Friday, May 2, 2008

НЭГЭН ШҮЛГИЙН ЗУРГААН ОРЧУУЛГА

М. Саруул-Эрдэнэ

Гэвч хэцүү байдаг гээд орчуулахгүй байна гэвэл бүр утгагүй. Урлагийг бүтээгчээр өөрөөр нь тайлбарлуулах бус, хүлээн авагчид өөрсдөө хэрхэн ойлгох нь чухал гэж үзэж буй өнөө үед нэг зохиолыг өөр өөрөөр орчуулсан жишээ тухайн найрагчийг илүүтэй нээнэ хэмээн бодно. Сунжирсан энэ яриагаа бодот жишээгээр тайлбарлахыг оролдсу. Оросын яруу найргийн мөнгөн үеийн гол төлөөлөгч болох, Монгол удмын Анна Ахматовагийн “Последний тост” хэмээх жижиг шүлэг дэлхийн олон хэлнээ олон хувилбараар орчуулагдсан. Тэр бүхнээс 3 монгол, 3 англи орчуулгыг сонгов.


ПОСЛЕДНИЙ ТОСТ

Я пью за разоренный дом,
За злую жизнь мою,
За одиночество вдвоем,
И за тебя я пью,—
За ложь меня предавших губ,
За мертвый холод глаз,
За то, что мир жесток и груб,
За то, что Бог не спас.

27 июня 1934, Шереметьевский Дом


М. Саранцэцэгийн орчуулга

Ханхайж хоосорсон гэрийнхээ төлөө
Хатуу ширүүн амьдралынхаа төлөө
Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө
Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна
Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө
Хайргүй хүйтэн харцны чинь төлөө
Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө
Аз жаргалыг бурхан хайрлаагүйн төлөө
Би ууж байна.


Л.Дашнямын орчуулга:

Хоосорч хонхийсон орон гэрийнхээ төлөө,
Хорлонт зуунги амьдралын минь төлөө,
Хоёулаа суугаа хэрнээ ганцаардахын төлөө,
Хонгор минь чинийхээ төлөө энэ хундагыг өргөе өө.
Надаас урвасан хуурамч уруулын чинь төлөө,
Нас нь цөглөсөн хүйтэн харцны чинь төлөө,
Бурангуй бөгөөд хатуухан хорвоогийн төлөө,
Бурхан биднийг авраагүйн төлөө энэ хундагыг тогтооцгооё оо.


Д.Урианхайн орчуулга:

Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.


Translated by Eric Gillan

I raise my glass
To ravaged home,
My bitter life,
And lonely days with you.
I drink to you,
To lying lips' betrayal,
To deathly frigid eyes;
To that the world is cruel and crude,
To that we weren't saved by God.


Translated by Yevgeny Bonver, November, 2000

Edited by Dmitry Karshtedt, February, 2001
I drink to home, that is lost,
To evil life of mine,
To loneness in which we’re both,
And to your future, fine, --
To lips by which I was betrayed,
To eyes that deathly cold,
To that the world is bad and that
We were not saved by God.


Translated by Judith Hemschemeyer

I drink to the ruined house,
To the evil of my life,
To our shared loneliness
And I drink to you--
To the lie of lips that betrayed me,
To the deadly coldness of the eyes,
To the fact that the world is cruel and depraved,
To the fact that God did not save.


Найргийг мөр мөрөөр нь задлан орчуулгатай нь харьцуулбал:

1. Я пью…
Орос, англи зэрэг Энэдхэг-Европын хэлний онцлог ёсоор үйлийн эзэн, үйл үг хоёр нь өгүүлбэрийнхээ эхэнд байна. Тиймээс “ууж” байгааг нь уншигч шууд эхлэн мэдээд дараа нь юуны төлөө гэдгийг нь үргэлжлүүлэн сонсоно. Харин Монгол хэлний өгүүлбэрийн бүтцэд үйл үг нь хамгийн ардаа байдаг учир юуны төлөө гэдгийг нь хэлж явсаар өргөлтөт цохилт буюу хамгийн чухал үг нь эцэстээ нухацтайхан орж ирж байна. “Я пью” гэснийг Л. Дашням “өргөе, тогтооцгооё”, Д.Урианхай “хөнтөрье”, Эрик Гиллан “I raise” хэмээн орчуулсан нь шүлгийн нэр өөрөө “тост” гэж буйг илүүтэй анхаарсан байна. М.Саранцэцэг “Би ууж байна”, Е.Бонвер, Ж.Хэмшемейэр нар “I drink” хэмээн буулгасан нь шалтгаан – үр дагаврын дарааллыг илүүтэй баримталсан, өөрөөр хэлбэл ингэхийн төлөө бус, ийм болсны учир “ууж байна” гэсэн санааг гаргажээ.

2. За разоренный дом
Энэ мөр дэх хамгийн чухал үг бол “разоренный”. Разорить хэмээх үйл үгийн тэмдэг нэр нь болох энэ үг “хоосорсон, сүйрсэн” гэсэн үндсэн утгыг илтгэнэ. М.Саранцэцэг “ханхайж хоосорсон”, Л.Дашням “хоосорч хонхийсон” гэж орчуулсан нь бараг ялгаагүй бол Д.Урианхай “байдгаа тонуулсан” хэмээсэн нь нэлээд “хүч нэмсэн” орчуулга болжээ. Англи орчуулгын хувьд “ravaged, ruined” гэсэн хоёр нь “сүйрсэн” хэмээх үндсэн утгаа хадгалсан бол Е.Бонвер “lost” буюу “алдагдсан, хаягдсан” гэсэн утгаар ойлгосон байна. Айл гэр “хаягдсан” тохиолдолд “сүйрнэ” гэсэн утгыг авахын зэрэгцээ “lost”-оор гуравдахь мөрний “both” гэсэн үгтэй сүүл холбохыг хичээсэн нь илт.

3. За злую жизнь мою
Энэ мөрийг тодорхойлогч үг нь “злой”. Үгчилбэл “зовлонт” гэж буух энэ үгийг Монгол орчуулагчид толгой холбох үүднээс “хатуу ширүүн”, “хорлонт зуунги”, “бачим хохь” зэргээр буулгажээ. Англиар “evil” гэж шууд орчуулснаас гадна “bitter – гашуун” гэж бас утгачилжээ. “Жизнь мою” гэсэн хэллэгийг М.Саранцэцэг “амьдралынхаа”, Д.Урианхай “амьдралдаа” хэмээн “моя” гэсэн үгийг нь Монгол хэлний онцлогт тохируулан эзэнд хамаатуулах “–аа” нөхцөлөөр илэрхийлсэн бол Дашням “амьдралын минь төлөө” хэмээн хэлбэрчлэн буулгасан нь хэлзүйн талаасаа сонирхолтой байна.

4. За одиночество вдвоем
Зөвхөн энэ шүлэг дотроо төдийгүй яруу найргийн түүхэн дэх нэгэн өвөрмөц, гайхамшигтай хэллэг бол энэ билээ. Одиночество – “ганцаардал”, вдвоем –“хоёулаа, хамтдаа” гэсэн энэ хоёр үг тус тусдаа бараг л хайрын шүлэг болгонд байдаг ч Аннагийн “хамтдаа байтлаа ганцаардаж” буй нь үнэхээр гунигтай. Цор ганцаараа хаягдан ганцаардахаас хоёулаа байсаар байж ганцаардах нь хавьгүй уйтай. Тэрийг нь ч орчуулагч нар сайн мэдэрч “Хоёулаа МӨРТЛӨӨ”, “хоёулаа суугаа ХЭРНЭЭ” “хоёулаа суугаа Ч” хэмээн буулгажээ. Англи орчуулгуудаас миний хувьд хамгийн зөв мэдэрсэн нь Эрик Гиллан (lonely days with you) хэмээн үзэж байна. Ж.Хэмшемейэрийн “shared loneliness” гэсэн орчуулга хоёулаа байтлаа ганцаардах гэсэн эсрэг тэсрэг утгыг гаргахаасаа илүү “ганцаардлаа хуваалцах” гэсэн эерэг санааг илтгэх мэт.

5. И за тебя я пью
Хэн ч орчуулчихмаар харагдах энэ жижиг өгүүлбэр дэх И гэсэн холбох үг үнэндээ нэн чухал үүрэгтэй. Өмнө “үгүйрсэн гэр”, “зовлонт амьдрал”, “хамтын ганцаардлын” төлөө хундага өргөхөө хэлэхдээ энэ гурвыг нэг багц болгон тоочсон бөгөөд чиний төлөө бас ууя гэдгээ салангидаар авч үзсэн тул дунд нь И гэсэн холбоц хэрэглэсэн байна. Нөгөө талаар дан сөрөг ойлголтуудыг дурдаж байгаад, өөрөөр хэлбэл бүх буруу ойлголт “чи”-д тохоогдох тэр үед, гэнэт чиний төлөө бас тулгаж байна гэдэг нь хэлний зүгээс бол утгын эргэлт, уран сайхны талаасаа уужуу гэгээн сэтгэл юм. Дашрамд дурдахад найрагч Өлзийтөгсийн нэг шүлгэнд “Мартаж чадсаны чинь төлөөЧамайг би хагацан уучилжМагад жаргалын чинь төлөө хундага өргөнө өөЧи дурсана гэж бүү ай” гэдэг.Тэр И гэсэн холбоцын утга үүргийг анзаарсан орчуулга бол Саранцэцэгийн “Хонгор чинийхээ Ч төлөө”, Е.Бонверийн “AND to your future” болж чаджээ.

6. За ложь меня предавших губ
“Хайхралгүй хуурсан уруул”, “надаас урвасан хуурамч уруул” гэсэн орчуулгууд адил санаатай байгаа бол Урианхай “Хонзогнож үнссэн уруул” хэмээн урьдын адил нэлээд хатуу үг хэрэглэсэн байна. Мөн “МЭХлэгдсэний учир” гэсэн үг дотор Ахматовагийн “ложь” гэсэн үг харагдаж байгаа бөгөөд эхний 2 орчуулгад тэр үг үгүй.

7. За мертвый холод глаз
“Үхмэл хүйтэн харц” гэж үгчлэн орчуулж болох энэ хэлцийг орчуулагч бүр өөр өөрөөр мэдэрчээ. “Хайргүй хүйтэн харц, Нас нь цөглөсөн хүйтэн харц, Хохимой хүйтэн харц” гэсэн гурван орчуулгыг харахад “нас нь цөглөх” гэдэг нь шууд, “хохимой” гэдэг нь шууд бусаар мертвый-үхмэл гэсэн санааг хадгалсан бол М.Саранцэцэг "үхмэл" гэсэн үгийг харцтай холбохдоо “Хайргүй хүйтэн харц” хэмээн утгачилсан байна. Харин англи орчуулагчид шууд үгчлэн deathly cold/frigid хэмээн буулгажээ.

8. За то, что мир жесток и груб
Мир нь “хорвоо” болон “амьдрал” болсон, жесток и груб нь “дэндүү энэрэлгүй”, “бурангуй бөгөөд хатуухан”, “хахир агаад гүжир” болсон нь ямар үгтэй толгой холбосноосоо шалтгаалсан хувилбарууд боловч бүгд Ахматовагийн санааг гаргаж чадсан байна.

9. За то, что Бог не спас
Англи, монгол орчуулгууд бүгд “Бурхан авраагүй учир” гэж шууд буулгасан байхад М.Саранцэцэгийн орчуулганд “Аз жаргалыг Бурхан ХАЙРЛААГҮЙн төлөө” хэмээсэн нь үгийн өвөрмөц сонголт болжээ. Мөн Урианхай гуайн орчуулган дахь “Үнэнээ хэлэхэд үүрд чамайг дурсахын учир” “Үгээ барж…” гэх мэт үгс нь уг эхдээ байхгүй, орчуулагчийн нэмэлт болно. Өөрөөр хэлбэл орчуулагч энэ шүлгийг уншаад далд санааг нь тийн мэдэрсэн гэсэн үг. Үнэн хэрэгтээ Ахматова тэгж хэлэх гээгүй ч байж болно. Орчуулагч энэ тал дээр “давуу эрхтэй” байгаа хэрэг.

Наймхан мөр жижиг шүлгийн хэлний ертөнцөөр аялахад ийм байна. Ахматовагийн шүлгийн Монгол орчуулгаас Ахматова, Урианхай хоёр хоёулаа “үнэртээд” байгаа нь яруу найргийн орчуулгын онцлог билээ. Ганцхан зүйлийг нэмж өгүүлэхэд найргийн орчуулга гэдэг орчуулагчаас хэлний мэдлэг, шүлгийн сэтгэлгээ, ур ухаан, сэтгэл зүрх шаардах ажил бөлгөө.

5 comments:

S said...

Үнэхээр гоё пост байна

Ganbold D.D said...

Хүсэмгүй гээдсэн хорсолт уруулд чинь
Хүйтэн зэвэргэн үхлийн харцанд чинь
Хатуу хорвоогийн эндүүрэгдсэн ерөөлд
Хайхарч үзээгүй бурхан заяандаа

Би ууж байна эзгүйрсэн гэртээ
Бүтэлгүй өөрийнхөө амьдралын учирт
Бид мөртлөө ганцаараа гээд
Би чинийхээ төлөө бүхнийг ууя.

Ganbold D.D said...
This comment has been removed by the author.
Ganbold D.D said...
This comment has been removed by the author.
Ganbold D.D said...

Монголчууд ууж идэх, унтаж сэрэх гэхчлэн ерөнхий атлаа тодорхой ярьдаг шиг оросуудын уух, тогтоох, өргөх, тулгах, хөнтрөх зэрэг нь олон зүйлийг төлөөлөх нэг үйлдэл тул уг санааг гаргаж хөрвүүлэхийг оролдов. Чингэхдээ монгол сэтгэхүйг онцлон харуулж, орос барууны хэллэгээс ихэнхдээ тонгорч ярьж бичиж өгүүлдэгийг нь харуулахыг зорьлоо.
Зохиогчийн эчнээ бодлыг өөрийнхөөрөө тэмтэрч УУХыг чухалчилан тодруулж юуг ч " амьдралыг, архийг, итгэлийг, хайрыг, өөрийгөө ч" ууж уулгаж болох тухайд нь хэлэхийг хичээлээ.
Ууж сөгнөх, элэгдэж дуусах тавиланг "ТОСТ-хүүршил" хэмээн нэршүүлээ болуу гэж таамаглаад /Цөхрөлт хүүршил/ гэж гарчигламаар санагдсаан.
Алдаа эндэл буй аваас өршөөн хэлтрүүлэгтий нөхөд мээн кк.

: