Monday, December 22, 2008

Юу ч мэддэггүйгээ мэднэ


“Бид 4.5 тэрбум жил тохиолдлын атлаа удаан үргэлжилсэн биологийн хувьслын бүтээгдэхүүнүүд. Хувьсагч үйл явц зогссон гэж сэтгэх ямар ч шалтгаан энд үгүй. Хүн бол шилжилтийн амьтан. Тэр бол бүтээл туурвилын оргил цэг биш” хэмээн Карл Саганы хэлсэн үгээр энэ бичлэгийг эхэлж байна. Бид зогсолтгүй хөгжиж, хувьсаж байдаг. Хүний мэдлэг, оюуны хувьслын тасралтгүй, байнгын үргэлжлэх үйл явцыг орчлон ертөнцийн тухайд бидний хандаж ирсэн дараахь хэдхэн ойлголтоор тайлбарлаж болох юм.


Дэлхий хавтгай, өөрийн хаяа хязгаартай, захад нь хүрэхэд орчлон ертөнцийг ажиглах боломжтой, гэнэ алдаж доош унавал дэлхий дээр буцаж ирэх боломжгүйгээр тэр чигтээ алга болно гэсэн ойлголттой амьдарч байсан хүний түүхийн үе бий. Мэдээж өнөөдөр орчлон ертөнцийн тухай энэ ойлголт гэнэн томоогүй мэт санагдавч бүхнийг танин мэдэхийг хүсэгч, түүнд цаг ямагт тэмүүлэгч хүн гэгч амьтны хувьд тухайн үедээ боломжийн “логик” тодорхойлолт байсныг үгүйсгэхгүй.

Харин МЭӨ 300-аад онд эртний герегийн философич Аристотель дэлхий бөөрөнхий гэдэг нотолгоог үндэс болгожээ. Дэлхий саран дээр дугуй сүүдэр тусгаж байгааг ажигласан тэрээр дэлхий бөөрөнхий гэдэгт итгэсэн хэрэг. Үүнээс гадна бөөрөнхий болохыг нь батлах хэд хэдэн нотолгоо ч түүнд байсан аж. Энэ бол орчлон ертөнцийн тухай хүн төрөлтний үзэл сэтгэлгээнд гарсан эрс өөрчлөлт, u-turn байсан агаад орчин үеийн астрофизикийн салбар ухааны хөгжлийн эхлэлийг тавьсан гарамгай нээлт байсан юм. Гэвч Аристотель Нар болон бусад одод Дэлхийг тойрдог, Дэлхий бол хөдөлгөөнгүй, орчлон ертөнцийн төв гэсэн үзэл баримталж байсан нь МЭ 200 оныг хүртэл маргаантай хэдий ч нийтэд ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгдсөөр иржээ.

Энэ үед Птоломей Аристотелийн үзэл санааг хөгжүүлж, тухайн үед нээгдээд байсан нарны аймгийн 5 гаригийн хөдөлгөөнийг нарийвчлан тогтоосон хэдий ч эд бүгд дэлхийг тойрон хөдөлдөг гэсэн зөрүүтэй ойлголтоо баримталсаар байв. Аристотелийн анхлан хөгжүүлж, Птоломейн боловсронгуй болгосон “дэлхий төвт” үзэл бүр 1500-аад он хүртэл мөрдөгдсөөр ирсэн нь нэгэн бодлын хэтэрхий их цаг хугацаа алдсан юм шиг санагдана.1514 он. Польшийн гарамгай эрдэмтэн Николай Коперник орчлон ертөнцийн талаархи үзэл сэтгэлгээнд дахин нэг u-turn хийж, биднийг гэрэлтүүлэгч нар маань орчлон ертөнцийн төв болж хөдөлгөөнгүй оршдог, харин дэлхий болон бусад гаригууд түүнийг тойрон эргэдэг гэсэн “тэрсүүд” үзлээ ил болголоо. Гэсэн хэдий ч бурханлиг үзэл сэтгэлгээнд автаж, хэт мухар сүсэгжсэн дундад зууны үеийн сүм хийдийнхэн үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам, тэрс үзэлтэн, бурханд тэрслэгч хэмээн зүхэн доромжилж, даран гутаасан юм. Коперникийн дэвшүүлсэн үзэл санаа үнэхээр эрс өөрчлөлт байсан авч хүн төрөлтөн түүнийг нь бүрэн хүлээн зөвшөөрөх хүртэл чамгүй хугацаа зарцуулжээ.

Коперникийн дэвшүүлсэн үзэл баримтлалаас хойш бараг зуун жилийн дараа Галилео Галилей огторгуйн дуран зохион бүтээж, одот орчлонг шөнийн цагаар судлан харж, ажиглалт туршилтаа эрчимжүүлсний үндсэн дээр түүний үзэл санааг шинжлэх ухааны үүднээс баталгаажуулах бодитой алхмыг хийсэн билээ. Нарны аймгийн хамгийн том гариг болох Бархасвадийн дагуулууд түүнийг бас тойрон эргэж байгааг харсан тэрээр гаригуудын тойрог замын хөдөлгөөнийг үнэмшилтэйгээр нотолж чаджээ. Дараахан нь Йоганн Кеплер гаригууд нарыг зүгээр ч нэг тойрдоггүй, тэдний тойрог зам нь зууван хэлбэртэй хэмээн мэтгэсэн нь тухайн үед бас л шуугиан тарив. Хүн төрөлтний үзэл сэтгэлгээний цар хүрээ нарны аймаг дотроо эргэлдсээр л... Гэхдээ Коперник, Галилей, Кеплерын загварууд нь орчлон ертөнц хаяа хязгаартай гэсэн анхдагч ойлголтыг тэр чигээр нь өөрчилсөн юм.

Түүнээс хойш хэсэг хугацааны дараа 1687 онд суут эрдэмтэн Исаак Ньютон астрономи, астрофизикийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, орон зай, цаг хугацаанд биес хэрхэн хөдөлдгийг тайлбарласан Principia matematica номоо хэвлүүлсэн нь үнэхээр цагаа олсон үйл явдал болсон байна. Орчлон ертөнцийн хөдөлгөөний тухай хууль, Таталцлын хуулиудыг нээж дэлхий болон бусад гаригууд нарыг тойрон эргэдэг гэдгийг шуудхан нотлон харуулснаас гадна эдгээр нь байнгын хөдөлгөөнд оршдог гэдгийг баталснаараа Нар хөдөлгөөнгүй оршин байдаг гэсэн үзлийг тас цохиж, улмаар одот огторгуйн бүх бүх биет өөрийн гэсэн хөдөлгөөнтэй гэдгийг хүн төрөлтөнд ойлгуулснаараа дахин нэг u-turn хийв.

Мөнхийн хөдөлгөөнт орчлон ертөнцийн талаархи Ньютоны нээлт өнөөдөр астрофизикийн салбарын гол асуудал хэвээр байна. Орчлон ертөнц байнгын хөдөлгөөнд оршиж байдаг юм бол хөдөлгөөний эхлэл хаанаас улбаатай вэ? гэсэн философи асуулт энэ мөчөөс тавигдсан бөгөөд 1929 онд Эдвин Хаббл гайхалтай нэгэн нээлтээ хийсэн юм. Хаашаа ч харсан орчлон ертөнц хаяа хязгааргүй огторгуйн гүн рүү улам тэлж, задарч байна гэсэн тайлбарыг тэр дэвшүүлжээ. Хүн төрөлтөн зах хязгааргүй хэмжээст ертөнцөд өөрийн гэсэн хөдөлгөөнтэй сая живаа одод, гаригуудтай нэгэн адил тэнхлэгээ тойрон эргэдэг хөдөлгөөнт гариг дээр амьдарч байгаа гэдэг үзэл сэтгэлгээ дахиад л эрс өөрчлөлттэй тулгарах нь тэр ээ... Одот ертөнц өөрийн тойрог замын хөдөлгөөнтэйгээс гадна бусдаас шалтгаалах бас нэгэн хөдөлгөөнд оршдог байх нь. Нэгэнт хязгааргүй огторгуйн дунд оршин буй одот ертөнцийг хаа нэг газар луу тэлж байгааг яаж мэдээ вэ?, Энэ чинь утгагүй юм биш үү? гэж асууж болох. Бид хаана байгаагаа мэдэхгүй байгаа ч бидэнтэй хамт байгаа одот ертөнц биднээс холдон одож байгааг, манай одот ертөнц буюу галактик маань бас нэгэн одот ертөнцөөс зайны хувьд холдож байгааг Эдвин Хаббл ажигласан байна. Бид одоогоор энэ ойлголтыг Big bang theory хэмээн нэрийдэж буй.

Big bang theory-ыг цухас тайлбарлавал орчлон ертөнц эхэндээ нэгэн цул үл тодорхойлогдох биет байжээ. Энэ биет бас ямар нэгэн тодорхойгүй шалтгааны улмаас тэсрэн задарсан бөгөөд өнөөгийн бидний харж буй үй түмэн галактик, одот ертөнцийн цуглуулгыг бий болгожээ. Одон орончид, судлаачид энэхүү тэсрэлтээс өмнө юу болсныг тайлж чадаагүй л байна. Чадах ч үгүй биз. Орчин цагийн шилдэг астраномич Стефен Хокинг үүнийг “Тэсрэлтийн үеэс өмнө ямар нэгэн үйл явдал болсон бол тэр нь одоо болж буй үйл явдалд огтхон ч нөлөөлж чадахгүй. Учир нь ажиглагдах үр дагавар бидэнд харагдахгүй байна” гэсэн байдаг. Мэдээж тэсрэлтээс өмнө юу болоод өнгөрснийг тэсэрч буй одот ертөнцийн хэдэн зуун мянган сая /хэдэн зуун тэрбум/ галактикийн доторхи нэгэн галактикт, тэрхүү нэгэн галактикийн доторхи бас л хэдэн зуун мянган сая /хэдэн зуун тэрбум/ оддын нэг нарны аймаг дахь нэгэн гариг дээр хоног төөрүүлэн буй хүн төрөлтөн танин мэдэхэд нилээд хугацаа шаардлагатай бизээ. Манай галактик цорын ганц биш гэдгийг нээсэн нь саяхан ажээ. Эрдэмтэд астраномийн шинжлэх ухаанд ахин нэг эрс өөрчлөлтийг хийсэн нь энэ. Бид тэлж буй орчлон ертөнц дотор, хаа нэгтээ амьдарч байна.Ямар нэгэн тодорхойгүй учир шалтгааны улмаас тэсрэн задарсан одот ертөнцийн энэ үйл явцад төгсгөл бий юу гэдгийг танин мэдэх гэсэн эрэл хайгуулын үр дүнд бас нэгэн гайхалтай нээлтийг хийж чаджээ. 1969 онд АНУ-ын эрдэмтэн Жон Уилер black hole хэмээх хачирхалтай нэр томьёог гарган илэрхийлэв. Хар нүхний тухай ойлголт бид бүхнийг дахиад л Исаак Ньютон дээр хөтлөн аваачина. Том хэмжээтэй, масс ихтэй од нь гэрлийн цацраг тухайн одноосоо ч гарч чадахгүй хэмжээний тийм их таталцлын оронтой байдгийг тогтоосон байна. Шөнийн тэнгэрт цацран буй олон оддын гэрлийг бид харж чаддаг бол, гэрэл нь бидэн дээр хэзээ ч ирэх боломжгүй тийм их таталцлын оронтой од бас байдаг ажээ. Модноос зүүгдсэн алим таталцлын хуулийн дагуу хажуу тийшээ биш эгц доошоо унадагтай нэгэн адил гэрэл ч бас тэрхүү одноосоо гарч чадалгүй үлддэг. Ийм хүчирхэг од хэд ч байж болно. Гэрэл нь бидэнд ирэхгүй хэдий ч түүний таталцлын хүчийг бид мэдэрдэг байх нь. Ийм харанхуй одыг хар нүх хэмээн нэрийддэг. Зөвхөн манай галактикт л гэхэд зуун тэрбум хол давсан хар нүх байгааг эрдэмтэд тооцоолжээ. Өөрөөр хэлбэл бусдыг өөртөө татагч хар нүх манай галактикийн оддын тооноос ч олон байдаг гэсэн үг. Орчлон ертөнцийн эхлэлийг мэдэж чадаагүй хүмүүс өөрсдийн төгсгөлийг, ер нь юм бүгдийн төгсгөлийг тооцоолох гэж толгойгоо гашилгаж байна. Цаг хугацаа өөрийн төгсгөлийг хар нүхний нэгээхэн хязгаарт олно гэсэн дүгнэлтийг Эйнштейны харьцангуйн ерөнхий онолын тусламжтай хийсэн байна. Тийм нүх рүү унасан аливаа бодис мөхөх болно. Нар бөхөж white dwarf буюу цагаан одой од болон хувирах үед Дэлхий дээрхи амьдрал дуусгавар болно гэдгийг бид мэддэг хэдий ч хар нүхний гайгаар Дэлхий битгий хэл бүхэл бүтэн галактикийн оршихуй дуусгавар болж ч болохыг сонсоход аймшигтай. Энэ нь зөвхөн бидний хувьд төгсгөл байхаас бус хязгааргүй их орчлон ертөнцийн хувьд эхлэл төдий ч байж болох юм. Учир нь бид бүхэн цаг хугацааны эхлэл, төгсгөлийг өөрсдийнхөөрөө тайлбарладаг боловч, одот ертөнцийн хувьд цаг хугацаа яригдах ёстой юу гэдэг нь тайлагдашгүй хэвээр байна.


Дэлхийг ертөнцийн төв гэж үздэг байсан гэнэн хэрнээ бардам үзлээс агуу уудам орчлон ертөнцийн дунд бид бол өчүүхэн тоос төдий юм гэдгээ ойлгодог үзэл рүү шилжих, түүнийг танин мэдэх хүртэл хүн төрөлтөн чамгүй хугацаа зарцуулжээ. Хүн хувьсагч амьтан учраас цаг өнгөрөх тусам улам ихийг танин мэдэж чаддаг нь гайхалтай. Бид танин мэдэх ёстой бүхнээ танин мэдэж чадаагүй байна. Харин цаг хугацаа өнгөрч, орчлон ертөнцийн нууцыг тайлах тусам бид хэн ч биш гэдгээ ойлгох вий дээ.

2 comments:

dechmaa said...

Oh my gosh.... What a strange.... what a interesting.... Thank you.... Ingeed helnii medleg duusav hehe... Ih sonirholtoi yumaa. Bayarlalaa.. Herev bolomjtoi bol eh survaljaa haanaas avsaniigaa heleed uguurei za....

dechmaa said...

2008 onii medeeg bi odoo l unshih gej.... Han. Guie mun hotsorch yavnaa te.... Hmmmm...........

: