билээ.

Бясалгал нь юуны өмнө сэтгэлээ төвлөрүүлэх, юмс үзэгдлийн хоосон чанарыг ухаарах, сэтгэлээ ариусгах зэргээр тусгай арга бүхий бие сэтгэлийн цогц дасгал бөгөөд цаашилбал улам нарийн, бурханлиг мэдлэгийг олж авдаг. Хүн гэгээрэлд хүрэхэд нэг байтугай хэдэн насны амьдралд бясалгал хийж, зөв амьдрах шаардлагатай бөгөөд өмнөх насандаа олж авсан мэдлэгээ хойд насанд дахин төрөхдөө хадгалж үргэлжлүүлж (ой санамжаа авч үлдэж) чадах нь бас нэг гайхалтай чадвар аж. Бясалгалыг тайван орчинд, бие сэтгэлийн тэнцвэрийг хадгасан байдалтай, цэгц суух, амьсгагаа удаан авч гаргах зэргээр биений талаас анхаарах хэрэгтэй байдаг. Бясалгахдаа огт тодорхой зүйл дээр төвлөрөхгүйгээр, бодол санааг чөлөөтэй, аль нэгт нь авталгүй хийх, эсвэл тодорхой обьект, ямар нэг үнэр, дуу авиа, хэлбэр дүрс, цаашлаад сэтгэл хөдлөл, бодол санаан дээр тогтож тэдгээрийг микроскопоор харж байгаа мэтээр задлан шинжилж бясалгах, өөрийн муу бодол санаанаас ангижрах талаар басалгал хийх зэрэг аргууд байна. Бясалгалыг хуралд оролцохдоо, автобусаар эсвэл машинаар явахдаа гээд ямар ч үед хийж болох бөгөөд хамгийн чухал нь бясалгагч чөлөөтэй, өөртөө тохиромжтой тэр цаг үе, нөхцлийг сонгох явдал юм. Ингэхдээ заавал удаан үргэлжлүүлэхдээ чухал бус харин олон дахин, давтамжтай байх нь чухал гэдэг. Ямарч бясалгалын хийсэн түүний үр дүнд хүний сэтгэл нээлттэй болж, сэтгэл зөөлөрч, хүн өөрөө өөрийгөө таньж эхэлдэг. Хүн өөрийгөө танихын хирээр бусад хүн, амьд амьтныг танин мэдэж, өөртэйгөө адилхан зовлонг үл хүсч, жаргал руу тэмүүлдэг амьд бүхний хүсэл нэгэн ижил болохыг ухаарч, бусдыг энэрэх сэтгэл төрж эхэлдэг нь гарцаагүй гэж бясалгалын мастер Мингүр ринбүүчи айлджээ. Энэрэнгүй сэтгэл үүсэх нь юуны өмнө өөртөө сайн сайхныг хүсэх сэтгэлээс үүддэг аж. Бясалгал хийхэд өөрийгөө хайрлах сэтгэлээс бусдад мөн өөрийн адил зөвхөн сайн сайхныг хүсэх сэтгэл үүсдэг. Нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх бясалгалын дараагийн шат бол ямарч нөхцөл байдлаас үл хамааран хувиршгүй, үрийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвартай байдаг эхийн хайр шиг хайрыг бодож бясалгах явдал юм. Харин үүний дараа бодь сэтгэлийг үүсгэх бясалгал хийх бөгөөд энэ нь нэг талаас хамаг амьтны тусын тулд гэсэн тэр эрмэлзлэлийг өөртөө бий болгох, нөгөө талаас би хамаг хамаг амьтанд хэрхэн тус хүргэх вэ гэсэн бодолд сэтгэлээ төвлөрүүлэх юм. Ливингстон цахлайн тухай домог миний хувьд ингэж үргэлжилсэн билээ...

Аз жаргалыг сонгох нь

Мингүр ринбүүчи орчин үеийн мэдлэгтэй хүнд тохирсон арга хэлбэрээр буюу буддын ухааныг шинжлэх ухааны ололтуудтай холбон тайлбарласан нь бурханы сургааль ёсыг дагадаг монголчуудад зайлшгүй мэдэх шаардлагатай юм. Аливаа үйлдэл, амьдралын замнал философигүйгээр утга учиргүй бөгөөд сэтгэл оюунтай хүн болж төрсний хэрэг ямарч хүний хувьд гарах учиртай. Азаар бид эртний соёл түүхтэй, орчин үеийн шинжлэх ухаантай туйлаас нийлэмжтэй гүн ухаан, сургаал номтой улс юм.

Буддын гүн ухаан, үнэнийг танин мэдэхүй, зовлонгийн шалтгаан хийгээд түүнээс ангижрах арга зам, эцэст нь хэрхэн амгалан, жаргалтай амьдрах тухай бурхны ном нь өнөөгийн физик, тархи болон сэтгэл судлал зэрэг шинжлэх ухааны суурь хуулиудтай нийцэж, олон талаар нотлогдсоор байна. Хамгийн сүүлд гэхэд хүний аз жаргалын үзүүлэлт болох гамма долгион лам нарын тархинд маш өндөр түвшинд хүрдэг бас тэр нь удаан хадгалагддаг болохыг америкийн тархи судлаачид баталжээ. Хүн аз жаргалтай амьдрахын тулд юуны өмнө өөртэйгөө ажиллах чухал бөгөөд зовлонгийн шалтгааныг бясалгах тусам хүн өөрөөсөө эхлэн амгалан, жаргалтай, нээлттэй болж, амьдралаа шинэчлэн өөрчлөх боломж нээгдэнэ. Хүн амьдралаа богинохон харж, утга учиргүй, хий дэмий өнгөрүүлэх бус өөрийн хүнд заяасан сэтгэл оюун хэмээх гайхамшигийг ашиглан зөв зүйтэй утга төгөлдөр амьдрах хэрэгтэй. Ийнхүү өөрийгөө эерэг ухаан, мэдлэг, сэтгэлээр тэтгэснээр аз жаргалтай, эрүүл саруул амьдарна. Харин уур, тунхаг, айдас, омог дээрэнгүй нь хүнийг зовлонд унагаадаг төдийгүй янз бүрийн өвчин тусдаг нь нэгэнт тогтоогджээ. Түр зуурын аз жаргал нь ирж буцдаг, хувирамтгай, энгийн хүний амьдралд өдөр тутам тохиодог зүйл бол урт удаан, байнгын жаргал нь зовлонгийн шалтгааныг үндсээр нь арилгахаас эхэлдэг гэж Бурхан багш сургажээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: